Сонголт


Ч.Хүрэлбаатар: Анх удаа орон сууц худалдан авсан бол нэг удаа 6 сая төгрөгийг буцаан олгоно

2 сар, 3 долоо хоног TIMES.MN

Өнгөрсөн Баасан гарагт УИХ-ын ээлжит бус чуулганаар татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. 


 Тэрээр “2006 оноос хойш эдийн засаг бизнесийн харилцаа өргөжиж төрөлжиж эхэлсэн. Үүнийг дагаад нарийн харилцааг хуулиар зохицуулах шаардлага үүссэн. Үндэстэн дамнасан корпорациас бараа үйлчилгээ худалдаж авах, гэрээ хийхэд хуулийн зохицуулалт хэрэгтэй болсон л доо. Иймээс энэ бүхнийг зохицуулахаар Татварын багц хуулийг шинэчлэн найрууллаа. Жилийн 50 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой НӨАТ төлөгч биш аж ахуйн нэгж 1 хувийн татвар төлөхөөр боллоо. Ийм аж ахуйн нэгж 34383 байна. Жилийн 300 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилд хоёр удаа тайлангаа мэдүүлнэ. Үүнд 47867 аж ахуйн нэгж хамрагдана. 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж 10 хувийн татвараа төлөөд 90 хувиа буцааж авна. Жилдээ дөрвөн удаа тайлан гаргадаг байсныг бүгдийг нь хоёр болгож өөрчиллөө.

Татварын байцаагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор байцаагчийн гаргасан акт нь хуульд нийцээгүй, мэдээллийг задруулсан бол 10 хүртэлх жилээр төрийн албан ажиллах эрхгүй байхаар тусгасан.  Гурван тэрбум төгрөгөөс дээш борлуулалтын орлогоос төлдөг татвар нь 10-25 хувь байсныг 6 тэрбум төгрөгөөс дээш болгосон. Ашигт малтмал газрын тосны салбараас бусад салбарт хоёрдагч зах зээлд нээлттэй арилжаа хийж байгаа аж ахуйн нэгжид 5 хувийн татвар ногдуулна. Арилжааны банкны гадаад дотоодын зах зээлээс татан төвлөрүүлсэн орлогыг буцаад гаргавал төлдөг байсан хүүг одоо зээлийн хүүн дээр нь давхар суутгадаг болж байна. Ингэснээр банкны зээлийн хүү буурна гэж үзэж байгаа юм.

Амьдран суух зориулалтаар анх удаа орон сууц худалдан авсан, орон сууц барьсан бол нэг удаа 6 сая төгрөгийг буцаан олгоно. Одоогийн хуулиар бол дээрх тохиолдолд 3 сая төгрөгийг буцаан олгож буй юм. Энэ хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд дээрх зохицуулалт заасан хугацаанаас хойш орон сууц авсан иргэдэд хамаарах юм.  Ингэснээр ипотекийн зах зээлийг шинэчлэх, иргэдээ орон сууцтай болгоход чиглэж байна. Улаанбаатар хотоос 500 км алслагдсан газар бизнес эрхэлж байгаа бол татвараас 50 хувь, 1000 км бол татварын 90 хувиас чөлөөлнө. Үүнд 10 гаруй мянган иргэн хамрагдахаар байгаа. Ирүүлсэн татварын тайлан алдаатай байвал 3 хоногийн дотор эргэн мэдэгдэж, залруулах боломжийг бүрдүүлж байна. Мөн одоо мөрдөгдөж байгаа Татварын хуульд татварын өртэй нас барсан хүний хөрөнгийг өвлөж авч байгаа этгээд өрийг нь төлнө гэсэн заалт бий. Тиймээс үүнийг тодорхой болгож, нас барсан хүний хөрөнгийг өвлөж авлаа ч тухайн өвлөгч өөрөө бизнестэй байсан бол түүнд нь халдахгүй гэсэн заалт оруулсан. Гадаадын иргэд татварын өрөө төлөөгүй хилээр гарах гэж байгаа бол тухайлбал, өрийн хэмжээ 20 саяд хүрсэн, эсвэл өр төлөх барьцаа хөрөнгө байхгүй бол ийм зохицуулалт хийхээр тусгасан" гэдэг тайлбарыг өглөө.




Холбоотой мэдээлэл


Удмын уурхайчин
Удмын уурхайчин
2 долоо хоног, 5 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 сар, 3 долоо хоног [103.26.194.222]


Ч. Хүрэлбаатарын төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн луйвардаж авсан Хотгор шанагын уурхайг ч бас төр мэдэлдээ буцааж авах ёстой.