LIVE


Э.Оюунболдын шинжилгээнээс сэргээшийн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо зарлалаа

3 долоо хоног TIMES.MN

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо. Хуралд Зохион байгуулах хорооны гишүүд, салбар есөн хороодын дарга нар энэ жилийн наадмыг хэрхэн зохион байгуулсан тухайгаа танилцууллаа.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсөн тухай ажлын тайланг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус хорооны нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын дарга Э.Содномжамцад үүрэг болголоо.

Мөн ирэх жилийн Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концерт, нээлт, хаалтын арга хэмжээний найруулагчийг сонгон шалгаруулах ажлыг 2020 оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулахыг Шадар сайд Ө.Энхтүвшин холбогдох салбар хороонд үүрэг болголоо.

Баяр наадам зохион байгуулалт сайтай болсон. Наадамчин олны сэтгэгдэл өндөр, үнэлгээ гайгүй байна. Гэсэн ч цаашид анхаарах санал шүүмжлэлүүд ирсээр байна. Эдгээрийг анхаарч ажиллах хэрэгтэй гэв.

Ирэх жилээс Үндэсний их баяр наадмыг улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэдэг байх,  сум, аймгийн наадмыг нэгэн зэрэг, улсын баяр наадмын өдөртэй хамтатгах нь зүйтэй. Засгийн газрын хуралдаанд ийм санал оруулна гэж Шадар сайд хэллээ.  Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай болсон тул ажлын хэсэг байгуулан хуулийн төсөл боловсруулахыг үүрэг болголоо.

Үндэсний бөхийн салбар хороо допинг хэрэглэсэн нь тодорхой болсон бөхийн нэрийг яаралтай зарлах нь зүйтэй гэж ҮИБНЗБХ-ны дарга Ө.Энхтүвшин хэллээ. Допингийн шинжилгээний хариу ирсний дараагаар улсын цол, тэмдгийг гардуулж байх санал гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаа энэ үеэр илэрхийлж байлаа.

Мөн барилдааны дөрвийн даваанд барилдаж, элэг бүсээ өгөхдөө учраа бөхөө санаатайгаар тохойлдож зүй бус үйлдэл гаргасан Улсын гарьд Ш.Жаргалсайханд хариуцлага тооцохыг Үндэсний бөхийн салбар хороонд даалгалаа.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшйин шинжилгээ авч, БНСУ-ын лабораторид илгээсэн. Уг лабораториос энэ оны наймдугаар сарын 05-нд ирүүлсэн хариугаар шинжилгээнд хамрагдсан 16 бөхөөс нэр бүхий хоёр бөхөөс авсан дээжид сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн тухай мэдэгдсэн. Хоёр бөхөд шинжилгээний хариуг танилцуулж, гарын үсэг зуруулсан. Нэг бөх Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ журамд заасан хугацаанд гаргасан тул Монголын допингийн эсрэг үндэсний төв хүлээн авч, БНСУ-д илгээгээд байна. харин нөгөө бөх журамд заасан хугацаанд шинжлүүүлэх хүсэлт гаргаагүй бөгөөд Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдэж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.