Аналитик


ИТГЭЛИЙН ЗЭЭЛ-Бодлогын зээл

3 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Нөөцийн хомсдолыг даван туулах, ядуурлыг бууруулах, дундаж давхрагыг өргөжүүлэх, улс орны эдийн засгийн нөхөн үйлдвэрлэлийн бааз суурийг өргөтгөх нь дэлхийн аль ч улс орны тулгамдсан асуудал хэвээр байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд эдийн засаг, хууль зүйн хосолсон арга  механизмыг ашиглаж, тодорхой үр дүнд хүрсэн бусад улсын сайн туршилга цөөнгүй байна. Түүний нэг нь ард түмнийхээ зорилтод бүлэгт өрхийн болон бичил бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зээл олгож амжилтад хүрсэн сайн жишээ байна. Олон улсад туршигдсан эдгээр  сайн туршилгаас  санаа авч  эх орондоо нутагшуулах санаа сэдэл олж,  “Итгэлийн зээл”  -ийн  тухай ярьж эхэллээ. Энэ нь  олон нийтийн дунд янз бүрийн хэлэлцүүлэг өрнөх, хардлага сэрдлэг дагуулж эхлэв.   

  Итгэлийн зээл бол зорилтод бүлэгт чиглэсэн, өрхийн болон бичил бизнес эрхлэх, гарааны нөхцөлийг дэмжих зорилготой  бодлогын зээл юм. Үүнийг зөв, шударга, ухаалаг хэрэгжүүлж чадвал  олон айл өрх ядуурлаас гарч, ажил орлоготой болж,  улсын эдийн засгийн бааз суурь өргөжих нөхцөл бүрэлдэнэ.  
 Ийм замаар бичил бизнес эрхлэгчид өргөжиж, өөрсдийнхөө асуудлыг шийдэх төдийгүй айл хөршийхөө, улмаар орон нутгийнхаа ард иргэдийн хэрэгцээг хангаж, цаашлаад бүс нутаг, улс орныхоо эдийн засагт эерэг нөлөөлдөг энэ үзэгдлийн ард бидний эргэлзэж гайхаад дэмжээд бас хардаад байгаа итгэлийн зээл л хөгжлийн эх сурвалж нь болж байгаа улс орон цөөнгүй аж.    

Энэ санаачилга, үзэл санааны хэрэгжилтийн суурин дээр  “Орон нутгийн эдийн засгийн хөгжил”  (Local Economic Development) нэртэй, өдгөө ихэд моодонд орж байгаа   онол хүртэл бий болж, дэлхийн улс орнууд туршиж амжилтанд хүрсээр байна.  Тухайлбал: Өмнөд Солонгос Улсад 1970-аад онд тухайн үеийн ерөнхийлөгч Солонгосын эдийн засгийн орчинг шинэчлэх зорилгоор Saemaul Undong буюу “Шинэ тосгон”  нэртэй төсөл- санаачлага гаргаж, тэр нь эхлээд аж үйлдвэржилт хурдацтай хөгжиж байсан хот суурин газрын амьжиргааны түвшин, ядууралд өртсөн жижиг тосгод хоорондын ялгааг арилгах,  амьдралын үндсэн нөхцөл, орчныг сайжруулахад төвлөрч байсан бол  хожим төслүүд нь орон нутгийн томоохон асуудлыг шийдэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх загвар болж хөгжсөн гэдэг. 

Манай хөрш ОХУ болон БНХАУ-д бага хүүтэй, барьцаагүй зээлийн бүтээгдэхүүнийг төрийн дэмжлэгтэйгээр иргэддээ олгож, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх стратегийг баримталж байна. Ялангуяа ОХУ-д 2013 оноос хойш  бичил зээлийн зах зээл хурдацтай хөгжсөн. Бичил бизнес эрхлэгчдэд жижиглэнгийн зээл олгож эхэлснээсээ хойш бараг 5 дахин өссөн нь хүлээгдэж байсан хүлээлтээс ч илүү үр дүнд хүрсэн гэсэн судалгаа бий. Өнөөдөр 2400 гаруй бичил санхүүгийн байгууллагаар дамжуулан 10 сая орчим иргэнд зээл олгожээ. Энэ арга хэмжээг зарим судлаачид барууны эдийн засгийн хоригийг хохирол багатай давах нэг чухал нөхцөл болсон гэж дүгнэх нь бий.  

Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын зах зээл хурдацтай өсч байгаагийн нэг хүчин зүйл нь  төрөөс бичил зээлийн бодлогыг түлхүү дэмжсэн явдал гэж үздэг. Ашгийн бус байгууллагууд, засгийн газрын хөтөлбөрүүд, бичил зээлийн компаниуд, арилжааны банкууд, хөдөө тосгоны зээлийн хоршоодоор дамжуулан 2012 оноос хойш 6000 гаруй бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай байсан бол өнөөдрийн байдлаар хэдэн мянга дахин нэмэгдсэн байна.

Тэгэхлээр бидний итгэлийн зээл нэртэй энэхүү бичил зээл зорилтод бүлгийг дэмжих төдийгүй улс орны эдийн засгийн хөгжлийг тэтгэх, солонгоруулах, дороос ургаж тэлэх нөхцөлийг бүрдүүлдэг бодлогын чухал шийдэл гэж харж болно. 

