Эдийн засаг


Ч.Сайханбилэг Дубай нисч, Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөг баталжээ

4 жил, 4 сар TIMES.MN

ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН ТАЛААР “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИАС АЛБАН ЁСНЫ ХЭВЛЭЛИЙН  МЭДЭЭЛЭЛ ГАРГАСАН БАЙНА. 

Үүнд:

“Оюу толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг тус компани талархан хүлээн авч байна.

“Оюу толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид шийдвэрлэгдээгүй байсан асуудлуудаа эцэслэн тохирч, далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх үндсэн зарчмуудыг тусгасан “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү төлөвлөгөөнд далд уурхайн бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэх ажлуудыг тохиролцсоны дотор төслийн санхүүжилтийг эцэслэх, техник эдийн засгийн үндэслэлийг дахин хянах, батлуулах, шаардлагатай бүх зөвшөөрлийг авахад тус тус голлон төвлөрч ажиллах ба ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн явуулах нөхцөл бүрдэнэ.

“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Г.Батсүх “Хувьцаа эзэмшигчдийн гаргасан энэхүү шийдвэр нь Оюу толгойтой холбоотой бүх талуудад нэн таатай үйл явдал болж байна.

Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компанийн хэлэлцээрийн багуудад мэргэжлийн өндөр ур чадвар, тэсвэр тэвчээр, харилцан хүндэтгэл гарган ажиллаж, энэхүү шийдэлд хүрсэнд нь талархал илэрхийлэхийг хүсч байна. Оюу толгой төсөл, түүний хувь нийлүүлэгчид төдийгүй Монголын ард түмний хувьд энэ нь бахархалт мөч бөгөөд ТУЗ-ийн нэрийн өмнөөс бүх талуудад баяр хүргэж байна” гэж тэмдэглэн хэллээ.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй хэлэхдээ “Оюу толгойн хувьцаа эзэмшигчид шийдвэрлэгдээгүй байсан асуудлуудаа эцэслэн тохирч,далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн явдалд сэтгэл хангалуун байна.Ингэснээр газрын гүнд байрлаж буй, дэлхийд томоохонд тооцогдох зэс-алтны ордыг ашиглах бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх бололцоо бүрдэж байна.

Өнгөрсөн онд компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирлын ажлыг хүлээж авсан өдрөөс эхлэн хамтран ажиллаж буй Монгол ажиллагсдынхаа мэргэжлийн өндөр ур чадвар, ажилдаа чин сэтгэлээсээ мах руу ханддаг байдалд нь би үргэлж сэтгэл хангалуун явдаг. Манай хамт олон энэхүү мэдээг баяртайгаар хүлээж авна гэдэгт эргэлзэхгүй байна.

Өнөөдөр ил уурхайн үйл ажиллагаа аюул осолгүй, үр бүтээмжтэй явагдаж байна. Цаашид ч аюулгүй ажиллагаа бидний нэн тэргүүний чиглэл хэвээр байх болно. Бид урт хугацааны бизнесийн бат бэх үндэс суурь бүрдүүлэхийн зэрэгцээ үйлдэврлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны суурь зардлыг бууруулахад үргэлжлүүлэн анхаарч ажиллана” гэж цохон тэмдэглэв.

Энэ онд “Оюу толгой” компани үйл ажиллагаандаа томоохон ахиц дэвшлүүд гаргасан нь далд уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай үргэлжлүүлэх нөхцлийг бүрдүүлж байна. Энэ оны нэгдүгээр улиралд, нэг сая дахь тонн баяжмалыг экспортод гаргасан амжилтын зэрэгцээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн түүнчлэн 4 дүгээр сард Өмнөговь аймагтай байгаль орчин, ус, бэлчээрийн менежмент, соёлын өв, орон нутгийн бизнесийн хөгжил зэрэг чиглэлээр тогтвортой хөгжлийг хангаж ажиллах Хамтын ажиллагааны гэрээг байгуулсан билээ. 

Энэхүү арга хэмжээ АНЭУ-ын ДУБАЙ хотод болсон талаар "Оюу Толгой" компанийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. 

Уржигдар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  ажлын айлчлал хийхээр Арабын нэгдсэн Эмират улсыг зорьсон билээИрэх пүрэв гариг хүртэл үргэлжлэх тус айлчлалын үеэр Ерөнхий сайд Дубай болон Абу Даби хотуудад болох Монгол Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож үг хэлэх юм Мөн тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед  Рашид Бин Рашид Аль МактумШадар сайд бөгөөд Абу Дабигийн хөгжлийн сангийн удирдах зөвлөлийн дарга Шейх Мансур Бин Зайд Аль Нахъян нартай ажлын уулзалт хийхээр төлөвлөсөн байсан. Тэгвэл энэ үеэр Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай тохиролцсон гэдгээ батламжилсан аж. 





Холбоотой мэдээлэл


"Монголбанкинд өр төлбөргүй"
"Монголбанкинд өр төлбөргүй"
1 долоо хоног, 1 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.