Улс төр


Д.Золжаргал: Анхнаасаа л Үндсэн хуулийг, Үндсэн хууль зөрчиж хэлэлцээд эхэлсэн нь цаанаа зорилготой ч байж мэднэ

6 өдөр, 10 цаг TIMES.MN

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлгээс гарч, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт тусгуулсан зарчмын саналуудаа татан авч буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Тэгвэл тэдний байр суурь цаашид хэрхэн үргэлжлэх, яагаад саналаа татан авч, хэлэлцүүлгээс гарах болсон талаар УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Золжаргалтай уулзаж ярилцлаа.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэг эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Цаашид Ардчилсан намын байр суурь хэрхэн үргэлжлэх вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь өөрөө Ардчилсан нийгмийнхээ төлөв байдлыг төлөвшүүлэх,  Үндсэн хуулиа улам сайжруулах, Үндсэн хууль батлагдсанаас хойших 27 жилийн хугацаанд гарч байгаа алдаан дээрээ сургамж авч, үүнийгээ засч сайжруулах чиглэлээр анхааран ажиллах ёстой.
 Ардчилсан намын зөвлөл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зөвшилцөл хэлэлцүүлгийн явцад зарчмын байр суурийг илэрхийлэн хэлэлцүүлэгт хариуцлагатайгаар оролцож байсан. Бид анх зарчмын байр сууриа илэрхийлэхдээ гурван том байр суурийг илэрхийлсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Харамсалтай нь, энэ зарчмын гол байр суурь болох саналуудыг хүлээж авалгүй чуулган дээр унагалаа.  Тиймээс Ардчилсан намын зөвлөл цаашид энэ чуулганы хэлэлцүүлэгт оролцох боломжгүй байна гэдгээ илэрхийлсэн юм. Нэгэнт бидний саналыг унагаж, үнэмлэхүй олонхоор хүч түрэн хэлэлцүүлэг хийж байгаа учраас эхлээд ард нийтийн санал асуулгыг явуулах нь зүйтэй гэдэг байр сууриар шаардлага хүргүүлсэн байсан.
 
-Шаардлагад хэрхэн байр сууриа илэрхийлсэн байсан бэ?

-Шаардлагад “Ардчиллын үнэт зүйл, Монголын ард түмний нийгмийн гэрээ болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ бус, Ард нийтийн санал асуулгаар батлах нь зүйтэй гэж УИХ дахь Ардчилсан намын зөвлөл шаардаж байна” гэж заасан. Гэхдээ өнөөдрийн хамгийн гол яригдаж байгаа шалтгаан нь цаашдаа энэ хэлэлцүүлэг зөв явж өрнөх үү, үгүй юу гэдэг нь бидний анхаарлын төвд байна. Ялангуяа сүүлийн үеийн хэлэлцүүлгийг харахад санал олон удаа буцах, эрх баригчид хоорондоо үл ойлголцох, өөрсдөө асуудлаа унагаах явдал их гарсан. Энэ бүхэн харин Ардчилсан намтай огт хамаагүй. Үндсэн хууль бол үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон баримт бичиг. Түүнийг хэсэг хүмүүс хоорондоо ярьж шийдээд өөрчилж болохгүй. Тэр тусмаа өнөөдөр парламентад байгаа энэ ёс зүйгүй хүмүүс хүч түрээд шийдэж бүр болохгүй. Нийт УИХ-ын гишүүдийн олонх нь буюу 49 гишүүн гэмт хэрэгт холбогдчихсон, эрх баригч нам үндсэн хуульд “гар хүрэх” эрх байхгүй. Эрх баригчид үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг ч зөрччихсөн шүү дээ. Нөгөө талаараа анхнаасаа л Үндсэн хуулийг, Үндсэн хууль зөрчиж хэлэлцээд эхэлсэн нь цаанаа зорилготой ч байж мэднэ.

