Онцлох сэдэв


Г.Тайванжаргал: Бүх нийтийн боловсролыг дэмжиж ажиллана

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

-“Өөдлөх айл үүднээсээ” гэдэг. Хэнтий аймгийн Батноров сумын хөг­жил нь цэгцтэй, иргэдийн амьд­рал нь боломжийн харагдаж байна. Дээрээс нь та Засаг даргын албыг долоо дахь жилдээ тогтвортой ха­шиж байна. Бодож, төлөвлөсөн ажлууд нэлээд ахицтай яваа байх?

-Би 2012 оноос сумын Засаг даргын ажлыг хүлээж аваад, сум орон нутгаа удирдаж байна. Ер нь сум орон нутгийн бодлого, чиглэл ямар байдаг вэ гэдгийг  багш хүний хувьд, анх ажил хүлээж аваад гайхаж байлаа. Яагаад гэвэл, сумыг тогтвортой хөгжүүлэх нийгэм эдийн засгийн мастер төлөвлөгөө зэрэг бодлогын бичиг баримтууд дутуу дулимаг санагдаж байсан. Тиймээс 2012 онд бидний  хэсэг залуус нийлж, сум орон нутгийнхаа хөгжлийн төлөвлөгөөг баталъя гээд ИТХ-аар энэхүү бодлогын бичиг баримтаа баталж байлаа. Мөн үүнийгээ олон улсын “Мерси кор” байгууллагатай хамтарч хийснээр батноровчуудын тогтвортой хөгжлийн бодлогын бичиг баримт батлагдсан гэж баярлаж, талархаж явдаг юм. Мөн олон улсын “Вектор мэп” байгууллагатай хамтарч нутаг дэвсгэрийнхээ хөгжлийн төлөвлөгөөг 10 жилээр нь хийж, сум орон нутгийнхаа төлөвлөлтийг бодлогын хүрээнд баталгаажуулж, бичиг баримтаа хүлээж авсан. Түүнчлэн Улаанбаатарын  Хот төлөвлөлтийн хүрээлэнтэй хамтран Батноров сумын дахин төлөвлөлтийг тав, таван жилээр нь  хийсэн. Ингээд гурван том бодлогын бичиг баримтынхаа хүрээнд сум орон нутгийн хөгжил маань тогтвортой сайхан урагшилж байна.

-Хөгжил, дэвшлийн ажлуудад хувь, хувьсгал гэлтгүй, хүн бол­гон идэвхийлэн оролцдог гэж сонс­сон. Мөн танай сум олон улсын байгууллагуудтай нэлээд идэв­хтэй хамтран ажилладаг, төсөл хөтөл­бөрүүдийг үлгэр жишээ хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд ямар ажлуудыг хийж байна вэ?

-Сум орон нутгийн хөгжлийн төлөө дан ганц төрийн байгууллага зүтгэх бус төрийн бус байгууллагууд хамтран зүтгэх ёстой. Энэ хүрээнд бид хийхээр төлөвлөж буй ажлуудаа ард иргэдтэйгээ хамт хэлэлцэж, эндээс гарсан санаа, бодлого шийдвэрүүдээ нэгтгэн олон ажил хийж байгаа учраас төр хувийн хэвшил гэж ялгалгүй, сум орон нутагт хамтраад хийх ямар ажил байна, мөн дан ганцхан улсын төсвийн хө­рөнгө оруулалтаар биш, олон улсын байгууллагуудтай хамтран орон нутгаа хөгжүүлэх ямар боломж байна вэ гэдгийг  судалж үзсний үр дүнд бид НҮБ-ын Дасан зохицох 11 төслийг сумандаа хэрэгжүүлсэн. Мөн НҮБ-ын “Зах зээл ба бэлчээр менеж­мент” төслийг амжилттай хэрэг­жүүлж, олон хүнийг ажлын байраар хангалаа.“Дэлхийн Зөн” олон улсын байгууллагын төслийг сумандаа таван жилийн гэрээтэй хэрэгжүүлж, хүүхэд залуучуудынхаа сургалтын орчныг сайж­рууллаа. АНУ-ын хөрөнгө оруу­лалттай ТББ-тай хамтарч малын эмч нарыг чадавхижуулах, хүүхэд залуусынхаа англи хэлний мэдлэгийг сайж­руулах сургалтуудыг зохион байгуулж ажиллалаа. Мөн Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд  сум орон нутагтаа тулгамдаж буй асуудал, цэцэрлэгийн өргөтгөлийн асуудлыг 2013 онд шийдсэн гээд дурд­вал олон ажлыг хийж, хэрэгжүүлж байна.

-Бусад сумтай харьцуулахад, танай сумын гадаад харилцаа нэлээд өргөн хүрээтэй хөгжсөн байдаг. Энэ чиглэлд хийхээр төлөвлөж байгаа ямар ажлууд байна. Мөн 2019 онд сум орон нутагтаа хийхээр төлөвлөж байгаа ажлууд юу байна. Ер нь энэ онд ямар асуудалд түлхүү анхаарч ажиллах вэ?

