TIMES Ярилцлага


Ц.Гарамжав: Монголбанкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй, харин ч ашиг олоход нь тусалж байсан

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Таныг эрсдэлийн сангаар зээлээ төлүүлсэн гэх асуудал сөхөгдлөө. Өмнө нь яригдаж байсан. Энэ мэдээлэл бодит уу. Монголбанкнаас хэзээ авсан зээл юм бэ?


-Манайх хэзээ ч Монголбанкнаас зээл авч байгаагүй юм. 2000 оны үеэр  Монгол Улсад “Алт” хөтөлбөр хэрэгжиж байлаа. Тухайн үед Монголбанк уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай “Металл арилжааны гэрээ”-г байгуулж, олон улсын зах зээл дээр металл арилжих, үнийн ирээдүйн өсөлтөд тулгуурласан, нэмэлт ашиг олох гэрээ байгуулсан. Олон улсын зах зээлд арилжаа хийж байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, компаниудаас алтыг нь барьцаалж олон улсын зах зээлд арилжаалж байлаа. Энэ нь ирээдүйд болон хэдэн сарын дараа үнийн зөрүүнээс ашиг олох арилжааг Монголбанк барьцаалсан алтанд хийж байсан гэсэн үг. 


-Танайхаас гадна хэчнээн компани энэхүү гэрээг хийсэн байдаг бол?


-Нийт 10 гаруй компанитай ийм гэрээг хийсэн байх. 2003 оноос арилжаалж эхэлсэн. Энэ гэрээ Монголбанкны Ерөнхийлөгч асан, О.Чулуунбат агсны үед хийгдэж байсан. Тухайн үед хийсэн арилжаанууд олон улсын зах зээлд амжилттай явагдсан. О.Чулуунбат агсныг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд УИХ-аар хийсэн ажлыг нь сайшааж, эх орондоо орлого оруулсан хэмээн шагнаж, урамшуулж байсан юм билээ. Түүнийг Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллах зургаан жилийн хугацаанд маш амжилттай явсан гэж ойлгож болно.


-Олон улсад арилжаа нь амжилттай, валютын орлого нь ч боломжийн  байжээ. Тэгвэл асуудал хэдийнээс үүссэн юм бэ?


-Монголбанкны Ерөнхийлөгчөөр Ц.Батсүх сонгогдон ажиллах болсон юм. Тухайн үед арилжаанд оролцож байсан компаниудын гэрээг мэдэгдэлгүйгээр цуцалсан байсан. Дараа нь арилжаанд орсон компаниудын хүсэлтийг ерөөсөө хүлээж аваагүй. Харин ч тухайн үед манай компани ашигтай ажиллаж байсан учир Монголбанкнаас авлагатай байлаа. Үүнийг зориудаар өглөгтэй болгох үйл ажиллагааг хийсэн байдаг. Монголбанк арилжаанаас алдагдалд орсон юм билээ. Тэгээд л алдагдлыг арилжаанд орсон компаниуд төлөх ёстой хэмээгээд хуурамчаар зохиомол тоо гаргаж ирсэн. Тэр тоогоо арилжаанд оролцож байсан компаниудаар төлүүлэхийг оролдож эхэлсэн. Тухайлбал, сая төгрөгийн авлагатай компани байлаа гэхэд ханшийн зөрүүнээс алдагдал тооцоход 10 жилийн дараа энэ нь 10 сая төгрөг болох жишээтэй. Ингэж л ханшийн алдагдлаар зөрүү үүсгэсэн. 


-Та бүхний зүгээс ямар нэгэн эсэргүүцэл илэрхийлээгүй юу. Шүүхэд яагаад хандаагүй юм бэ?


-Компаниуд тухайн үед учраа сайн олоогүй. Зарим нь алдагдлын зөрүүнээс гарсан өрийг төлж эхэлсэн байдаг. Манай компани ч төлсөн. Энэ маргаан чинь 10 гаруй жил явсан болохоор энэ асуудлыг судалж эхэлсэн юм. Тухайн үед өмгөөлөгч болон хуульчид хандсан.  Монголбанктай учраа олох гэж олон албан бичиг илгээж байлаа. Монголбанкнаас тухайн үед компаниудыг  буруутгаж байсан. Хэрвээ үнэн бол Монголбанк шүүхэд өгөх ёстой. Монголбанк арилжаанд орсон 10 гаруй компанийг шүүхэд өгөөгүй. Харин бидний зүгээс шүүхэд өгөх, нэхэмжлэх  эрх байгаагүй. Ингэсээр олон жил болсон. Аж ахуйн нэгжүүдийг нэлээд дарамталсан. Түүний дараа бид шахаж, шаардаж байж арайхийж Монголбанкийг шүүхэд хандуулсан юм. 


-Шүүхээс ямар дүгнэлт гарсан байдаг юм бэ. Асуудал хэний талд шийдэгдсэн гэдэг нь сонирхолтой байна?


