Аналитик


Вашингтонд зарласан 'Жижиг улсын дипломат чанар'-аас Улаанбаатарт Үндсэн хуулийн гацаа хүртэл

4 долоо хоног TIMES.MN

Монголчууд наадаж, зугаалаад ажлаас хөндийрөн амарч байх зуур тэдний дээр улс төрийн бараан үүл хуралдаж байгааг анзаарах сэхээтэй хүн цөөн байна. Монголыг тойрсон Их гүрнүүдийн геополитикийн бодлогууд зөрчилдөхийн хэрээр Монголын дотоод улс төрд гаднын нөлөөлөл орж, уул уурхайд бүрэн хяналтаа тогтоосон олигархи цөөнх гаднын захиалгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гацаахаар оролдож эхэллээ.

 Геополитикийн орчил

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2017 оны 12 дугаар сард “Үндэсний аюулгүй байдлын стратеги” баримт бичгийг шинэчлэн боловсруулснаа зарласан билээ.

Уг баримт бичигт АНУ-ын язгуур ашиг сонирхлыг:

  • Иргэдийн болон дотоодын аюулгүй байдлыг хангах;
  • Хөгжил цэцэглэлтийг дэмжих;
  • Энх тайван тогтоохын тулд хүч хэрэглэх;
  • Америкийн нөлөөг бэхжүүлэх

гэсэн дөрвөн тулгууртайгаар томъёолсон. Америкийн улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, технологийн салбар дахь хөгжлийн давуу талыг энэ дөрвөн тулгуурт түшиглэн хамгаална гэдгийг тунхаглав.

“Үндэсний аюулгүй байдлын стратеги”-д АНУ болон түүний холбоотон, түншүүдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй стратегийн заналхийллийг (strategic adversary):

  • Ревизионист улсууд – Орос, Хятад;

  • Луйварчин улсууд (rogue states) – Иран, Хойд Солонгос;

  • Үндэстэн дамнасан террорист бүлэглэлүүд гэдгийг шууд тодорхойлсон байна.

Монголын хоёр хөрш “ревизионист” гэх тодорхойлолтод багтсан нь  АНУ-ын давамгайлал дор тогтсон олон улсын дэг журмыг сөрдөг, Америкийн бодлогыг хянан үзэхийг эрмэлздэг гэсэн утга бүхий юм.

Д.Трампын аюулгүй байдал, стратегийн бодлогод шинээр оруулж ирсэн “Энэтхэг-Номхон далайн” (Indo-Pacific) гэх нэршлийн агуулга нь БНХАУ-ын эргэн тойрны бүс нутгуудыг аюулгүй байдлын бодлогынхоо тэргүүнд эрэмбэлж, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн улсуудад нөлөөлөх, түншлэл тогтоох замаар бодлогоо хэрэгжүүлэх гэж үзэж болохоор юм.

Д.Трамп Орос, Хятадыг урт хугацаандаа АНУ-ын стратегийн аюул гэж тодорхойлдог учраас ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг үргэлжлүүлэх, Хятадтай хийж буй худалдаанд АНУ байнга хохирч байгааг тэнцвэржүүлэх, Өмнөд Хятадын тэнгист явуулж буй Хятадын тэлэлтийн бодлогыг, Тайваний асуудалд хатуу байр суурь баримтлах, бүс нутаг дахь Хятадын нөлөөллийг тогтоон барихын тулд Япон, Энэтхэг, Австралитай “дөрвөлсөн” хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг олон шийдлийг тодорхой зарласан байдаг. Хоёр сарын өмнө АНУ-ын Батлан хамгаалах яамнаас “Индо-Пасифик стратеги” бодлогын баримт бичгийг нээлттэй болгосон.

Эндээс  Ази Номхон далайн бүс нутаг дахь ардчилсан, нээлттэй улсуудтай жижиг гэхгүй хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилт тавьсныг нь харж болно.

