Нийгэм


Миний хань хүний дээд байлаа

1 сар, 2 долоо хоног TIMES.MN


Доожавын ЦЭГМЭД

 

Та уншигчдад маань өөрийнхөө болон ханийнхаа тухай товч мэдээлэл өгөхгүй юу?

-Би 1946 онд Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн. 1961-1966 онд Багшийн сургуульд суралцаж төгссөн. Миний хань армид насаараа зүтгэсэн, олондоо хурандаа Н.Загдаа гэж хүндлэгдсэн, бурхан шиг сайхан хүн байлаа. Ханьтайгаа 1963 онд танилцаад 1965 онд гэр бүл болсон доо. Тэр үед нөхөр маань хойд хөршид Алс Дорнодын Благовещенскийн цэргийн сургуулийн сонсогч байлаа. 1971 онд Фрунзын академи, 1980 онд академийн дээд курс төгссөн юм. 1968 онд манай хүнийг  академид суралцахаар явахад хадам аав маань бэр, ач хоёроо хотод үлдээхгүй гээд Говь-Алтай аймаг руу аваад явж байлаа. Би тэнд хоёр жил багш, цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан. Тэгж байтал нөхөр маань төгсөж ирээд Зүүнбаянгийн 132 дугаар ангид штабын даргаар томилогдож, 1971 оны намар тэнд очиж байлаа.

“Хээрийн академи” гэж алдаршсан газар анх очиход ямархуу санагдсан бэ?

-Нэг л их элсэн дунд яваад орчихсон. Гэхдээ ханьтайгаа, хүүхдүүдтэйгээ хамт халуун ам бүлээрээ амьдарна гэж бодохоор сайхан байлгүй яах вэ. Ер нь гэр бүл болсноосоо хойш бараг хамт байгаагүй. Шат шатны сургуулиа төгсөж иртэл нь долоон жил хүлээсэн. Бидний ажил, амьдралын гараа энэ нутгаас, энэ ангиас эхэлж олон сайхан дурсамжийг үлдээсэн дээ. Очоод би дөнгөж байгуулагдсан Цэргийн оёдлын III үйлдвэрт Үйлдвэрчний хорооны даргаар ажилласан. Тэгтэл аймгийн боловсролын хэлтсээс дуудаад мэргэжлийн ажлыг чинь хийлгэнэ гээд Зүүнбаянгийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилчихсон.

Хээрийн сургууль, дадлага гээд гэрийн бараа хардаггүй нөхөртэй байсан нь мэдээж...

-Юу үнэн тэр үнэн. Гэхдээ сурчихдаг юм. Нэг ч удаа ингэлээ, тэглээ гэж гомдоллож байгаагүй ээ. Энэ хугацаанд хоёр хүү, нэг охинтой болсон, ажлаа хийгээд үр хүүхдээ өсгөөд, ар гэрийнхээ асуудлыг зохицуулаад л явна шүү дээ. Үр хүүхэд гэснээс би нэг сайхан дурсамж ярих уу?

Тэгэлгүй яах вэ...

-“Хэрлэн-73” гэж маш том хээрийн сургууль болсныг цэргийнхэн сайн мэдэх байх. Манай хүн тэгэхэд ангийн захирагч, хошууч цолтой байсан. Ангиа сайн удирдаж оролцсон гээд Ю.Цэдэнбал дарга цагаар шагнаж байлаа шүү дээ. Хээрийн сургууль дуусаад БХЯ-ны “зэвсгийн” Сандаг гэж алдартай хурандаа тэргүүтэй тус сургуулийн дундын хянагч нар манай гэрт ирэв ээ. Би тулгар, төрөх хугацаа болчихсон. Хоол, цай хийж байтал өвдөөд эхэлдэг юм байна. Гэтэл Сандаг гуай “Энэ охин өвдөөд л байх шиг байна даа. Царай нь хувьс, хувьс гээд байна” гээд над руу харахад нь би толгой дохилоо. Тэгтэл “Загдаа чи үлд, бид өөрсдөө хот руу буцчихна. Хүү гарвал “Хэрлэн-73”, охин гарвал “Хэрлэн” гэж нэр өгөөрэй гэчихээд явж билээ. Тэгээд Хэрлэн гэдэг охинтой болсон түүхтэй.

Ямар сонин, гоё түүх вэ?

-Хожим нь Сандаг хурандаа манайд ирэх тоолондоо “30-ын” чихэр килограммаар нь барьчихсан “Миний охин хаана байна” гэсээр л орж ирдэг сэн. Энэ олон хүүхэд байхад гэхээр “Бусад нь хамаагүй ээ” гээд л инээнэ. Их сайхан хүн байсан даа.

Өмнөговь аймаг руу хэзээ явсан юм бэ?