-Монголбанк өөрсдөө шүүхэд хандсан. Өөрсдийнх нь дотоод үйл ажиллагааны зохион байгуулалтын буруугаас үүссэн байна гэсэн. Тэр үед хэд, хэдэн компанийг шүүхээр цагаатгасан. Компаниуд арилжааны алдагдлаас үүдэлтэй зөрүүг хүлээх ёсгүй гэж шүүх шийдвэрээ гаргасан. Шүүхийн тогтоол шийдвэр нь хэрэгжээд, 10 гаруй жил өнгөрчээ. 2003 оноос гэхээр 16 жилийн өмнөх асуудал байгаа юм. Олон жилийн өмнө аж ахуйн нэгжүүд болон Монголбанк хоорондын гэрээнээс үүссэн алдагдлын маргаан юм. Монголбанк тухайн үед металлийн ханш дээр маш их ашиг олж байсан. Ашигтай ч үе нь байсан. Монгол Улсын валютын нөөцийг ихэсгэх нэг аргачлал юм шүү дээ. 


-Энэ нь гэнэтийн шийдвэр биш биз дээ. Өмнө нь та бүхэнд мэдэгдэж байсан уу?


-Монголбанкны улстөржсөн үйл ажиллагаатай холбоотой. Ерөнхийлөгч нь солигдож, шинэ бүтэц зохион байгуулалтад орж, өмнө нь хийсэн гэрээгээ гэнэт цуцалсан. Үүнийгээ аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэлгүй жил гаруй болсон байсан. Алданги үүсгэчихээд, түүнийгээ төл гэдэг нь байж болохгүй зүйл. Өөрөөр хэлбэл, Монголбанкны буруутай үйл ажиллагаанаас болсон асуудал шүү дээ. Ц.Батсүх эхний Ерөнхийлөгчийнхөө амжилттай явуулж байсан ажлыг зогсоож, зориудаар алданги үүсгэсэн нь улстөржилтөөс үүдэлтэй.  Алданги яагаад үүссэн талаар маш их зүйл хайсан. Харамсалтай нь олдоогүй.  Харин бид нэлээд хэдэн жилийн дараа үүнийг санаатайгаар хийсэн үйл ажиллагаа гэдгийг олж мэдсэн дээ. 


-Гэрээг нөгөө талд байгаа аж ахуйн нэгждээ мэдэгдэлгүй цуцалж болдог юм уу?


-Болохгүй. Гэрээг цуцлахаас нэг сарын өмнө аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэх ёстой байдаг. Тооцоо нийлсэн актыг 2006 онд хийсэн. Түүнд “Монполимет” компани сая гаруй ам.долларын авлагатай гэж гэж байгаа. Би Монголбанкнаас зээл авч байгаагүй. Зээлээ ч төлүүлж байгаагүй. Монголбанкнаас зээл авах аз тохиож байгаагүй юм, надад. 


-2016 онд Монголбанкнаас энэ асуудлаар шүүхэд хандсан гэдэг юм билээ. Энэ нь ямар учиртай шүүхийг маргаан юм бол?


-Монголбанкыг шүүхэд хандаач ээ гэж аж ахуйн нэгжүүд олон удаа шаардсан гэдгийг өмнө хэлсэн шүү дээ. Ийм албан бичиг нь ч байгаа. Харин Монголбанк 12 жил шүүхэд хандаагүй, биднээс авлагаа нэхсэн. Бүр барина, хорино, цагдана гэсэн дарамтууд ч их байлаа. Үнэнийг хэлэхэд, Монголбанкны дарамтад 10 гаруй жил боллоо. Тэгээд л шүүхээр асуудлаа шийдвэрлүүлсэн юм. Компаниудын асуудлыг шийдсэн хэрэг. 


-Асуудлыг хэрэгсэхгүй болгосон нь улс төрийн нөлөөлөл орсон гэж үздэг. Энэ талаар юу хэлэх вэ?


-Үүнд улс төрийн нөлөө гэж юу байх вэ дээ. Ашиг олоход нь аж ахуйн нэгжүүд тусалсан, оролцсон. Түүнээс зохиомол алданги үүсгэхэд оролцоогүй. Харин тухайн үед О.Чулуунбат агсан болон Ц.Батсүх нар хоорондоо ямар харилцаатай байсныг мэдэхгүй. Өмнө нь О.Чулуунбат агсныг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Ц.Батсүх нь дэд ерөнхийлөгчөөр зургаан жил ажилласан байдаг. Аж ахуйн нэгжийн арилжаанд оролцож байсан. Харин Ц.Батсүх нь Ерөнхийлөгчийн ажлаа авсныхаа дараа үйл ажиллагааг нь зогсоосон.  Аль ч банкинд дотоод үйл ажиллагааныхаа алдагдлыг төлөх эрсдэлийн сан гэж бий. Тэгэхээр Монголбанк өөрийнхөө алдагдлыг эрсдэлийн сангаараа төлөх ёстой. 


-Одоо та Монголбанкинд өртэй юу?


