Эдийн засаг


Н.Баяртсайхан: Чингис, Дим Сам бондын төлбөрт валютын улсын нөөцийн тодорхой хэсэг гарсан

1 сар TIMES.MN

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар валютын ханшийн асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийлээ.  

Н.Баяртсайхан Ерөнхийлөгчийн хийсэн мэдээлэл болон Байнгын хорооны гишүүдийн асуултад хариулсан хариултыг хүргэж байна.    

Тэрбээр Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн доллартай харьцах ханш 2018 оны эхнээс 5.5 хувиар сулраад байна. Төгрөгийн ханш ийнхүү сулрахад эдийн засгийн дотоод болон гадаад хүчин зүйл нөлөөллөө. Эдийн засгийн дотоод хүчин зүйлд эдийн засгийн сэргэлт дагасан хөрөнгө оруулалт болон хэрэглээний импортын өсөлт, 2012 онд босгосон бондуудын эргэн төлөлт, экспортын тээвэрлэлттэй холбоотой хил дээрх түгжрэл зэргийг хамааруулж ойлгож байгаа юм.

2016 оны эхний гурван улирлын турш агшиж байсан дотоод эрэлт сэргэж 2018 оны хоёрдугаар улирлын байдлаар 2017 оноос 13.6 хувиар сэргээд байна. Үүний дийлэнх хэсэг болох 12.1 хувийг хөрөнгө оруулалтын өсөлт бүрдүүлж байна. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын импорт өнгөрсөн оныхоос өслөө.

2018 оны эхнээс хөрөнгө оруулалтын импорт 298 сая доллараар буюу 46 хувиар өсөөд байна. Хөрөнгө оруулалтын энэхүү хуримтлал нь ирээдүйн эдийн засгийн өсөлтийг тэтгэх хөдөлгүүр байх болно гэж үзэж байгаа.

Хэрэглээний шинж чанартай импорт оны эхнээс 234 сая доллараар буюу 29 хувиар өсөөд байна. Бензин түлшний импорт 174 сая доллараар буюу 33 хувиар өсөөд байна.

2012 онд босгосон Чингис бондын үлдэгдэл 125 сая доллар, Дим Сам бондын 160 долларын төлбөрийг 2018 онд төлж барагдуулсан. Бондуудын төлбөрт валютын улсын нөөцийн тодорхой хэсэг гарсан. Энэ бол санхүүгийн дансны томоохон гарах урсгал болж, тэнцлийн алдагдалд нөлөөлсөн.

Гадаад хүчин зүйлд том гүрнүүдийн худалдааны маргааныг нэрлэж авч үзэж байна. Энэ маргаанаас болоод зэс, алт, төмрийн хүдэр зэрэг манай улсын экспортын гол бүтээгдэхүүний үнийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байгаа.

Эдийн засгийн идэвхжил сэргэхтэй зэрэгцэн гадаад зах зээл дээр таагүй нөхцөл байдал үүсч эхэллээ. Өндөр хөгжилтэй зах зээл дээрх хүүгийн түвшин нэмэгдэж байгаа нь хөгжиж байгаа орнуудаас хөрөнгө гадагшлахад нөлөөлж байна.

Энэ нь цаагуураа мөнгөн тэмдэгтийн ханш долларын эсрэг сулрахад гол шалтгаан болж нөлөөлж байгаа. Улс орнуудын сонголт нь ханшаа тодорхой түвшинд сулруулах замаар гадаад валютын улсын нөөцөө хамгаалах замд шилжиж байх шиг байна.

Би гадаад зах зээлийг ажиглаж байна гэж. Хүмүүс намайг хэчнээн их ажигладаг юм гээд шүүмжлээд байгаа. Том гүрнүүдийн маргаан хэдхэн сарын настай ойрын үед шийдэх гээд байгаа юм уу эсвэл 20 жилийн худалдааны дайн эхэлж байгаа юм уу гэдгийг одоо хэлэхэд эрт байгаа юм. Ийм нөхцөл байдалд ажиглаж харахаар өөр аргагүй байдал үүсээд байгаа.

Төгрөгийн ханш эхний найман сарын байдлаар худалдааны түнш орнуудын валютын эсрэг чангарч байсан бол сүүлийн хоёр сард суларснаар БНХАУ, БНУС-ын валютын эсрэг тэнцвэрт түвшинд хүрээд байна.

Валютын ханшийн тогтвортой байлгах бодлогыг бид барьж байгаа. Гэхдээ энэ бодлогын хэрэгжүүлэхийн тулд гадаад худалдааны өрсөлдөх чадвараа хамгаалах явдал бол хамгийн гол стратеги юм. Гадаад худалдааны өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх явдал бол ханшаа хамгаалах хамгийн гол стратегийн зорилт гэж үзэж байгаа.

Томоохон эдийн засаг болох Турк, Өмнөд Африк, Аргентин зэрэг улсууд хэт уян хатан бус ханшийн бодлого баримталснаар үүдэлтэй сөрөг үр дагавартай тулж байгаа. Энэ туршлагыг ч бид анхааралтай харж судалж байна.