-Хээрийн сургууль 5 дугаар сард дуусаад өвгөн маань улсын баяр наадмын бэлтгэлд гарсан. Наадам өнгөрөөд л Өмнөговьд байгуулагдах шинэ ангийн захирагчаар томилсон. За тэгээд л манай хүн олдохоо болилоо. Хүн, техникээ Налайхад төвлөрүүлж байгаад 8 дугаар сарын эхээр Өмнөговь руу марш үйлдэж, намайг гурван жаахан хүүхэдтэй гээд онгоцоор явуулсан. Манай хүн тэр маршийн талаар дурсах тун дуртай. Дандаа залуу гэр бүл явсан, нэгнийх нь гэргий “БТР” дотор өвдөөд. Ж.Ёндон генерал “УАЗ-469”-өө өгөн аймгийн эмнэлэгт хүргүүлж төрүүлсэн гээд л... Биднийг очиход хоёр агуулахын байшин, монгол гэр, майхан л угтсан даа. 1975 он хүртэл гэр, майхандаа ажиллаж, амьдарсан. Ж.Ёндон генерал цэргийн алба хаагчдын гэр бүлийг чадах ядахаар нь ажилд оруул гэж үүрэг өгсөн болохоор надад санхүүгийн даргын туслахын ажил оногдсон. Энэ талын мэдлэг байхгүй, хүн орж ирэхээр сампингаа нуучихаад л их хөгжилтэй. Гэхдээ их зүйл сурч, сайн нягтлан болсон шүү. Цэргийн ангид ажиллана гэдэг онцлогтой. Эмнэлэг, хоол хүнс, машин техник, санхүү гээд “хутгалдахгүй” юм байхгүй. Олон талын мэдлэг шаардана, бүгд хоорондоо уялдаа холбоотой.

Цэцэрлэгийн багш, эрхлэгч, үйлдвэрчний хорооны дарга, нягтлан гээд л олон мэргэжил “эзэмшжээ”...

-Нягтлан бодогчоор ажиллаж байтал Аймгийн намын хорооноос яриад нэг нь ангийн захирагч, нэг нь туслах нягтлан байх хэрэггүй, асуудал гарч магадгүй. Танай эхнэр намын гишүүн юм байна. Ардын хянан шалгах хороонд нарийн бичгийн орон тоо байгаа. Гайгүй хүн авчихмаар байна гэж хэлжээ. Би ч дуртай зөвшөөрсөн. Эхнэр, нөхөр хоёр нэг дор ажиллах ер нь л хэрэггүй юм билээ. Тэгээд ч нэг их удалгүй хот руу ирсэн дээ.

Таны ярьсан “БТР”-ийн асуудлаас болоод уу?

-1977 онд актлагдсан хуягт тээвэрлэгчийг хот руу явуулсан юм. Гэтэл манай санхүүгийн дарга хамаатныхаа нэг хүүхдийг замаас нь суулгаад явуулчихаж. Замдаа осолдоод, нөгөө хүүхэд нь бурхан болчихсон харамсалтай хэрэг гарсан. Тэгээд 12 дугаар сард БХЯ-ны коллегийн хурлаар орж арга хэмжээ авахуулаад 016 дугаар ангийн Оперативын хэлтэст операторчоор томилогдсон. Харин би тус ангид химийн складын нярав, энгийн ажилчид хариуцсан боловсон хүчнээр ажиллахаар болсон юм. Чиний хэлсэн дээр хоёр мэргэжил нэмэгдэж байгаа биз. Дараа нь хань минь 096 дугаар ангийн захирагчаар томилогдсон.

Танд ер нь дагаж явахаас залхаж дургүйцсэн удаа бий юу?

-1984 онд Ховд руу 123 дугаар ангийн захирагчаар томилогдсон. Том хүү маань 10 дугаар анги төгсөх гээд байдаг. Би тэгэхэд анх удаа ханьдаа “Явахгүй байж болохгүй юм уу, чи л дандаа явах юм. Би явахгүй, үлдэнэ ээ” гэж хэлсэн. Гэхдээ дотроо бол дагаж явах нь тодорхой, зүгээр л өөрийн эрхгүй тэгээд хэлчихсэн. Хань минь “Одоо яах вэ дээ. Миний үүрэг, өргөсөн тангараг юм чинь” гэж хэлээд л хэдэн ногоон хувцсаа дуу муутайхан бэлдэхэд нь хачин их өрөвдөж билээ. Юу гэж ханиа ганцааранг нь явуулах вэ дээ. Сэтгэл санаа, хамгийн гол нь эрүүл мэндийг нь хайрлахгүй бол болохгүй. Нэгэнт л хамт амьдарна гэж сонгосон юм чинь бүх л талыг бодолцох ёстой. Хэдэн боодол хувцас, ганц шкаф, хоёр ороо чирээд л Ховд аймгийг зорьсон. Бидэнд ээлээ өгсөн нутаг, очоод хурандаа цолоо авсан, сайн ажиллаж, сайхан амьдарсан он жилүүд байлаа. Тэнд ажиллаж байгаад хоёулаа тэтгэвэрт гарсан. Миний хувьд Цэргийн худалдаанд эдийн засагчаар ажилласан. Бас нэг мэргэжил нэмэгдэж байгаа биз. Тэтгэвэртээ гараад бид хоёр их сайхан амар тайван он жилүүдийг үдсэн дээ. Би амьдралдаа хэзээ ч харамсаж байгаагүй. Хань минь ч гэсэн ажил албаараа үргэлж бахархдаг байсан. Эх орныхоо аль хэрэгтэй гэсэн газар эр цэргийн ёсоор үүрэг гүйцэтгэнэ гэдэг бахархал байлгүй яах вэ. Одоо ч би хүүхдүүддээ “Аав, ээж хоёр нь төр, түмнийхээ төлөө шударга хөдөлмөрлөж, нэр цэвэр, сэтгэл амгалан амьдарч ирлээ. Аливаа зүйл цагаан мөртэй байна гэдэг хамгийн чухал. Аав, ээж хоёрынх нь хүний төлөө гэсэн сэтгэл, зүтгэл та нарт ч буянаа өгч байгаа хэрэг” гэж хэлдэг юм. Бид эд мөнгө хураагаагүй ч юутай ч зүйрлэмгүй үнэт зүйл болох найз нөхөд, хамт олонтой болж, сайн сайхан хүмүүсээр хүрээлүүлж чадсан нь амьдралын хамгийн чухал зүйл юм даа. Одоог хүртэл үе үеийн хамт олон, найз нөхөд, ханийн минь цэргүүд үргэлж холбоотой байдаг.