"Ази, Номхон далайн бүс дэх АНУ-ын байр суурь нь манай урт хугацааны туршид бүтээн босгосон бүс нутгийн аюулгүй байдлын хэлхээ, түүнийг бүрдүүлж буй холбоотон улсуудын эрмэлзэлд суурилсан юм. Энэ бүс бол АНУ-ын стратегийн бодлогын төв… Тийм учраас, АНУ-ын батлан хамгаалах салбар Ази, Номхон далай дахь өөрийн байр суурийг бэхжүүлж, холбоотон улсууд болох Япон, Тайланд, БНСУ, Австрали болон Филиппин улсуудтай харилцаагаа бататгаж байна. Мөн Сингапур, Тайвань, Шинэ Зеланд болон Монголтой хамтын ажиллагааг улам сайжруулах алхмуудыг хийсээр байна" (4.2. "Хамтын ажиллагааны хүчин чармайлт")

АНУ-ын холбоотон улсуудаас гадна “жижиг улсын дипломат чанар” гэх ойлголтыг чухалчлан авч үзэх болсныг Энэтхэг Номхон далайн стратегийн баримт бичигт Шинэ Зеланд улсыг 17 удаа, Сингапурыг 15 удаа, Монгол Улсыг 17 удаа, Тайванийг 30 удаа дурдсанаас харж болно.

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн албан ёсны айлчлал “жижиг улсын дипломат чанарт” ач холбогдол өгч байгаагийн бас нэгэн нотолгоо боллоо. Айлчлалын үеэр Монгол Улс АНУ-тай стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан нь Монголын тусгаар тогтнол аюулгүй байдлыг бататган бэхжүүлсэн чухал үйл явдал боллоо. Монгол Улс ОХУ (2006), Япон (2010), Энэтхэг (2015) улсуудтай стратегийн түншлэлийн гэрээ, БНХАУ-тай (2014) Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээтэй. АНУ нь стратегийн түншлэлийн гэрээтэй тав дахь улс болж байгаа юм. Тун удахгүй ОХУ-тай Иж бүрэн Стратегийн түншлэлийн гэрээ байгуулна.

Стратегийн түншлэлийн гэрээ хийх ач холбогдол нь Монгол Улс бие даасан гадаад бодлого явуулах, хөрш орнуудтай  найрсаг харилцаагаа үргэлжлүүлэх,  гуравдагч хөршийн бодлогоо өргөжүүлэн, бэхжүүлэх, хамтын ажиллагааны санаачлагыг хөгжүүлэх зорилготой билээ.

Долдугаар сарын 31-нд гарын үсэг зурсан АНУ-Монголын стратегийн түншлэлийн гэрээ нь дэлхийн геополитикийн өөрчлөлт, их гүрнүүдийн шинэ түншийн эрэл хайгуулыг илэрхийлж байна. Мөн Монгол Улс бие даасан гадаад бодлого явуулж, үндэсний эрх ашгаа илэрхийлж байгааг ч нотлон харууллаа. Стратегийн түншлэлийн тунхагт буй “Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх нийтлэг зарчимтайг баталж…” гэх өгүүлбэр бол 1911, 1921, 1945, 1961, 1990 онуудад монголчуудын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бэхжүүлж ирсэн алхмуудын үргэлжлэл болсон түүхэн үйл явдал юм. Үүнийг 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр явагдсан Тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулгатай ач холбогдол нэг хэмээн үзэж болно.

Товчхондоо АНУ-ын Ази, Номхон далайн бус нутагт хэрэгжүүлж байсан аюулгүй байдлын бодлого, стратеги өөрчлөгдөж шинэ хандлагад шилжсэн. Үүнийг Э.Люттвак, М.Пилсбюри зэрэг стратегичдийн олон жилийн судалгаа, номлол бодит ажил болж байгаа гэж дүгнэж болно. Тэд Хятадын өсөн нэмэгдэж байгаа давамгайлал, хэтийн зорилт нь АНУ-ын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг олон жилийн турш анхааруулж байсан билээ. Э.Люттвак “Хятадын өсөлт – Стратегийн логикийн эсрэг” (Rise of China vs The logic of Stratege) номдоо Ази, Номхон далайн бүсэд Хятадын эсрэг эвсэл үүсвэл хойд захын харуулын цэг нь Монгол (Chapter 17. Mongolia. Northern outpost Coalition?) байх боломжтой хэмээн бичиж байв.

Монгол Улсын АНУ-тай харилцаагаа өргөжүүлж байгаа явдлыг ний нуугүй хэлэхэд хоёр хөрш ялангуяа БНХАУ-ын зүгээс таатай хүлээж авсангүй.

