Эдийн засаг


Газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг 1 тэрбум 236 сая ам.доллар байхаар тооцжээ

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

 Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11 цаг 46 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 

    Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 


    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хооронд байгуулсан 1 тэрбум ам.долларын зээлийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Төслийн зөвлөх компаниар шалгарсан Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Инженерс Индиа Лимитед” компанийн боловсруулсан техник-эдийн засгийн үндэслэлээр (ТЭЗҮ) газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг нийт 1 тэрбум 236 сая ам.доллар байхаар тооцоо гарсан байна. Үүнтэй холбогдуулан тус үйлдвэрт нэмэлтээр шаардлагатай 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар Энэтхэгийн талтай тохироод байгааг тэрбээр танилцуулгадаа дурдав. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банкны дээрх зээл нь 20 жилийн хугацаатай бөгөөд зээлийн үндсэн төлбөрөөс 5 жил чөлөөлөгдөх юм байна. Зээлийн хүү жилд 1.75 хувь бол зээлийн хөнгөлөлтийн түвшин 29.44 хувьтай аж. 

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва, Л.Болд, Х.Болорчулуун нар асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм. Нэмэлтээр шаардлагатай 236 сая ам.долларын зарцуулалтын талаарх тодруулахад анх төслийг хэрэгжүүлэхээр ТЭЗҮ боловсруулах үед Монгол Улсын 19, 21 дүгээр талбайгаас олборлож буй газрын тосны шинж чанарт тулгуурлсан технологи бүхий боловсруулах үйлдвэр байгуулах уу, эсвэл олон шинж чанар бүхий газрын тосыг боловсруулах технологитой үйлдвэр байгуулах уу гэдэг шийдлийг гаргах шаардлагатай байсан. Ингээд үйлдвэрийн технологийн горимд өөрчлөлт оруулж, ус төрөгчийн аргаар задладаг технологийг нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн учраас дээрх хэмжээний нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Б.Анхбаяр тайлбар хийлээ. Төсөл дэх Монголын талын оролцооны талаар Д.Тэрбишдагва гишүүн тодруулахад зээлийн нөхцөлд нийт өртгийн 65 хувийг Энэтхэг Улсын талаас авах бараа, ажил үйлчилгээнд зарцуулах зохицуулалттай бөгөөд үлдсэн 35 хувийг Монгол Улсын талаас нийлүүлэх бараа, ажил үйлчилгээнд зарцуулахаар судалгаа хийж, бэлтгэл хангаж ажиллаж байна гэлээ. 

    Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн төсөвт өртөг нэмэгддэг байдалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа Л.Энх-Амгалан гишүүн сануулаад, анхны ТЭЗҮ-д хяналт хийсэн эсэх, нэмэлт санхүүжилтэд хяналт хийсэн эсэхийг лавлаж байв. Цаашид төслийн өртөг нэмэгдэхгүй, нийт 1.2 ам.доллароор газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулах баталгаа шаардлагатай гэдгийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад анхааруулсан. Зөвхөн үйлдвэр барих өртөг дээрх хэмжээнд яригдаж байгаа бол түүхий эд татах, тээвэрлэх асуудлыг хэрхэн шийдвэрлсэн талаар тодруулж хариулт авсан. 


    Үргэлжлүүлэн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва төслийн дэд бүтцийн асуудал, үйлдвэрийн үр ашгийн талаарх тооцооллыг тодорхой болгох шаардлагын талаар байр сууриа илэрхийлж, дотоодын мэргэжилтнүүдийн судалгаа, тооцооллыг ашиглах саналыг гаргаж байв. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд энэ төрлийн бүтээн байгуулалтын ажил яригдсаар, жил бүрийн төсөв дээр тодорхой хөрөнгө суулгасаар ирсэн ч үр дүнгүй өнөөдрийг хүрсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг сануулаад, энэ удаагийн төсөл үр ашиггүй, бодит бүтээн байгуулалт хийгдэлгүй өнгөрөх вий гэдэг болгоомжлол төрж буйгаа хэлсэн. Ж.Бат-Эрдэнэ гишүүн зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн өртөг нэмэгддэг байдлыг шүүмжлээд, нэмэлт санхүүжилтийн талаарх тооцоолол дутуу байна хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн санхүүжилт дахин нэмэгдэх эрсдэл бий эсэхийг лавлаж байсан юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Л.Болд нар төслийг зөвшилцөхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 


    Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн уг төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

    Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын 57.985 сая еврогийн зээлийн  хүрээнд хэрэгжүүлэхээр Францын талтай тохироод байгаа аж.  Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн нөхцөл нь нийт хугацаа 30 жил, жилийн хүү 0.08 хувь, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь болохыг тэрбээр танилцуулгадаа дурдсан. 

    Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Зээлийн хүрээнд нийлүүлэгдэх тоног, төхөөрөмжийн ашиглалтын талаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг тодруулав. Төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжих юм байна. Нисдэг тэргэний нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх сонгон шалгаруулалтын хугацаа товлогдсон, үүний дараа стандарт сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах аж. Тоног төхөөрөмжийн нийлүүлэлттэй холбогдуулан 44 ажлын байр нэмэгдэх тооцоолол гаргасан бөгөөд холбогдох байгууллагуудад мэдээллийг хүргүүлсэн байгаа гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, ОБЕГ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлого чиглэлийн талаар тодруулж хариулт авав. Мөн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, санал хэлсэн. 


    Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн юм. Иймд санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.