Ханийнхаа тухай ...

-Миний хань гуравхан настайдаа өнчирч нагац ах нь өсгөсөн юм гэнэ лээ. Цэргийн албаа хаагаад халагдах гэж байхад нь БХЯ-наас Орост сургуульд явуулах болсон тухай дуулгаж, гэр рүүгээ цахилгаан биччихээд л явсан гэдэг. Ёстой л цэргийн хүн болох хувь тавилантай байж дээ гэж боддог юм Энэ хорвоод сайн хүн олон л байх. Гэхдээ миний хань шиг сайн хүн миний амьдралд таараагүй. Хамгийн сонгодог хүн. Хайр нь дотроо хал нь гаднаа. Цэргүүддээ бол амиа тавина шүү дээ.  Хэдэн цэргийн төлөө ч ёстой хэн бугай ч байсан үзэж тарна. Ажлын төлөө л төрсөн хүн дээ. Хариуцсан анги бүр нь маршийн тэмцээний аварга болдог байлаа. Ханийнхаа тухай дурсах сайхан байна. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог, сайхан ханьтай учирсан.

Бидний ярилцлагыг унших цэргийн алба хаагчдын гэргий нарт хандаж та юу гэж хэлэх вэ?

-“Цэргийн хүний гэргий гэдэг бусад жирийн айлын эзэгтэй нараас хоёр дахин илүү үүрэг, хариуцлага, ачаалал хүлээдэг юм шүү. Хэцүү бэрх үе байлгүй яах вэ. Энэ бүхэнд ханиа ойлгож дэмжин, бие болоод сэтгэлийг нь өвтгөхгүйг хичээж яваарай” гэж хэлье дээ.


Х.ЗУЛ 

"Соёмбо" сонин




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


Бидний авв ээж нар яагаад тийм сайрхан сэтгэлтэй улсууд байсан юм бол оо. Өнөөдөр бид чинь бие биеэ харах бүртээ үс нь өрвийж уур омог үзэн ядалт нь дээд цэгтээ хүрч хүн бус араатан харчихсан юм шиг болдог байнаа.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


Умбаа гийн цэрэг, дарханых гэвэл санах уу


Зочин    1 сар, 2 долоо хоног []


196 Р АНГИЙН АЛЬ РОТЫНХ ВЭ. Д.Х ПҮРЭВДОРЖ АНГИЙН ЗАХИРАГЧ А.Д ДОРЖСҮРЭН Д.Ч . УМБАА НАР АЖИЛЛАЖ БАЙСАН 1984 ОНЫ ЦЭРЭГ БНА ЧИ ХЭН БЭ.


Зочин    1 сар, 2 долоо хоног [124.158.109.140]


би 1984 оны цэрэг. сургуулийн дивизийн 196 дугаар ангийнх. Загдаа хурандаа тэгэхэд 096 гийн захирагч байгаад Ховд явсан юм. би дараа жил нь Ховдод очсон. 2 жил энэ сайхан хурандаагийн цэрэг байсан даа. түүнийг байхад манай анги армийн марш тактикийн аварга болж байлаа. Загдаа хурандаа шиг ангийн захирагчтай байх нэр төрийн хэрэг шүү.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


жинэнэ ясны цэргийн дарга байлаа, дурсахгүй байхын аргагүй, ар гэрт нь аз жаргал сайн сайханыг хүсье. БХЯ энэ хүний хийж бүтээсэнийг хойч залуу үед өвлөн сургах талаар анхаарахад илүүдэхгүй болов уу, Ялангуяа Батбилэг мэтийн генерал цолны шившиг болсон гарууд?