8 дугаар сарын 1-нд БНХАУ-ын “Global Times” сонин-д редактор Ли Чинчин-ий “АНУ-ын бусад оронтой өрнүүлж буй харилцаа БНХАУ-ын эсрэг чиглэх ёсгүй” гэдэг нийтлэл гарсан. Нийтлэлд АНУ ховор металлын салбарт Монгол Улстай хамтран ажиллах гээд байна гэсэн хардлагыг тусгасан бөгөөд “Хэрэв Монгол Улс ховор металлын олборлолт хийх хүсэлтэй байгаа бол тус улсад төмөр зам, эрчим хүчний гээд дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх шаардлагатай бөгөөд үүнд БНХАУ-ын дэмжлэг хэрэгтэй. Үүнээс гадна Монгол Улс ховор металлаа олборлоод гаргаад ирлээ гэхэд далайд гарцгүй тус улсад металлаа гадагш тээвэрлэх хурдны болон төмөр зам шаардлагатай юм. БНХАУ нь Монголыг Номхон далайтай холбох чиглэлд ажиллаж байгаа билээ” гэх зэргээр америкуудын оролдлого бүтэхгүй гэсэн санааг илтгэсэн байна.

Мөн “БНХАУ-ыг чиглэсэн АНУ-ын бодлого хэт туйлширч байна. АНУ  БНХАУ-аас холдох бүхий л арга замыг дэмжиж байгаа бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд Ази-Номхон далайн орнуудыг уургалах зорилготой байгаа юм. Гэвч Ази-Номхон далайн орнууд хүүхэлдэйнүүд биш. Эдгээр орны эдийн засгийн хөгжил ямар нэг байдлаар БНХАУ-ын эдийн засагтай холбогдсон учир тэднийг Вашингтоны саварт өгөхгүй нь лавтай” гэх байр суурийг илэрхийлсэн байх юм. Одоо АНУ ховор металлын хомсдолд орсон мухардлаасаа гарахын тулд Монгол руу эргэж байна уу” гэдэг асуулт нь Америк, Хятадын худалдааны дайны шалтгийг зааж байгаа мэт ойлголт төрүүлэхийг хичээжээ.

2009 онд гаргасан АНУ-ын Геологийн албаны мэдээллээр Монголд 31 сая тонн газрын ховор элементийн нөөц байгаа нь дэлхий дээр илэрсэн нөөцийн 16,77 хувь бөгөөд хэмжээгээрээ БНХАУ-ын дараа хоёрт бичигдэнэ гэх тоог энэ хардлагадаа ашиглах гэж оролджээ. Үнэн хэрэгтээ Монголын ховор металлын ордуудын нөөц нь таамаг төдий тогтоогдсон. Ашиглах хүртлээ чамгүй урт хугацаа шаардлагатай байгаа билээ.

2014 онд Хятад улс Ази, Номхон далайн мөрөөдлийг бүтээх, Азийн аюулгүй байдлын үзэл санааг дэвшүүлэх гэсэн стратегийг тунхагласан байдаг. Үүгээр бол,бүс нутаг дэлхийн хөгжлийн бааз суурь болж, хүчнүүд ийш төвлөрч байна, бүс нутагт хоёр талт ба олон талт механизмууд бий болж, нэгдмэл үзэлд хүрэх шаардлага урган гарч байна, мөн Хятад улс Ази, Номхон далайг хэрхэн чиглүүлэхийг дэлхий харж байна, Хятад улс Ази тивд үгүйлэгдэж байсан аюулгүй байдлын олон талт механизмын хоосон орон зайг нөхөхийг хичээнэ гэх зэргийг тунхагласан.

Уг нь БНХАУ-ын зүгээс өнгөн дээрээ Шинэ төрлийн олон улсын харилцаа буюужижиг, том  гэхгүй улс орнууд өөрийн замаар хөгжих, win-win хамтдаа хожих зарчмыг хэрэгжүүлэхийг санал болгоно, Их гүрнүүдийн замнаж ирсэн давамгайллын замаар замнахгүй гэдэг. Гэвч гадаад бодлогоо бодитоор хэрэгжүүлэхдээ тарифын бус хязгаарлалт, техникийн шалтгаантай боолт хийх аргыг байнга ашигладаг хэмээн шинжээчид онцолдог. Энэ боомилох аргаа Монголын экспорт, импортын гарц дээр байнга ашиглаж ирсэн бөгөөд яг одоогийн байдлаар Гашуунсухайтын боомтоор нүүрс авах хэмжээг хоёр дахин бууруулаад байна. Үүнийгээ техникийн алдаанаас жингийн зөрүү гарч байгаа учраас гэж тайлбарлаж байгаа ч цаад утгаараа бол Монголын бие даасан гадаад бодлогод таагүй хандаж байгаагаа мэдрүүлэхийг чармайж байгаа юм.  Хятад-Австралийн хооронд өрнөсөн 5G технологийн маргаан он дамнан сунжирч, саяхнаас хэлцэл нааштай болж ирмэгц Хятад боолтоо сулруулан Австралийн Newcastle боомтоор БНХАУ руу экспортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн сард 10.4 сая тонн-д хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 188.7 хувиар өссөн үзүүлэлт юм.

