Нийгэм


Газар хөдлөлтийн гамшгийн үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх дадлага сургуулилт хийлээ

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 26 эрүүл мэндийн байгууллагууд газар хөдлөлтийн үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар гурван чиглэлийн үйл ажиллагаанд оролцлоо.

Тухайлбал, нийслэлийн зургаан дүүрэг дээрх нүүлгэн шилжүүлэлтийн цэгт ЧД, БГД-ийн эрүүл мэндийн төв болон ХУД, СХД, СБД-ийн нэгдсэн эмнэлэг, Хонхор, Гачуурт тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хээрийн эмнэлэг дэлгэн ажиллаж, иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлсэн.

Мөн зургаан цэгт зохион байгуулсан газар хөдлөлтийн үеийн дуурайлган хийх дадлага сургуулилтад БГД, БЗД, СБД, СХД, ХУД, ЧД-ийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож, гамшгийн үед иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бодитоор харууллаа.

Хүй долоон худагт Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Нийслэлийн зоонозын өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн төв, Цэргийн төв эмнэлгүүд хээрийн төв эмнэлэг дэлгэн ажиллуулж, гамшигт өртсөн иргэдийг эрэмбэлэн ангилах, эрчимт эмчилгээ хийх, мэс засал, осол гэмтлийн үед хэвлийн болон мөчдийн хагалгаа хийх, дотор ба мэдрэлийн өвчин, халдварт өвчний чиглэлээр иргэдэд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар тодорхой нөхцөлд дадлага сургууль хийлээ.

Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Хүний хөгжил, Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, ЭМЯ-ны Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон НЭМГ-ын эмнэлгийн штабын бие бүрэлдэхүүн, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Дээрх үйл ажиллагааг зохион байгуулснаар нийслэлийн эрүүл мэндийн алба газар хөдлөлтийн гамшгийн үед бэлэн байдлыг ханган ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадвар нэмэгдэж, харилцан мэдээлэл солилцох, шуурхай ажиллах чухал ач холбогдолтой дадлага сургуулилт боллоо.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.