-Ямар ч өр байхгүй. Би Монголбанкнаас нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй. Харин ч тухайн үед аж ахуйн нэгжүүд ашиг өгч байсан. Тухайн үед хэчнээн төгрөгийн ашиг олсныг шүүвэл гараад ирэх байх. 


-Таныг АТГ-т шалгуулна гэж өчигдөр хуульчид мэдэгдэл хийлээ. Та шалгуулахад бэлэн үү?


-АТГ-ынхан шалгаж үзэх байх. Үр дүнг нь олон нийтэд мэдээлэх биз. Шударга үнэнийг тогтоогоосой гэж бодож байгаа. Сайн шалгаад, үнэн зөвийг нь олон нийтэд зарлаад өгөөсэй гэж бодож байгаа. Би шалгуулахад бэлэн байна. Миний нэр төрд халдсан олон янзын гүтгэлэг олон удаа явлаа. Энэ нь олон жилийн өмнөөс эхлэлтэй. Хууль хяналтын байгууллага шалгаад үнэн мөнийг нь тогтоогоод өгөх байлгүй дээ. 


-Та бусад сангуудаас зээл авч байсан уу. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд  ямар нэг байдлаар зээл тусламж хэрэгтэй байдаг шүү дээ?


-Би хэд, хэдэн компани үүсгэн байгуулсан. Арилжааны банкуудаас өндөр хүүтэй  зээл авч, бизнесээ өргөжүүлсээр 30 гаруй жилийн нүүрийг үзсэн байна. Зээл авдаг ч хугацаандаа төлдөг хариуцлагатай зээлдэгч. Сангуудаас зээл авах талаар бодож ч байгаагүй юм байна. Манай компани нэг ч тендер авч үзээгүй. Өөрсдийн хүч чадлаар өндийж явна. Татвар төлөгчдийн мөнгөнөөс уусан, идсэн зүйл манай компанид байхгүй. Харин олон тэрбум төгрөгийн татвар төлсөн байх. 


-Компанидаа анхаарах цаг зав хэр байна вэ?


-Улс төрд орохоор хувийн компанийн үйл ажиллагаанд оролцох оролцоо суларч байгаа. Хүмүүс хэр чадлаараа зүтгэж байна. Гэхдээ сүүлийн дөрвөн жилд биднээс хамаарахгүй валютын ханшийн савлагаа их байлаа. Монголбанкны зүгээс ханшийн савалгааг их гаргалаа.  Ханшийн зөрүүнээс болж, алдагдалд орж байгаа аж ахуйн нэгжүүд их байна. Харин үүнд олон нийт анхаарлаа хандуулах ёстой юм. 


-Монголбанкнаас авлагатай гэж та өмнө нь хэлсэн. Заргалдаж авахгүй юм уу? 


-Судлаж үзсэн л дээ. Заргалдаж болох юм билээ. Тэгвэл бидэнд нэлээд хэдэн төгрөг өгөх хэрэг гарна. Ер нь ханшийн зөрүүний алдагдлыг аж ахуйн нэгжүүд төлөх ёсгүй юм. Банкууд бүр эрсдэлийн сантай. Яагаад эрсдэлийн сангаасаа төлж болдоггүй юм бэ. Ам.долларын ханшийн зөрүүг банкууд төлөх ёстой. Ханшаар тоглож, аж ахуйн нэгжийг дампууруулж байгаа. Гэрээ хэлэлцээрээ төгрөгөөр биш ам.доллароор хийж байна. Алдагдал тооцохдоо ам.доллроор хийнэ. Энэ бол маш шударга бус тогтолцоо. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 2 өдөр [203.91.116.118]


Баримтаар нотлоод , Монгол банкны орлогч нь хүртэл зөвшөөрөөд байхад энэ яасан БУЗРЫН авгай вэ,,,Ард түмнийг тэнэг гэж бодоод байна уу,


Зочин    3 долоо хоног, 5 өдөр [103.212.117.106]


Аль нь үнэн юм бэ? Шалгадаг газар нь бушуухан шалгаад үнэн, худлыг нь тогтоогоод өгөөч ээ.


Зочин    3 долоо хоног, 5 өдөр [103.212.117.106]


Аль нь үнэн юм бэ? Шалгадаг газар нь бушуухан шалгаад үнэн, худлыг нь тогтоогоод өгөөч ээ.


Зочин    3 долоо хоног, 5 өдөр [103.229.120.204]


ӨМНӨ НЬ Ч ГЭСЭН МОНГОЛ БАНКНААС ДОЛЛАРААР ЗЭЭЛ АВСАНАА ,/2 САЯ ГЭСЭН БАЙХ/ ӨӨР КОМПАНААР ТӨЛҮҮЛЭХ ТОМООХОН ЗАРГА БАЙДАГ ЮМ ГЭНЭ БИЛЭЭ .


Зочин    4 долоо хоног []


Энэ хүн худлаа ярихааргүй тохитой хүн шиг санагддаг даа.