Өнгөц харахад Хятад, ОХУ-ын харилцаа эрс сайжирч хоёр улсын тэргүүнүүд ойр ойрхон уулздаг, 400 тэрбум ам.долларын худалдааны баримт бичигт гарын үсэг зурсан, бидний цэргийн итгэлцэл дээд цэгтээ хүрлээ гэх зэргээр мэдээлдэг ч “харагдаж байгаа шигээ нааштай биш” гэж Барууны шинжээчид дүгнэжээ. “Хятад, Оросын харилцаа нягтарч байгаа нь стратегийн гэхээс илүү тактикийн шинжтэй” гэж АНУ-ын ҮАБЗ-ийн Азийн асуудал хариуцсан дарга асан Виктор Ча үзсэн бол З.Бзежински “Украины асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн санал хураалтад Хятад улс Оростой адил татгалзалгүй, харин түдгэлзсэн нь Оростой харилцах харилцаа Хятадын стратегийн гол цөм биш гэдгийг илтгэсэн” гэж үзжээ.         

Оросын хэвлэлүүдээр манай Ерөнхийлөгчийн айлчлалын талаар элдэв таамаг, ташаа мэдээлэл хөвөрсөн. Америкийн дунд тусгалын пуужинг Монголд байрлуулах гэж байна, Монголыг ажиглалтын тавцан болгон ашиглах нь гэх мэт сөрөг агуулгатай зүйлс их гаргалаа. Бодит байдал дээр Монгол Улс хуулиараа гаднын цэргийн хүчнийг нутаг дэвсгэр дээрээ байнга байрлуулах, цөмийн зэвсэг байрлуулах, дамжин өнгөрөхийг хориглосон билээ. Сөргөлдөгч цэргийн эвсэлд элсэх, хөрш улсуудтайгаа дайсагнасан харилцаа явуулах нь Монголын гадаад бодлогын үзэл баримтлалд харш, хуулиар хориотой юм. Оросын дээд удирдлагын түвшинд Монгол Улстай харилцаагаа гүнзгийрүүлэх, ахиулах сонирхол хэвээр байгаа. Тун удахгүй Халх голын 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлана. Энэ үеэр Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулагдана гэсэн хүлээлттэй байна.

АНУ-ын Батлан хамгаалах сайдын Зүүн Ази хариуцсан туслах Абрахам Денмарк “Монгол Улс аль нэг талд нэг мөр гарах гэж огт хичээгээгүй. Тэд АНУ-тай харилцаагаа бэхжүүлэхээр л хичээж байгаа. Тэд Америкийн эдийн засгийн болон улс төрийн оролцоог хүсэж, ингэснээрээ Бээжин, Москва хоёрын хооронд  уужуухан амьсгаа авах боломжийг л эрэлхийлж байгаа” гэж дүгнэсэн нь бодит байдлыг хамгийн товчоор илэрхийлэх юм.

Бүс нутгийн орнуудын хооронд үүссэн таарамжгүй харилцаа Өмнөд Солонгос-Японы худалдааны маргаан, АНУ-БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайн зэрэг нь цэвэр тэдний хооронд шийдэгдэх асуудал бөгөөд үүнд Монгол Улс хошуу, хуруу дүрэх шаардлагагүй юм.

Дотоод улс төрийн нөхцөл

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлал, Монгол Улсад хийх ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал, нүүрсний экспорт боомилолтод орсон гэх зэрэг хоорондоо ямар ч холбоогүй мэт улс төрийн үйл явдлуудыг нэгэн зүйл холбож нэгтгэж байна.

Энэ бол Монголын уул уурхайд ноёрхлоо тогтоосон, гаднын санхүүгийн дэмжлэг, худалдан авалт, техникийн дэмжлэгт дулдуйдсан олигархи цөөнх юм.

Тэдний үзэл сурталч, дуу хоолой нь болсон нэгэн бээр “Саяхан манай Ерөнхийлөгч Вашингтонд айлчлан АНУ-тай стратегийн түншлэлийн тунхаглалаа зарлах үед Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга нь хүндэт нөхөр Владимир Владимирович ирээд яах тухай тодорхой хэлсэн, түүний ярьснаар Вашингтонтой стратегийн холбоо тогтоож буй нь байдаг л нэг арга хэмжээ, харин одоо Оростой үүнээс хамаагүй том гэрээ Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулах гэнэ” хэмээн илт гуйвуулсан агуулга бүхий дайралт хийжээ.

