Нийгэм


Үндсэн хуулийн цэц магадлал гаргалаа

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN
 Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд, “Дархлаажуулалт, эсхүл сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, мөн “Хүүхдийг дархлаажуулалт, эсхүл эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.


 Хуралдааны явцад дээрх маргаан нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргааны шинжийг агуулаагүй буюу Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, эрх зүйн хийдлийг арилгах, хууль хоорондын уялдаа хамаарлыг сайжруулахтай холбоотой асуудал болох нь тогтоогдсон тул Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас магадлал гаргалаа.

 
Түүнчлэн, “Дархлаажуулалт”,  болон “Сэргийлэх тарилга” гэх ойлголтыг хууль зүйн хувьд тодорхой болгох, дархлаажуулалт, сэргийлэх тарилгад хамрагдахаас хуулийн дагуу татгалзах тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг нарийвчлан зохицуулж холбогдох хариуцлагаас чөлөөлөх, хүүхдийн дархлаажуулалтын талаарх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, дархлаажуулах бэлдмэлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд төрөөс түүний үр дагаврыг арилгах, нөхөн төлбөр олгох хууль зүйн боломжийг бүрдүүлэх хэм хэмжээг хуульчлах зэрэг тулгамдсан асуудал байгааг магадлалдаа онцлон тэмдэглэсэн байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

                                                    




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.