2018,9-Р Сар,21


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


"Нэг дор олон цагаар хичээл хийх нь хүүхдийн нүдний хараанд муу"

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Жил бүрийн есдүгээр сарын гуравдах долоо хоногийн Лхагва гараг бүрийг өнгөрсөн жилээс Монгол Улсын хэмжээнд хүүхдийн хараа хамгаалах өдөр болгосон билээ. Энэ жил хүүхдийн хараа хамгаалах өдөр энэ сарын 28-ны өдөр болох тул үүнтэй холбогдуулан ЭХЭМҮТ-ийн мэргэжилтнүүд Монгол хүүхдүүдийн хараанд тулгамдаж буй асуудлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.




Манай Улсад 2002 онд хийгдсэн судалгаагаар хүүхдийн сохролын тархалт 0.19/1000 байгаа нь бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад бага мэт боловч хүүхдийн катарактын сохрол нь бусад Азийн хөгжиж буй орнуудын түвшинд 5-6/100,000 байгаа юм. Үүнтэй холбогдуулан хүүхдийн хараа хамгаалах асуудлыг “Сохролоос сэргийлэх үндэсний хөтөлбөр”-т нэн тэргүүнд шийдэх асуудал болгон тусгаад байгаа аж.


Хүүхдийн харааны хөгжил 5-6 нас хүртэл нь явагддаг бөгөөд үүнээс өмнө буюу цэцэрлэгийн насанд нь харааг нь үзүүлж, хэрэв ямар нэг гэмтэл, согог байвал эмчилгээ хийлгэхийг эцэг эхчүүдэд зөвлөлөө. Мөн өсвөр насныхны дунд сургуулийн орчинд гэмтэл авах нь ихсэж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт л гэхэд ЭХЭМҮТ-өөр үзүүлсэн 10-аад хүүхдүүд нүдний нэвт болон битүү гэмтэлтэй байсан аж. ЭХЭМҮТ-өөр жилд 10-12 мянган хүүхэд үзүүлж буйн 30-40 хувь нь хугарлын гажигтай байна гэдгийг эмч нар онцоллоо. 


ЭХЭМҮТ-ийн нүдний мэс заслын тасгийн зөвлөх эмч М.Алтанхүү “Бид 3-5 насны хүүхдүүдийн харааг тогтмол шалгаж, эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг явуулахгүй бол хүүхдүүдийн сул, муу хараа болон сохорлын түвшин бусад улсуудаас дээшлэх хандлагатай байна. Тэдний нүдний гажгийг эрт илрүүлж эмчилбэл нүдний гажиг, сул харааг эрт эмчилж, нөөц хараатай нь үлдээх бүрэн боломжтой. Эцэг эхчүүд нүдний эмгэгийн анхан шатны тусламж, үйлчилгээнд хүүхдээ тогтмол хамруулдаггүй, цаг алдаж дор бүр нь эмчилдэггүйгээс болж олон хүүхэд хохирч байна. Манай улсад болрын эмгэг, хялар, хугарлыгажиг, зовхи өргөгч булчингийн гаж хөгжил зэрэг өвчлөлүүд илүүтэй тохиолдож байна” гэлээ.


Хүүхдийнхээ харааг хамгаалахын тулд болж өгвөл гадаа гарч холыг харуул, гол нь эцэг эхчүүд өөрсдөө зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг зөвлөсөн юм. Мөн нэг дор олон цагаар хичээл хийлгэлгүй 40 минут хичээллээд 20 минут амраах маягаар хичээлээ хийж хэвших гэх мэт зөв арга барилыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхийг зөвлөсөн юм. Түүнчлэн нүд нь эрүүл байсан ч хоёр жилд нэг удаа хүүхдийнхээ нүдийг мэргэжлийн эмчид үзүүлж байх хэрэгтэй гэлээ. 


 Энэ жилийн хүүхдийн хараа хамгаалах өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн харааг шалгаж ажиллахаар болсон байна. Манай Улсад 1987 оноос эхлэн хүүхдийн нүдний тусламж, үйлчилгээг цогцоор үзүүлж эхэлсэн ба ЭХЭМҮТ-ийн 20 ортой Нүдний мэс заслын тасаг, Хүүхдийн нүдний үзлэгийн гурван кабинет нь улсын хэмжээний хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг хариуцаж ажиллаж байгаа аж.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.