Бангладеш улсын залуу эдийн засагч, доктор Мухаммед Юнус 1976 онд Итгэлийн зээлийн төслийг анх санаачилж эхлүүлсэн ба уг төсөл нь 1983 онд ядуу, бага орлоготой иргэдэд зориулагдсан банк болтлоо өргөжсөн гэдэг. Энэхүү санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, зорилтот зах зээлээ тодорхойлж, үнэлгээ, шалгуур, зээл олгох, буцаан төлүүлэх өөрийн гэсэн өвөрмөц системийг бий болгосон  чадсан байдаг. 

Өмнөд Африкт хэрэгжүүлсэн ядуурлыг бууруулах олон хөтөлбөрүүдийн нэг нь 2005 онд Сэргээн босголт, хөгжлийн хөтөлбөр нэртэйгээр Микро эдийн засгийн шинэчлэлийн стратегийг хэрэгжүүлсэн юм. Энэхүү стратеги нь газар зүйн тархалт, интеграцчилал, эдийн засгийн хараат бус байдал, санхүүгийн боловсрол, хувь хүний ур чадварын хөгжил зэрэгт төрийн оролцоотойгоор дэмжлэг үзүүлж, хүн амын олон тулгамдсан асуудлыг шийдсэн мэдээ бий.

Монгол Улс ард иргэдээ ажилтай, орлоготой байлгах тал дээр янз бүрийн эрэл хайгуул хийж байна. Итгэлийн зээл нь энэ эрэл хайгуулын нэг гэж харвал дэмжихгүй хүн нэг ч олдохгүй биз ээ. Итгэлийн зээл бол Монгол Улсын хот хөдөөгийн олон зуун бага орлоготой иргэдийн гарааны бизнесийг дэмжихэд чухал түлхэц болно.Үүнийг чөлөөт нийгэмд янз бүрийн тал өнцгөөс харж тайлбарлах нь зүйн хэрэг. Энэ л дагуу итгэлийн зээлийг хавтгайруулан олгож, үр ашиггүй зүйлд зарцуулаад өнгөрөх вий, эдийн засаг уналтад орох вий гэж мөн зарим нь 2020 оны сонгуультай ч холбон шүүмжилж байна.  Харин энэ үзэл санааг олж харж санаачилсан хүмүүс буруутай биш юм. Зөв талаас нь харж, зөв хэрэгжүүлж чадвал эх орон, ард түмнээ бодсон сайн шийдэл шийдвэр байх болов уу.

 Энэ итгэлийн зээлийн зорилго нь өрхийн болон бичил бизнес эрхлэгчдэд учирж буй зээлийн хүү өндөр, барьцаа хөрөнгө байхгүй гэх бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд төр засгаас дэмжих байдлаар бага хүүтэй, урт хугацаатай, барьцаагүй зээлийг олгоход чиглэх аж. Хууль батлагдаад, зээл олгогдоод ирэхэд өрхийн дундаж орлого нэмэгдэхээс гадна санхүүгийн сахилга бат, хувь хүний чадавхийг нэмэгдүүлж, орон нутгийн тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулахад эерэгээр нөлөөлнө. Мөн ард иргэдийн маань санхүүгийн боловсрол ч дээшилнэ. 

Итгэлийн зээлийг эзнийг олж өгч, зөв хэрэгжүүлбэл Орон нутгийн эдийн засгийн хөгжил (Local Economic Development )-ийн загварыг Монгол Улсад үүсгэн хөгжүүлдэх үндэс суурийг тавих нь эргэлзээгүй. Улсынхаа эдийн засгийн бааз суурийг өргөтгөж, олон зуун өрхийн бизнес, ард иргэдийн амьдралын түвшинг сайжруулах гэрэлтэй ирээдүй байж болохыг олж харахыг хичээх хэрэгтэй юм.

Итгэлийн зээл олгох санаачлагыг сонгуулийн санал татах зорилгоор гаргаж байна гэж унагахыг оролдохын оронд улс орны эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой талаас нь харж, яаж хөгжлийн хүчин зүйл болгох вэ  гэдгийг бодох нь эх орноо гэсэн бодолтой хүнийн эрүүл сэтгэлгээний  шалгуур байх ёстой.

Итгэлийн зээлийг хавтгайруулан олгож, үр ашиггүй зүйлд татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулахгүйн тулд  эзнийг зөв, шударга олж чадах хариуцлагатай сайн засаглал бий юу гэсэн асуулттай улсаараа нүүр тулж мэднэ. Гэхдээ ямар нэг асуудлыг хичээж зүтгэж, хийе гэсэн зөв сэтгэл байвал ард нь гарч чаддаг.

Итгэлийн зээлийг төрөөс бодлогоор гаргаж байгаа бодлогын зээл учраас арилжааны утга агуулга оруулахгүйн тулд төрөөс үүсгэн байгуулсан Төрийн банкаар дамжуулан  олгохоор төлөвлөж байгаа нь буруу биш юм. Төрийн банк нь 500 гаруй салбар нэгжтэй үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг банк учраас энэ давуу талыг нь ашиглан  бодлогын зээлийг олгож болно. 
 
Эх сурвалж: Өглөөний сонин




Холбоотой мэдээлэл


ИТГЭЛИЙН ЗЭЭЛ-Бодлогын зээл
ИТГЭЛИЙН ЗЭЭЛ-Бодлогын зээл
3 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 4 өдөр []


Сэнхэртэл бичжээ. Яаж амжилттай хэрэгжүүлж, давуу талыг нь гаргах вэ гэдэг л чухал. Дараагийн ЖДҮ болгохгүй байхад анхаарах хэрэгтэй гэж бодном.


Зочин    3 долоо хоног, 2 өдөр []


Sonirholtoi niitlel bna.Avtor n hen um bol.Um meddeg hun baih um