Үүгээр зогсохгүй Халх голын 80 жилийн ой гэж юм тэмдэглэх нь тэнэгүүдийн ажил, тэнд хэн ч хохироогүй, хилийн мөргөлдөөн төдий зүйл байсныг битгий дэвэргэ ухааны юм айлдав. Энэ этгээд болбоос олон жилийн турш Монголын уламжлал, түүхийг гутаах, монгол хүний эрхэм чанар, бахархлыг үгүй хийх, дорд үзэх үзэл суртлын тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн нэгэн бөгөөд “Монгол цус гэж байхгүй, антропологийн хувьд Хойд Хятад юм. Ер нь хань (хятад) үндэстэн нь Өмнөд Хятад, Умард Хятад, Төвд гэсэн галбируудад хуваагддаг. Монголчууд Умард Хятадын ангилалд багтана” гэж “онолдож” ирсэн байдаг. Олигархи бүлэглэлийн үзэл сурталч бээр Халх голд дайн байлдаан гэхээр юм огт болоогүй гэж онолдохдоо “Fact is more important than truth” гэх хэлц үгийг ахин дахин тоочжээ.

Тэгвэл 1939 оны 7, 8 дугаар сард Халх голын тэнгэрт дэлхийн түүхэнд байгаагүй том агаарын тулалдаан болсон баримтыг мань нийтлэлч олж хараагүй л юм байх даа, бодвол. 7 дугаар сарын 8-ны өдөр гэхэд л Японы талаас 100 онгоц, Зөвлөлтийн талаас 80 онгоц гурван хэсэгт агаарын тулалдаан хийсэн баримт байна. 8 дугаар 20-ны өдөр Зөвлөлт, Монголын цэрэг давшилтад орохдоо 144 сөнөөгч онгоц, 153 бөмбөгдөгч онгоцоор агаараас дэмжүүлжээ. Маргааш нь Японы тал хариу дайралт хийхдээ 41 бөмбөгдөгчийг 88 сөнөөгч онгоцоор хамгаалуулан агаарын дайралт хийсэн нь тэмдэглэгдэн үлджээ. Баримт үнэнээс хамаагүй чухал гэл үү. Энэ бол хүний түүхэн дэх хамгийн том агаарын тулаанууд хэмээн цэргийн урлагт үздэг байна. Гэтэл…

Эрхэм нийтлэлч юуны учир, яах гэж Халх голын байлдааны ач холбогдлыг бууруулах, Орос Монголын харилцаанд сэв суулгах, хардлага сэрдлэгт умбуулах гэж хичээнэ вэ? Ийм зорилгыг хэн тавьж, хэн өдөөж, хэн санхүүжүүлэх магадлалтай вэ?

Энэ бол үзэл суртлын талбарт ил өрнүүлж байгаа олигархиудын явуулга дайралтын өчүүхэн хэсэг. Цаана нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийлгэхгүй гэсэн далд явуулга өрнөж байна.

Өнгөрсөн 30 жилийн хамгийн том алдаа нь уул уурхайн баялагт цөөнх хяналтаа тогтоох боломжийг олгож, Монголын иргэд баян хоосны эрс ялгаатай нөхцөлд орж, хүн амын 36 хувь нь ядууралд өртсөн явдал байдаг. Олборлолт, байгалийн баялгийн салбарт төрийн хяналтыг сулруулж, шийдвэр гаргалтыг мухардуулах замаар цөөнх дураар дургих нөхцөлийг хангасан, хөрөнгө оруулагчид л завшихаас баялгийн эзэд болсон ард түмэнд юу ч оногдохгүй байх хуулийн хамгаалалтыг стратегийн хувьд сайтар байршсан олигарх цөөнх гаднынхны ил далд дэмжлэгтэйгээр бүрдүүлсэн байдаг. Бүр 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдах үед, хожим 2000 онд 7 өөрчлөлт оруулахдаа  энэ алсын стратегиа Үндсэн хуульд сэм шургуулсан байдаг.

