2018,10-Р Сар,29


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Аналитик


ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийн тайлбар

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Өнгөрөгч долоо хоногт Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд зээл авсан талаарх мэдээлэл баримттайгаа цацагдаад байгаа билээ. Дээрх гишүүдийн дунд УИХ-ын гишүүн Н.Учралын аавын эзэмшлийн "Хүннү" ХХК багтаж буй юм. Тэгвэл энэ талаар Н.Учрал гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдээлэл хийжээ.


Н.Учрал: Аавын эзэмшлийн "Хүннү" ХХК ЖДҮДС-аас авсан зээлээ хугацаанаас нь өмнө эргүүлэн төлнө

Тэрбээр "Миний аавын эзэмшлийн "Хүннү" ХХК зохих шаардлагын дагуу төсөл бичиж зээл авсан ч гэлээ нийгэмд бухимдал, хардалт сэрдэлт үүсэж надтай холбож байх шиг байна. Тус зээлийг авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй, хэрвээ хардлага байгаа бол би хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна. 1992 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй "Хүннү" ХХК ажлын байр нэмэгдүүлж баялаг бүтээсээр ирсэнийг Монголын бизнес эрхлэгчид бүгд мэднэ. Надтай огт хамааралгүйгээр явж ирсэн компани. Эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл 20 хувьтай эхэлж байсан боловч нийгмийн бухимдал, хардалт байгаа учир зогсоход хүрч байна. Миний аав Н.Ням-Осор түүний удирдлагын баг төслийн үйл ажиллагаагаа зогсоож тус зээлийг хугацаанаасаа өмнө буюу маргааш эргүүлэн төлөхөөр шийдлээ. Би УИХ-ын гишүүн болсон учир миний гэр бүл, ах дүү, хамаатан садны бизнес зогсоно гэж ойлгохгүй байгаа. Ер нь цаашдаа аливаа сангуудын үйл ажиллагааг нээлттэй болгох чиглэлээр ажиллах болно" гэлээ.



Б.Батзориг: Миний болон эхнэрийн нэр дээр "Тээвэр ачлал" ХХК-ийн нэг ч хувьцаа байхгүй

Харин тус сангаас зээл авсан гишүүдийн тоонд нэр нь багтаад буй ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг "Тээвэр ачлал" ХХК Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах үед миний болон миний эхнэрийн нэр дээр тус компанийн нэг ширхэг ч хувьцаа байгаагүй. Би үүсгэн байгуулагч нь биш. Социализмын үед байгуулагдсан байсан тус компанийг сүүлд хувьчилсан. Хэн авсныг нь би мэдэхгүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Монгол Улсын иргэн хэн ч зээл авах эрхтэй. Хамгийн гол нь шалгуураа давах журамтай. Төсөл сонгон шалгаруулах комисс хуралдаж тухайн төсөл шалгуур давсан эсэх болон зээл олгох эсэхийг шийддэг. Түүнээс биш сайд би үүнд оролцох эрхгүй. Төсөл бичсэн хэн болгон даваад байдаггүй өндөр шалгууртай. Тус шалгуурыг даваад барьцаагаа төлөөд гэрээгээ хийсэн хэнд ч зээл олгодог. Харин авсан зээлээ зориулалтын дагуу ашиглах ёстой. Зээл олгохдоо төслийг сонгон шалгаруулдаг болохоос ямар гишүүний, хэн гэдэг хүний компани болохыг мэддэггүй. Сонгон шалгаруулалтын үед миний нэр дээр тус компанийн хувьцаа байгаагүй. Өмнө нь бол байсан. 2016 оноос хойш хувьцаагүй болсон" хэмээн сэтгүүлчдэд хариулжээ.


Я.Содбаатар: Миний эхнэрийн найзуудтайгаа хамт байгуулсан компани ЖДҮДС-аас зээл

авсан юм билээ

Тэгвэл  Я.Содбаатар гишүүн "Манай эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан аж ахуйн нэгж ЖДҮХ сангаас зээл авсанюм билээ. Эхнэр маань тэр компанийн үйл ажиллагаанд оролцохгүй нэлээн удаж байгаа. Эрүүл мэндийн шалтгаантай байгаа учраас аж ахуйн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа. Энэ зээлийн талаар авсан аж ахуйн нэгжээс нь би тодруулсан. Тухайн ААН нь сонгон шалгаруулалтад ороод, зээлээ аваад, зориулалтын дагуу ашиглаж, тодорхой ажлын байр бий болгоод байгаа юм билээ" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.



УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Би хувьцаа эзэмшдэг. Зээлээ графикийн дагуу төлж байгаа. Би зээл авснаа нуухгүй. Авсан зээлээрээ үйлдвэрээ өргөжүүлээд, үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор талх, гурил үйлдвэрлэж байгаа. Арилжааны банкны зээлийн хүү өндөр. Ургац алдаж, хүүгийн дарамтад ороод яах аргагүй зээл авсан юм билээ. Би зээл авсныг сүүлд мэдсэн."


УИХ-ын Г.Солтан "2010 он хүртэл “Монгол шаазан” ХХК-д удирдах ажил хийж байсан манай найз Ерөнхий сайдын зөвлөх болсон. Түүнээс хойш аж ахуйн ажлаас хөндийрсөн. “Монгол шаазан” компанийг өөр хүмүүс удирдаад явж байгаа. Миний хувьд ч гэсэн 2010 оноос хойш ажиллаагүй. 2010-2012 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. 2013 оноос Баян-Өлгий аймагтаа амьдраад, улс төрийн ажил хийсэн. 2016 оноос УИХ-ын гишүүн болсон. Тиймээс би энэ аж ахуйн нэгжид хамааралгүй".



Энэ онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 1034 аж ахуй нэгж зээлд хамрагдахаар хүсэлт гаргасан ч 134 ААН-д нь зээл олгосон. Үүний 122 ААН нь УИХ болон ЗГ-ын гишүүд, албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүсийн компани байсан бөгөөд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 1.4 тэрбумыг, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар 1.2 тэрбумыг, УИХ-ын гишүүн Г.Солтан 950 саяыг, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мөн 950 саяыг тус тус авсан. Ил тодорсон нь тэд боловч УИХ-ын 76 гишүүний 50 гаруй гишүүд нь энэ зээлд хамрагдсан гэдгийг ч сөрөг хүчнийхэн мэдэгдсэн.




Холбоотой мэдээлэл


АУДИТ ба АСЕМ
АУДИТ ба АСЕМ
3 долоо хоног, 4 өдөр
Өвөлд бэлэн бус "Нийслэлчүүд"
Өвөлд бэлэн бус "Нийслэлчүүд"
1 сар, 2 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Ард түмэн ёс зүйтэй байлдаа ,Энэ нөхдүүд чинь бүгд хутагт хувилгаадын удам