Нийгэм


Н.Цэрэнбат сайдын санаачилсан "Ногоон паспорт" аян сурагчдын талархлыг хүртэв

1 сар TIMES.MN

Өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх зорилготой “Ногоон паспорт” аяныг орон даяар өрнүүлж эхэллээ. Тус аяныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдыг хамруулсан юм. Ингэхдээ нийслэлийн “Эко клуб”-ийн сурагчдын дунд видео бүтээх, хог түүх марафон, байгаль орчны залуу сурвалжлагч зэрэг уралдаан зарлаж, ахлах ангийн 25 мянган сурагчдад ногоон паспорт гардуулжээ. Тэгвэл энэхүү аяныг “Ногоон паспорт-Монгол орон даяар” болгон өргөжүүлж, нээлтийг нь өнгөрсөн бямба гарагт Дорноговь аймгийн Хамрын хийдэд хийлээ. Уг арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Дорноговь, Говьсүмбэр аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг болон орон нутгийн удирдлагуудаас гадна  Улаанбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 300 гаруй сурагч оролцов. Энэ үеэр сурагчдад байгаль орчноо хамгаалах талаар өртөөчилсөн сургалт зохион байгуулсны зэрэгцээ Монголын төдийгүй, бурхны шашны томоохон энергийн төв болох Хамрын хийдийг танилцуулах аялал зохион байгуулсан юм.


Тухайлбал, дөрөвдүгээр өртөөнд мэргэжилтнүүд мод суулгах аргачлал болоод Монгол орны ойн бүтцийн тухай, сүүлийн жилүүдэд ойн нөөц багасч буйн шалтгаан зэргийг нарийн тайлбарлаж, сурагчдад мэдээлэл өгч байлаа. Мөн озоны давхаргын цоорол, хүн, байгальд хэрхэн сөрөг нөлөө үзүүлэх, түүнийг хамгаалах чиглэлээр сургалт хийсэн юм. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнгөрсөн жил “Ногоон паспорт” аяныг зарласан. Энэ аян нь өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч, шинэ эриний иргэдийг бэлтгэхээс гадна тогтвортой хөгжлийн зорилтуудад иргэдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой. Өнгөрсөн гуравдугаар сард “Найрамдал” олон улсын хүүхдийн зусланд Улаанбаатар хотын “Эко клуб”-ийн сурагчдаар тус аяныг батлуулж , орон даяар өрнүүлэхээр болсон. Эхний ээлжид нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад зарлаж, уралдаан явуулсан. Аяны хүрээнд аюултай хог хаягдал, тэр дундаа батерейг ялгах, ахуйн хог хаягдлыг ангилах, ус, эрчим хүчээ хэмнэж дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа асуудлаа шийдэх зорилготой юм. Үүнээс гадна тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх, байгалийн шавхагдах нөөцийг удаан хугацаанд тогтвортой ашиглах санаачилгыг хүүхдүүдэд төлөвшүүлэх зорилготой. Тиймээс хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан “Ногоон паспорт” аяныг Монгол орон даяар эхлүүлж байна. Ингэснээр ус, эрчим хүчээ хэмнэх, хог хаягдлаа ангилах, аюултай хог хаягдлаа ялгах гэх мэт олон дадал хэвшлийг хүүхдүүд өөрсдөө албан бус байдлаар сурч, анги хамт олноо уриалж байна” гэсэн юм. Тэрбээр энэ үеэр уг аяныг Дорноговь аймгийн Хамрын хийдэд нээж буй нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой гэдгийг онцолж байлаа.