Тэд Монголын баялагт тогтоосон үнэмлэхүй эрх мэдэл, хяналтаа бэхжүүлэхийн тулд шүүхийн тогтолцоог ч завхруулж, хэнд ч захирагдаж, хянагдахгүй шүүгч нарын бүлэглэлийг үүсгэн өөрсөддөө үйлчлүүлэх болсон билээ. “Шударга бусын хонгил” хэмээн нэрлэгдсэн авлигач шүүгч, прокуроруудын туслалцаатайгаар эрх мэдлээ ханган барьж байсан цөөнх одоо алдагдаж байгаа нөлөөлөл, хяналтаа сэргээхээр сүүлчийн хүчийг шавхан дайрч байна. Тэдэнд хамгийн том цохилт өгөх зүйл нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдгийг тэд анхнаасаа мэдэж байсан.

Тийм ч учраас УИХ-ын гишүүдийг урвуулах, амлах, ятгах, төөрөгдүүлэх замаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гацааж эхэллээ. УИХ-ын зарим гишүүд зөвхөн өөрийнхөө аминч хэрэгцээ, явцуу сонирхолдоо хөтлөгдөн улс орны ирээдүй, ард олны эрх ашгийг умартаж байна. Тэд олигарх цөөнхийн явуулгын цаана нуугдаж байгаа ашиг сонирхлыг олж харахыг хүсэхгүй байна. Олж харсан ч өөрсдийнхөө сонирхолд ашиглахыг чухалчилж байна. Мажоритар системийн хамгийн сул хувилбарыг хэвээр хадгалахыг хүсэж, хэлэлцүүлгийг гацаахаар чармайж байгаа хүмүүс Үндсэн хуулийг өөрсөддөө ашигтай хэвээр хадгалж үлдээх гэсэн олигархиудын хүслийг биелүүлж байгаагаа ухаарахгүй байна.

Үндсэн хууль өөрчлөгдөхгүй бол Засгийн газрыг байгуулах, УИХ-д төлөөллөө суулгах, баялагт тогтоосон үнэмлэхүй хяналтаа хэвээр хадгалах боломж олигархиудад үлдэнэ. Тийм л учраас тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд туссан ард түмэнд ашиг тустай заалтуудыг улайран эсэргүүцэж, батлуулахгүй гацаахад ухвар мөчид гишүүдийг ашиглаж байна. Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Л.Элдэв-Очир, Ч.Хүрэлбаатар нар залуу гишүүдийг турхирах, талдаа татах, төөрөгдүүлэх ажлыг гардан гүйцэтгэж, УИХ дээр гацаа үүсгэх ажлыг оройлон чаргуулдаж байна.

Гишүүдийн тоог 108 болгох, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах гэсэн зүйлс дээр тэд зориудын гацаа үүсгэн, шинэ гишүүдэд ингэвэл та нар сонгогдохгүй гэж айлгах тактикийг тэд барьж байна. Монголд явагдсан сонгуулиудын туршлагаас харахад жижиг тойрогт хэчнээн ч их хөрөнгө цацсан байлаа гээд тэр нь сонгогдох баталгаа огтхон ч биш юм. Хоёрт, тойрог томслоо гээд жижиг хэсэгт зарцуулсан хөдөлмөр талаар өнгөрнө гэсэн үг ч бас биш.

Ардчилсан намын хувьд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох, Ард нийтийн санал асуулга явуулах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг Үндсэн хуульд оруулах зэрэг 18 зүйл саналыг гаргасан. Эндээс “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болох” заалтаас бусад нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчсөн, дээр нь өнгөрсөн гурван жилд явуулсан санал асуулга, хэлэлцүүлгүүдэд иргэдийн дэмжээгүй заалтууд байгаа юм. Ардчилсан нам илт хууль зөрчсөн шаардлага тавьчихаад “шаардлага биелүүлэхгүй бол хэлэлцүүлэгт оролцохгүй” гэж сүрдүүлж байгаа нь цаашид юу хийх гэж байгааг нь тодорхой зааж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын хэвлэлд өгсөн ярилцлагуудаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй нь тодорхой харагдлаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нар Эрх баригчдыг шүүмжилж л байвал гоё харагдах логикт хөтлөгдөх шинж тэмдэг ажиглагдаж байгаа.

Ийм нөхцөлд МАН-ын 64 гишүүн эв нэгдэлтэй байж, сонгогчдын захиа даалгавар, улс орны өмнө хүлээж буй түүхэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой. Үгүй бол сонгогчид та бүхэнтэй ирэх сонгуулиар улс төрийн хатуу хариуцлага тооцох нь дамжиггүй.

Улс төр судлаач Б.Болдтөмөр




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
1 долоо хоног, 6 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 1 өдөр []


Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802


Зочин    4 долоо хоног []


galzuu hunii udriin temdeglel