Төгрөгийн ханш долларын эсрэг суларсан боловч импортын үнэ буурч, хэрэглээ хямдрах боломжийг хязгаарлах хэдий ч импорттой өрсөлдөх салбарыг хамгаалах экспортын салбараа дэмжиж валютын урсгалаа татруулахгүй байхад эерэг нөлөөтэй гэдгийг ойлгох хэрэгтэй

Эдийн засгийн 50 орчим хувь нь гадаад зах зээлээс хамааралтай манай улсын хувьд хангалттай хэмжээний гадаад валютын нөөцтэй байх явдал бол эдийн засгаа хамгаалах санхүүгийн баталгаа болно гэдэг бодлогыг Монголбанк баримталж байгаа.

Гадаад орчноос хамааралтай ханшийн савалгааг хязгаарлахын тулд ойрын хугацаанд цаг алдалгүй авч хэрэгжүүлэх хэд хэдэн арга байна. Богино хугацаандаа ямар арга хэмжээ авах вэ гэхээр, төсвийн төлөвлөлийг сайжруулж, алдагдлыг бууруулах гол арга зам. Экспортлогч төрийн өмчит компаниудын хяналтын сайжруулах. Экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн хөтөлбөр үйл ажиллагааг дэмжих санхүүжилтийг схемийг хэрэжүүлэх, импортын эрэлтийг нэмэгдүүлэх Засгийн газрын зардал, үйл ажиллагааг аль болох хязгаарлах бол богино хугацаанд хийж болох бодлогын алхмууд гэж харж байна.

Дунд, урт хугацаанд уул уурхайн бус экспортыг дэмжих бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжрулах, экспортыг дэмжих байгууллага болон гадаад худалдааны бодлогыг хариуцсан байгууллага институци шинээр бий болгох, гадаад худалдаанд тулгарч байгаа саад бэрхшээлийг хөнгөвчлөх чиглэлийн гэрээ хэлцлүүдээ яаравчлуулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхүйц институцийн тогтолцоо болон бодлогын орчин бий болгох ажлуудыг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.

Монголбанкны зүгээс мөнгөний бодлого болон төлбөрийн тэнцлийн хэт их дарамт болохоос сэргийлэх буюу эдийн засгийн өсөлтийг гадаад зах зээлийн төлөвтэй уялдуулан зохистой түвшинд хадгалж, валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах болно.   

 Мөн тогтвортой санхүүжилтийг зах зээлд нэвтрүүлэх, валютын захын дэд бүтцийг бий болгох, ханшийн эрсдлийг удирдах хэрэгслүүдийг ашиглах, дотоодын зах зээл дээр урт хугацаатай хэрэгслүүдийг ашиглаж гадаадын хөрөнгө оруулагчдаас эх үүсвэр татах боломжийг бүрдүүлэх, Засгийн газартай хамтран улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, худалдан авалтын тогтолцоог сайжруулах зэрэг олон ажлуудыг Монголбанкны зүгээс төлөвлөөд байна" гэлээ. 

Монголбанкны Ерөнхийлөгчийг дээрх мэдээллийг хийсний дараах УИХ-ын гишүүд болон албан тушаалтнуудын асуулт хариултыг товчлон хүргэж байна.


Сангийн дэд сайд Х.Булгантуяа: ОУВС-гийн хөтөлбөрөөр энэ онд 700 орчим сая доллар орж ирнэ. Төлбөрийн тэнцэлтэй холбоотой 150 сая доллар орж ирэх юм. Хэдийгээр энэ мөнгийг төлбөрийн тэнцэл гэж авч байгаа ч ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас ирж шалгадаг. Энэ мөнгө оны төгсгөлд орж ирэх болов уу гэсэн хүлээлт байна.

Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний урсгал 2018 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр нефтийн бүтээгдэхүүнийх 38.1, хөрөнгө оруулалт 54.7, аж үйлдвэрийн орц 13.9 гээд нийт импорт 41.9 хувиар өсөх хүлээлт байна. Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөхөөс өссөн.  

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Зун ногоо, мах хоёр дээр үнэ савсан гэсэн. Одоо түүхий нүүрс өндөр өртөгтэй болсон. Харин өвөл гурилын үнэ нэмэгдэнэ. Энэ жилийн будаа маш үнэтэй байгаа. Үүн дээр ямар зохицуулалт хийж байгаа вэ. Хэрвээ юмны үнэ өсвөл Засгийн газар огцорно шүү. Үүнийг бид биш иргэд хийнэ. Монголбанк хариуцлага хүлээнэ. 

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь үнэн. Өнгөрсөн онд хөрөнгө оруулалт хийгээгүй. 2019 онд зарлага нэмэгдэж байгаа ч орлого нэмэгдэнэ гэсэн тооцоотой байгаа. Энэ оны орлого ч давсан байна.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Төгрөгийн ханшны тогтвортой байдал нь 142 оронд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш суларч эхэлсэн. Төв банк мөнгөний бодлогын хүүгээ 10 хувьд хадгалаад байж байна.

Арванхоёрдугаар сард мөнгөний бодлогын хороо хуралдаж шийдвэр гаргах хэрэгтэй. 2018 оны хоёрдугаар хагасаас эдийн засаг сэргэж эхэлж байна. Энэ үед мөнгөний бодлого нэмэгдүүлбэл арай эртэднэ. Тиймээс бид интервенц хийж валютын ханшаа тогтворжуулах арга хэмжээ авч байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.