"THE VOICE OF MONGOLIA" Азийн энтертайнмент нэвтрүүлэг боллоо

5 сар TIMES.MN

”The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэг Азийн телевизийн наадмын хоёр номинацид тэргүүлж, шагнал хүртлээ. 

Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Asian Television Awards"  наадам нэгдүгээр сарын 11-12-нд Малайз улсад  боллоо. 23 дахь удаагийн наадамд анх удаа Монгол Улсаас "Mongol HD" телевизийн бүтээлүүд өрсөлдөж, "The Voice of Mongolia" шоу нэвтрүүлэг "Азийн шилдэг энтертайнмент нэвтрүүлэг", "Азийн шилдэг нутагшуулсан шоу" гэсэн номинацад тэргүүлж, цом хүртлээ. Шагналыг өчигдөр /2019.01.12/ тус телевизийн удирдлагууд гардав. Ёслолд Moнгол HD телевизийн Гүйцэтгэх захирал Ч.Номин, Бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Г.Бат-Эрдэнэ, Програм хариуцсан дэд захирал Б.Гантөмөр, тус телевизийн дуу, хөгжмийн продюсер, найруулагч С.Буянтөгс нар оролцжээ.


"Mongol HD" телевизийн гурван нэвтрүүлэг дөрвөн номинацид нэр дэвшсэн юм. Тодруулбал, шилдэг энтертаймент нэвтрүүлэгт "The Voice of Mongolia", шилдэг реалити шоуг нутагшуулсан нэвтрүүлэг төрөлд "Shark Tank", "The Voice of Mongolia", шилдэг хөгжөөнт нэвтрүүлэг төрөлд "Төрөх өрөөний тоглоом" зэрэг бүтээлүүд өрсөлдсөн юм. Наадамд Өмнөд Солонгос, БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконг, Тайвань болон Малайз, Индонези, Япон зэрэг улсын телевизүүд оролцсон. 


Азийн тэргүүлэх телевизүүд 1996 оноос эхлэн "Asian Television Awards" наадмыг жил бүр зохион байгуулж эхэлсэн бөгөөд наадмын шилдгүүдийг Ази тивийн өнцөг булан бүрээс сонгогдсон 60 шүүгч тодруулж, шалгаруулалтад олон улсын аудитын "PWC" агентлаг хяналт тавин ажилладаг юм. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.