2019,9-Р Сар,20


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Газар дээрээс нь


Байгаль орчны яамны нээлттэй өдөрлөгөөс онцлох нь

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын Засгийн газрын ажлыг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгүүд  9-р сарын 16-27 өдрийн хооронд зохион байгуулагдаж байгаа билээ. Уг өдөрлөгийн хүрээнд Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр БОАЖЯ-ын бүтээн байгуулах томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх арга хэмжээг зохион байгуулж байна.




Нээлт


Өдөрлөгийг нээж БОАЖЯ сайд Н. Цэрэнбат: Засгийн газраас Нийслэлийн утааны эсрэг богино хугацаанд бодит үр дүнд хүргэхийн тулд 165 мянган сайжруулсан түлш бэлтгэн нийлүүлсэн. Төр, иргэнд хамтдаа утааны эсрэг хамтын ажиллагааг сайжруулахын тулд сургалт, сурталчилгааны ажилтануудыг гарган ажилласан. Мөн айл өрх бүр гэртээ ‘’экологич’’той болгохын тулд ‘’Ногоон паспорт’’ аяныг хэрэгжүүлэн өсвөрийн үеийн ‘’экологич’’ нарыг байгаль экологийн тухай  зөв мэдлэгтэй болж байна хэмээн онцоллоо.




Бид аялаж явахдаа хогоо ил хаядаг багассан


БОАЖЯ-ын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц. Гэрэлсайхан:  Хог хаягдлын асуудал дан ганц аялал жуулчлал гэлтгүй БОАЖ яамны хүрээнд яригдах асуудал. Бодлого зохицуулалтын газраас хог хаягдлын эсрэг жишиг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Жишээлбэл хорин нэгэн аймагт байгаль орчны газруудаар дамжуулан хог хаягдлын эсрэг арга хэмжээ доривтой арга хэмжээг авч ажилсаар байна. Мөн ‘’Ногоон паспорт’’ аяны хүрээнд иргэдэд таниулан сурталчлах арга маань маш сайн нөлөөлж сүүлийн жилүүдэд хог хаягдлыг ил задгай хаях   нь багасаж байна. 


 

Усны ерөнхий шинжилгээ үнэгүй


 Төрийн өмчит үйлдвэрийн газрын хүний нөөцийн хэлтэсийн дарга Г.Ганболд: Монгол улсын төрийн өмчит үйлдвэрийн газар усны нөөцийн зүй зохистой ашиглалт, хамгаалах, усны чанарыг шинжлэх усны хайгуул судалгаа хийх үүргийг гүйцэтгэдэг төрийн өмчийн үйлдвэрийн газар. Манай үйлдвэрийн газрын харьяанд ‘’Усны төв лаборатори’’ ажиллаж байна. Энд иргэд маань усныхаа дээжийг авчран усны хий, металлын шинжилгээг нэгэн зэрэг хийж усны 79% -ийн үзүүлэлтийг шинжилдэг тоног төхөөрөмжөөр шинжилдэг. Өнөөдөр нээлттэй өдөрлөгийн хүрээнд усны ерөнхий шинжилгээг хийж газар дээр нь хариуг нь гаргаж иргэд байгууллагуудад  үнэ төлбөргүй хийж үйлчилж байна.




Жинхэнэ макет гэж ийм л байдаг даа


Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж буй хэсэгт шинээр барих барилгуудаас гадна дээрх гурван барилгын макетыг байрлуулжээ. Энэ үеэр УДЭТ, ДБЭТ, Үндэсний номын сангийн ажилтнууд барилгыг буулгаад дахин барих асуудал яригдаж байгаа талаар тайлбар өгч байв.


УДЭТ-ийн Ерөнхий зураач Т.Ганхуяг "1960 онд ашиглалтад орсон манай барилгын дээврийг 2015 онд засварласан. Дусаал дусаж шүүрсэн дээврийг засварлах ажил маш хүнд нөхцөлд хийгдсэн. Үүний дараа 2018 онд барилгын хананд тогтоосон байсан зурагнууд хөдөлж, суурийн хэсэгт цууралт үүссэн. Ингээд шалтгааныг тодруулахад тэр өдөр нь газар хөдлөлт болсон байна гэх мэдээллийг бидэнд өгсөн. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж, цууралт өгсөн суурийн хэсэгт шинжилгээ хийлгэхэд газар хөдлөлтийн 4 баллд шууд нурна, барилгын 60 хувь галд өртөмтгий гэх мэт мэдээллийг багтаасан тайлан гаргаж өгөөд байна. Тиймээс уг барилгыг буулгаад дахин барих нь зөв гэж бодож байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг яам, Засгийн газраас гаргана" гэлээ.


ДБЭТ-ын Захирал Ц.Төвшинтөгс "1949 онд барилгын ажил дуусаж, 1950 онд ашиглалтад орсон манай театрын хувьд хана цуурсан байдалтай байгаа. Гадны томоохон уран бүтээлчдийг урьж тоглуулах, шинэ тоног төхөөрөмж суурилуулах гэхээр зай талбай бага, тааз даахгүй зэрэг хүндрэл гардаг. Тиймээс буулгаад дахин барих асуудлыг хувьдаа дэмжиж байна.


Барилгыг буулгаад дахин шинээр барих уу, хүчитгэн засварлах боломжтой юу гэдгийг зураг төсөл боловсруулж байгаа мэргэжлийн хүмүүс хэлэх байх. Манай хамт олны хувьд гарсан шийдвэрийг л дагана” хэмээн ярилаа.




Зургийн үзэсгэлэн


Мөнгөн усны тухай иргэд сонсож байснаас тэр бүр мэддэггүй. Тэгвэл энэхүү үйл ажиллагаанд мөнгөн усны хор хөнөөл ямар аймшигтай вэ гэдгийг хэлэх бус фото зургаар ‘’Мөнгөн усны чимээгүй аюул, минамата конвенц 2018’’ гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан байсан нь сэтгэлд хоногшиж байлаа.




Өдөрлөгт хүүхэд харах үйлчилгээ  үзүүлэх  бяцхан булан хүртэл байсан нь ирсэн иргэдэд таалагдаж байлаа.


Б.Уянга






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.