Хамрын хийдэд очсон жуулчид мод тарина


Дорноговь аймгийн Хамрын хийд нь дотоодын аялал жуулчлалын төв цэг бөгөөд уг газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ойжуулахаар “Ногоон паспорт-Монгол орон даяар” аяны оролцогчид тус бүр мод тарьсан юм. Ингэснээр Хамрын хийдэд жуулчлахаар ирсэн хүн бүр нэг мод тарих эхлэлийг ийнхүү тавьж буй юм. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа “Бид говьд хамгийн сайн ургадаг гурван төрлийн 400 орчим модыг суулгалаа. Мод тарих нэг хэрэг. Хамгийн чухал нь усалгаа, арчилгаа байдаг. Эдгээр модны усалгаа, арчилгааг Хамрын хийдийн лам нар хариуцна. Яамны зүгээс мод тарьсан талбайг хашаажуулах, усалгааны систем хийх, сандал сүүдрэвч тавих зэрэг ажлыг хийлээ. Хамрын хийдийг зорьж ирсэн аялагч, жуулчид энэ цэцэрлэгт хүрээлэнд саатахын зэрэгцээ нэг мод тарьж, буян үйлдээд буцах боломжийг олгож байна” гэлээ.


Сурагчид үгээрээ биш үйлдлээрээ байгалиа хамгаалахыг уриаллаа


Энэхүү аянд хамрагдсанаар байгаль орчноо хамгаалахад томчууд гэлтгүй хүүхдүүдийн оролцоо чухал болохыг сурагчид онцолж байлаа. Тэд үе тэнгийнхэндээ хандаж саванд ус хийж аягаа угаах, ил задгай хог хаяхгүй байх зэрэг зөв дадлыг өөртөө суулгахыг уриалж байсан юм. Аянд хамрагдсан сурагчдын сэтгэгдлийг хүргэе.


Дорноговь аймгийн V сургуулийн 8б ангийн сурагч М.Мөнх-Ундрах:


-Энэ аянд оролцоод байгаль дэлхийгээ илүү их хайрлах хүсэл төрсөн. Хүмүүс байгаль дэлхийгээ хайрлах ёстой гэж ярьдаг ч үйлдэл, сэтгэлээрээ харуулж чаддаггүй. Тиймээс байгаль дэлхийгээ хамгаалахын тулд үгээрээ бус үйлдлээрээ харуулаасай гэж хүсч байна. Аяга угаахдаа усаа гамнах, мод тарих, хог, шүлс, нус цэрээ ил задгай хаяхгүй байх гэх мэт жижигхэн зүйлс ч үр дүнгээ өгнө. Өнөөдрийн арга хэмжээ үнэхээр гоё байлаа. Зохион байгуулалт маш эмх цэгцтэй байсан. Танилцах аялал хийснээс гадна таван өртөөгөөр орж сургалтад суулаа. Сургалтуудаас хамгийн их таалагдсан нь мод тарих аргачлал байлаа. Багш нарын заасны дагуу бид мод тарьсан. Нэг хүн нэг мод тарьсан ч гэсэн хожим нь энэ тал битүү ногоон ой болно гэж итгэж байна.


Говьсүмбэр аймгийн II сургуулийн 11а ангийн сурагч н.Эрдэнэбат:


-“Ногоон паспорт-Монгол орон даяар” аянд хамрагдсандаа маш их баяртай байна. Энэ аян хүрээгээ тэлсээр бүх аймагт хэрэгжээсэй гэж хүсч байна. Манай аймгийн сургуулиудад байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон клуб ажилладаг. Гэхдээ клубт зөвхөн мод тарих, арчлах талаар заадаг бол Дорноговь аймгийн сургуулийн клубууд байгаль орчны бүх чиглэлээр сургалт хийдэг гэсэн. Үүнээс бидэнд суралцах зүйл их байлаа. Хүүхдүүд байгаль орчноо хамгаалах сэтгэлтэй байгаасай гэж хүсч байна. Хогоо хаяхдаа хогийн саванд хаяж хэвших нь байгалиа хамгаалах сэтгэл гэж боддог.


Түүнчлэн сурагчид аянд хамрагдсанаар сурсан туршлага, өөртөө суулгасан зөв дадал хэвшлээ бусаддаа танилцуулсан юм. Хүүхдүүдэд байгаль орчныг хамгаалах талаар мэдлэг мэдээлэл олгох, бага наснаас нь байгаль орчинтой зөв харьцах хэвшил суулгах зорилго бүхий уг аяныг цаашид орон даяар танилцуулах, ногоон паспортыг сурагчдад олгох, хаягдал зай хураагуур цуглуулах хайрцгийг сургуулиудад байрлуулах зэрэг ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах юм байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.