Нийгэм


Зөвлөлдөх уулзалт болно

1 сар TIMES.MN

ГХЯ, ХЗДХЯ-наас НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын албатай хамтран “Монгол Улсад Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Үндэсний механизм байгуулах тухай” зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 10 дугаар сарын 17-18-ны өдөр ГХЯ-нд зохион байгуулна.

Монгол Улс Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд 2015 онд нэгдэж орсон бөгөөд энэ гэрээний дагуу эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог байгуулах үүрэг хүлээсэн.

Зөвлөлдөх уулзалтын зорилго нь Монгол Улсад Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизмыг байгуулах хэлбэрийн талаар Засгийн газар, хүний эрхийн үндэсний байгууллага, мөн иргэний нийгэм, төрийн бус байгууллага, судлаачдын оролцоотой зөвлөлдөх, улмаар Монгол Улсын онцлог нөхцөл байдалд нийцсэн, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг үр нөлөөтэй, тогтвортой гүйцэтгэх механизмын талаар санал, зөвлөмж гаргахад оршино.

Зөвлөлдөх уулзалтад ГХЯ, ХЗДХЯ, УПЕГ, ХСИС, Монголын Эмнести интернэшнл болон НҮБ-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Дэд хорооны төлөөлөгчид үндсэн илтгэл тавих бөгөөд холбогдох яам, агентлаг, ХЭҮК, иргэний нийгмийн байгууллага мөн их, дээд сургуулийн төлөөлөл оролцож санал бодлоо илэрхийлнэ.

Зөвлөлдөх уулзалт олон улсын хүний эрхийн гэрээгээр хүлээсэн Монгол Улсын үүрэг мөн Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцсэн гишүүн улсуудаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд чухал түлхэц өгнө.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.