Газар дээрээс нь


НОСК: Түрээсийн орон сууцанд ороод төлбөрөө төлөөгүй иргэдийн мэдээллийг хар жагсаалтад оруулсан

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар болон холбогдох байгууллагаас батласан журам, хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм байна.


“Энэхүү журам батлагдсанаар анх удаа түрээслээд тодорхой хугацааны дараа өмчлөх хэлбэр хэрэгжиж эхлэх юм. Мөн зорилтот бүлгийн ангилал квотыг тусгаж өгснөөр түрээсийн байранд орох хүсэлтэй иргэдийг түрээсийн орон сууцаар хангах боломж бүрдэнэ” гэж Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулгадаа онцолж байлаа. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн, НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барихаар тогтлоо.

“972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” журмын төслийг хэлэлцлээ

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” байв. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлд шилжүүлж байгаатай холбогдуулан дээрх орон сууцнуудын 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууц, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан зохион байгуулах санал боловсруулсан гэдгээ Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулсан юм.

Журмын төсөлд тусгаснаар “Зорилтот бүлгийн иргэдэд түрээслүүлэх” гэдэгт:

  • - залуу гэр бүл,
  • - төрийн албан хаагч,
  • - хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч,
  • - 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл,
  • - өрх толгойлсон эцэг, эх,
  • - өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан,
  • - хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл,
  • - гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн үндсэн найман ангилалд шалгуур үзүүлэлт тавин сонгох санал боловсруулсан.

“Түрээслээд өмчлөх орон сууц” гэсэн ангилалд “Түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс гадна түрээслэж байгаа орон сууцны үнийг таван жил хүртэлх хугацаанд сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж, түрээсийн орон сууцаа худалдан өмчлөх” гэж зааж өгчээ. Өөрөөр хэлбэл, тухайн түрээслэсэн иргэн 5 хүртэл жилийн хугацаанд орон сууцны үнийг төлж барагдуулах юм байна.

“Газар чөлөөлөлт” гэсэн ангилалд нийслэлийн хэмжээнд баригдах дэд бүтэц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн зорилготой төслүүдийн газар чөлөөлөлтөд хамрагдах иргэд болон бусад томоохон төслийн газар чөлөөлөлтөд өртсөн иргэдийг зохих хууль, журмын дагуу хамруулна хэмээн тусгаж өгчээ.

Захирагч С.Амарсайхан “Түрээсийн орон сууцанд орох дараалал ямар байх талаар олон нийтээс нээлттэй санал авах боломж бий юу, иргэдэд бодитой зөв мэдээлэл хүргэх талаар ямар ажил төлөвлөн хэрэгжүүлсэн. Өмнө нь түрээсийн орон сууцанд ороод төлбөрөө төлөөгүй зөрчил дутагдал гаргасан иргэдэд ямар арга хэмжээ авах шийдэл гаргаж ажиллаж байна” гэсэн асуулт асуухад НОСК-ийнхны зүгээс дараах тайлбарыг өгсөн юм. Олон нийтээс тандалт судалгаа авч байгаа, санал авах бүрэн боломжтой. Урд нь түрээсийн орон сууцанд ороод төлбөрөө төлөөгүй иргэдийн мэдээллийг хар жагсаалтад оруулсан байгаа гэлээ. Зөвлөлийн гишүүдийн гаргасан журмын төслийн зарим заалтад нэмэлт өөрчлөлт оруулах саналыг нэмж тусгаад, НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн мэдүүлэхээр тогтов.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.