-Батноров сум гадаад харилцаагаа өргөжүүлж ажилласны үр дүнд сум орон нутгийнхаа бодлогын бичиг баримтын нэлээдгүй хувийг амжилттай хэрэгжүүлж байна. Цаашид бид Турк улс, Хятад, Солонгос улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гээд олон ажилд анхаарч ажиллаж байна. Мөн сум орон нутгийнхаа иргэдийг яаж нэг зүг чигт, нэг зорилготой ажиллаж амьдрах вэ гэдэгт анхаарч, бид 2013 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон ажилласан. 2014 оныг “Ахмадыг дэмжих жил”,  2015 оныг “Хүүхэд залуучуудыг дэмжих жил”, 2016 оныг “Малчдыг дэмжих жил”, 2017 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон ажилласан. Мөн  2018 оныг “Өв соёл, аялал жуулчлалыг дэмжих жил” гээд Засгийн газрынхаа бодлого шийдвэртэй уялдуулан олон ажлыг хийж хэрэгжүүллээ. Харин 2019 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго бол хүн нь хөгжиж байж улс орон хөг­жих учиртай гэсэн бодлогын дагуу ажиллаж байна. Энэ хүрээнд ганцхан сур­гууль, цэцэрлэгийн боловсрол гэж хязгаарлахгүй, бүх нийтийн боловс­рол, хөгжлийг дэмжиж ажиллах, Бат­норов сумынхаа ард иргэдийг соён гэгээ­рүүлэх ажилд түлхүү анхаарч ажиллаж байна.

– Батноров сум бол Их эзэн Чингис хааны үнэнч анд, Хөлөг жанжин Боорчийн өлгий нутаг. Энэ түүхт нөхөрлөлийг мөнхжүүлсэн, аялал жуулчлалын сонирхолтой үзмэр болсон том бүтээн байгуулалт танай сумд баригдаж эхлээд байгаа. Энэ ажлын явц ямар байгаа вэ?

-Манай сум өнгөрсөн дөрвөн жилд нийт зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай ажилласан. 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалттай 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай, 110 кв-ын дэд станцыг Бэрх тосгондоо барьж байна. Мөн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай, Тэмүүжин Боорчи хоёрын нөхөрлөлд зориулсан, Засгийн газрын “Их эзэн Чингис хаан” төсөл баталгаажиж, Батноров суманд энэ сайхан өргөө сүндэрлэж, ирэх намар ашиглалтад орох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бүтээн байгуулалтын ажил ид хийгдэж байна.

-Хэнтий аймаг бол Монгол Улсын зүүн бүсийн аялал жуулч­лалын идэвхитэй бүс нутаг. Энэ жил  Батноров, Дадал сум руу чиглэсэн автозамын ажил эхэлсэн байна. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг, Хэнтий нутгийнханд олон сайхан боломжийг авчрах байх?

-Сум орон нутаг хөгжихийн зэрэгцээ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төр засгаас анхаарч ажиллаж байгаад баяртай байна. Энэ хүрээнд Хэнтий аймаг, Дадал сум чиглэлд автозамын шавь тавигдаж, ажил эхлээд явж байгаа нь хэнтийчүүд, дадалчууд төдийгүй аймаг, орон нутгийн маань олон сум, ард иргэдийн ажил амьдралд үр өгөөжөө өгөх том үйл явдал боллоо гэж нутаг олноороо талархан хүлээж авч байгаа даа.

-Саяхан танай сумд сайд дарга нар ирээд явсан. Сум, орон нутгийн хөгжилтэй танилцахын зэрэгцээ сумын ард иргэд тулгамдаж буй асуудлуудаа уламжилсан гэж байсан?

-Батноров сумд саяхан Ерөнхий сайд айлчилсан нь нэр төрийн хэрэг байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай гуай 25 жилийн өмнө Батноров сумд хүрэлцэн ирж байсан түүхтэй юм билээ.  Үүнээс өөр манай нутгаар Ерөнхий сайд ирж байсан түүх байдаггүй. Тиймээс бид энэ арга хэмжээг  бахархан хүлээж авлаа. Мөн манай суманд 18 жилийн  өмнө П.Цагаан сайд ирж байсан юм байна лээ. Харин сая БСШУС-ын сайд  Ё.Баатарбилэг ирж, Батноров сумын боловсролын байгууллагууд, ард иргэдтэй уулзлаа. Батноров сум 5571 хүн амтай, хүүхдийн тоо 700 хүрчихсэн. Гэтэл сургуулийн багтаамж нь 320 хүүх­дийн багтаамжтай, сургуулийн ашиглалтын муудсан, хана нь цуурсан бай­далтай байгаа. Тиймээс 2020 онд энэ сургуулийн засварын асуудал, бага сур­гуулийн өргөтгөлийн асуудлыг ший­дэж өгөхөөр болсонд сумынхаа ард иргэдийн нэрийн өмнөөс талархаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.5.14  мягмар  №99  (6066)




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.