Нийгэм


Хоёр улсын эрдэм шинжилгээний байгууллагууд 13 санамж бичиг байгууллаа

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

"Монгол-Хятадын технологи дамжуулалт ба инновацийн хамтын ажиллагаа" хоёр дахь удаагийн форумыг БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Өвөрмонголын Ардын засгийн газар хамтран Улаанцав хотноо амжилттай зохион байгууллаа.



Арга хэмжээг нээж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр хэлсэн үгэндээ, "Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн гадаад бодлогын тэргүүлэх зорилт нь хөрш орнууд, хуучны уламжлалт харилцаатай улс орнууд болон бүс нутгийн улс орнуудтай тогтоосон харилцаа хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, хөгжингүй улс орнуудтай тогтоосон хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, эрдэмтэн судлаачдын хоорондын бүтээлч үйл ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэгдсэн. Энэхүү бодлогын зорилтыг хангах хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг чухалчилж байгаа бөгөөд та бүхнийг бүтээлчээр бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. Монгол Улсын байгалийн баялаг, органик түүхий эдийг түшиглэж дэлхийн зах зээлд өрсөлдөх, мэдлэгт түшиглэсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох, үйлдвэрлэх, экспортлох томоохон боломж байна. Иймд бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцах тааламжтай байгаа өнөө үед шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн байнгын ажиллагаатай механизм бий болгох нь ач холбогдолтойг онцлоод шинэ сорилт бэрхшээлийг туулах, шинэ боломжийг бий болгохын төлөө хамтран ажиллахад бэлэн байна" гэлээ.


Форумд БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл хөрөнгө оруулалтын орчин, бодлого, технологийн хэрэгцээний талаар танилцууллаа.

Мөн тус форумын үеэр Шинжлэх ухаан, технологи, инноваци, орчин үеийн хөдөө аж ахуй, монгол эм, эмнэлэг, уул уурхай, нөхөн сэргээлтийн чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэх хамтын ажиллагааны 13 санамж бичигт хоёр улсын эрдэм шинжилгээний байгууллагууд гарын үсэг зурлаа.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.