Эдийн засаг


Цуврал-2 Дотоодын үйлдвэрлэл хөгжих орчныг дэмжиж байгаа ханш хамгийн зөв ханш

4 жил, 7 сар TIMES.MN

    Дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь хамгийн зөв бодлого. Дотоодын үйлдвэрлэл хөгжих орчныг дэмжиж байгаа ханш хамгийн зөв ханш.

Ингэж байж төлбөрийн тэнцэл тогтворжиж, ханш бодит хөрсөндөө ирж байгаа юм. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 20 хувьтай тэнцэх алдагдалтай бараа, үйлчилгээний гадаад худалдаа хийж болохгүй.

Төлбөрийн урсгал тэнцлийн алдагдлыг нийт эдийн засгийн 30 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэж болохгүй. Ингэж байсан үе Монголд бий. Магадгүй нэг жил ийм байж болох. Харин олон жил үргэлжлүүлж болохгүй.

Алдаагаа засахгүй бол улсаараа дампуурна. Эдийн засгийн бүтэц нь буруу, төрийн бодлого нь уул уурхай гэсэн дан ганц салбараас хамаарахыг зөвшөөрдөг, үйлдвэрлэлийг бус харин халамжийг дэмждэг байх юм бол дампуурлын эрсдэлээс хэзээ ч ангижрахгүй.

Буруу бүтцийн, алдаатай бодлогын эрсдэлийг, алдагдлыг хаахад 100 тэрбум ам.долларын нөөцтэй байгаад ч нэмэргүй. Ийм учраас дотоодын үйлдвэрлэл, тогтвортой хуримтлал, хүчтэй дундаж давхаргад суурилсан эдийн засгийн зөв бүтэц бүрдүүлж, төлбөрийн тэнцлээ алдагдалгүй болгох хэрэгтэй. Төлбөрийн тэнцлийг нарийвчилж, задалж үзэх шаардлагатай. Зэс, нүүрсний үнийн уналтаас гадна биднээс хамаардаггүй нэг зүйл бий.

Тэр нь гадаадын шууд хөрөнгө оруулалт. 2009 оны хямралаас шалтгаалаад дэлхийн зах зээлд ам.доллар хямдарсан. Тэгээд өгөөж хайсан хөрөнгө оруулалтууд хөгжиж буй орнууд руу урссан.

Түүхий эдийн үнэ өндөр, хөрөнгө оруулалт цутгаж байсан 2010-2012 онд хөрөнгө оруулалт татах, зээл авахад хялбар байлаа. Одоо АНУ-ын Төвбанк хатуу бодлого баримталж, ам.доллар үнэтэй болсон. Ингэхээр хөгжингүй зах зээлээс өгөөж хайх нь илүү таатай болж байна. Үр дагаварт нь хөгжиж буй, уул уурхайгаас хамааралтай орнуудаас хөрөнгө дайжсаар байна.

Ам.долларын орох урсгалыг агшаасан, өөрсдөөс шалтгаалах алдаагаа 2013 онд УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж байж зассан. Хөрөнгө оруулалтыг дэмжих хууль баталсан, алтны татвараа бууруулсан. Харин гадаад зах зээлээс хамаарах зүйлийг бид засч чадахгүй. Тиймээс манайх шиг үйлдвэрлэл хөгжөөгүй жижиг улс бодит орчиндоо дасан зохицсон зөв бодлого хэрэгжүүлэх нь чухал. Зэсийн үнэ 4000 ам.доллар болсон бол үүнтэй дасан зохицсон бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Харин нүүрсний үнэ 100, зэсийнх 10000 ам.доллар байсан үеийн бодлогоо өнгөрсөн гурван жилд үргэлжлүүлэх гэвэл “үхэх” байсан.






Холбоотой мэдээлэл