Гэтэл ийм эрх зүйн чадамжгүй хүмүүс үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг босгоод, хүч түрээд явж байгаа нь ч ёс зүйн хувьд байж боломгүй. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын зөвлөл өөрсдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналууд болон Ерөнхийлөгчийн гаргасан саналтай холбоотойгоор хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, сөрөг хүчний хувьд санал хураалтад байр сууриа илэрхийлж хуралдаанд идэвхтэй оролцож, дэмжиж буй саналуудаа тодорхойлж байсан. Жишээлбэл: Ерөнхийлөгчийн өргөн барьсан 108 гишүүн байх, 50 хувь нь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос байх гэсэн санал зөв байсан. Үүнтэй холбогдуулаад намын үүрэг хариуцлага дээшлүүлэх, намын бодлого төрд тусахад хариуцлагатай байхын тулд улсын хэмжээнд зүтгэх чадвартай бодлогыг гаргахад онцгой эерэг нөлөөтэй. Мөн энэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нийгмийн хүлээж байсан, бид бүхний улс орныхоо хөгжлийн чиг баримжааг зөв тодорхойлох хамгийн чухал заалт бол сонгуулийн тогтолцооны асуудал байсан. Одоо байгаа тогтолцоо нь үнэхээр зөв тогтолцоо байсан юм бол хөдөө орон нутаг өнөөдрийг хүртэл хөгжихгүй байх байсан уу? Төсвийн нийт хөрөнгө оруулалтын гуравны хоёр хувь хөдөө орон нутаг руу явж байгаа ч хөгжихгүй байгаа нь энэ тогтолцооны алдаа дутагдлыг харуулж байна. Бүх буруу хуваарилалт тогтолцооноос болоод байна. Үүнийг л өөрчлөх гэж 50 хувь нь улсынхаа хөгжлийг ярьдаг, үлдсэн 50 хувь нь хөдөө орон нутгийн хөгжлийн төлөөлж ярьдаг байя гэдэг дээр бид санал нэгдсэн. Харамсалтай нь энэ санал дэмжигдсэнгүй.

-Өөр ямар чухал санал дэмжигдээгүй талаар та онцлон дурдах вэ?

-Одоогийн парламентыг тогтвортой бодлоготой байлгая гэвэл улс төрийн намын төлөвшил, хариуцлага зайлшгүй шаардлагатай. Ингэснээр улс төрийн намууд энэ төлөвшлийг дагаж, УИХ өөрөө бодлогын байгууллага болж, зөв зам руугаа орно. Хэрвээ бид үнэхээр парламентын засаглалтай, сонгодог парламенттай улс орон болж байгаа нь үнэн юм бол Ерөнхийлөгчийг Парламентаас сонгодог байх нь олон улсын жишиг рүү орох ёстой гэсэн байр сууриа бид илэрхийлсэн боловч дэмжигдээгүй. Мөн Шүүхийн хараат бус байдлыг бүрэн хангаж, бие даасан байдлыг хангах гэсэн чухал заалтууд дэмжигдээгүй унасан байгаа. Дээр нь нэмж хэлэхэд биднийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгээс гарсны дараа Парламентын тогтолцоог дордуулсан хоёр заалт дэмжигдээгүй унасан. Энэ бол засгийн газрын гишүүнтэй холбоотой томилгоо. Засгийн газрын гишүүд, УИХ-д давхар дээлтэй байж болохгүй гэсэн заалтууд бүгд унаж, эсрэгээрээ болсон. Түүнчлэн Засгийн газрын өрийн хэмжээ 60 хувиас дээшгүй байна гэсэн бидний санал ч унасан.  Энэ бүх санал санаачилга унаж, цаашлаад бидний саналыг авах сонирхол эрх баригчдад байхгүй байгаа нь харагдаж байна. Тэд өөрсдийн дур зоргоор, өөрсдийн эрх ашигт зориулан Үндсэн хуульд гар хүрч байгаа нь энэ өөрчлөлтийг улам дордуулж байна.

-Хэрэв УИХ-ын 62 гишүүн ҮХНӨ-ийг энэ мэт хэлэлцүүлгээр баталчихвал Ардчилсан намын хувьд цаашид ямар нөхцөл байдалтай ажиллах вэ?

-Өнөөдрийн байдлаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зарчмын ямар ололт амжилт гарав, үнэхээр сонгодог Парламентыг төгөлдөршүүлэх, цаашдын хөгжлийг хангах ийм ул суурьтай өөрчлөлт болж чадав уу гэвэл үгүй. Тийм учраас Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулсан саналуудаа татаж авах нь зүйтэй гэж үзсэн. Бид дахин хэлэлцүүлэгт орохгүйгээр зогсохгүй өөрсдийн гаргасан саналуудаа ч татан авч байгаа. Гэхдээ Ардчилсан намыг хуралдааныг орхиод хэлэлцүүлэгт суухгүй байгааг далимдуулан сөрөг улс төр хийж яав ч болохгүй. Бид парламентыг эрүүл байлгахын төлөө цаашдаа төлөвшил нь зөв байхын төлөө, Монгол улсын  ирээдүйн хөгжлийн хорь, гучин жилийн цаадахыг харж ажиллах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж ирсэн боловч, харамсалтай нь энэ дүр зураг харагдахаа больсон байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.