Эдийн засаг


Орон нутагт үнэт металлын сорьцын лаборатори нээх ажил хийгдэж байна

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Засгийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолоор Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын дор үнэт металлын сорьц тогтоох чиг үүрэг бүхий лабораторийг Төвийн бүсэд Дархан-Уул, Баруун бүсэд Баянхонгор аймаг дахь хэлтэст нээж, үйл ажиллагааг нь 2018 оны 10 дугаар сард эхлүүлэхээр боллоо.  

Уг лабораторийг байгуулахад 793,8 сая төгрөг төсөвлөгдсөнөөс 694 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах ажлыг Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран шийдвэрлэж, орон нутгийн Засаг даргын тамгын газрууд лаборатори тус бүрийн барилгын засварт холбогдох хөрөнгийг зарцуулаад байна. 

Мөн үйл ажиллагааг эрхлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд Үнэт металл сорьцын хяналтын газар, Монголбанкнаас Дархан-Уул, Баянхонгор аймгийн Монголбанкны хэлтэс, салбарын нягтлан бодогч, нярвуудад тус бүрийн чиглэлийн дагуу сургалт зохион байгуулж, чиглэл,  удирдамж өгөх,  дадлагажуулах ажлуудыг гүйцэтгэж байна. 

Бүс нутгийг хамарсан үнэт металлын сорьцын лаборатори байгуулагдсанаар иргэн, аж ахуйн нэгж олборлосон алтаа тухайн бүс нутагтаа сорьцлуулах боломжтой болж байгаа төдийгүй Монголбанкны хэлтэс, салбар, банкаар дамжуулан алтаа худалдах нөхцөл бүрдсэнээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх, аюулгүй байдлын бусад эрсдэлээс хамгаалагдана. Үүнээс гадна, алт нийлүүлэлтийн эргэлт нэмэгдэж, шат дамжлага багасаж, бодит сорьцын дүнгээр арилжаа хийгдэх нөхцөл тухайн орон нутагт бүрдэх төдийгүй алтны гарал үүслийг тодорхойлох зэрэг олон давуу боломж бий болно.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.