Нийгэм


280 хүүхдийн цэцэрлэг байгуулагдаж, 42 хүн ажлын байртай боллоо

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Өнөөдөр Орхон аймагт гурван багийн 280 хүүхэд сурах шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ. Орон нутгийн 2.5 тэрбум төгрөгөөр хоёр давхар бүхий 12 бүлэгтэй 26 дугаар цэцэрлэг Цагаанчулуут багт ашиглалтад орлоо. Үүнд Цагаанчулуут, Рашаант, Уртын гол багийн хүүхдүүд сурна.

Цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

26 дугаар цэцэрлэгийг орон нутгийн “Номун дөлгөөн” ХХК барьсан бөгөөд үүнд 42 ажлын байр шинээр бий боллоо.

Ийнхүү гурван багийн хүүхдүүд сурах 26 дугаар цэцэрлэгийг барьж байгуулахад Цагаанчулуут багаас аймгийн ИТХ-д сонгогдсон А.Түвшинжаргал,Рашаант багаас сонгогдсон М.Түмэнжаргал, Уртын гол багаас сонгогдсон Ц.Баяржаргал төлөөлөгч нарт баярлаж байна хэмээн нээлтэд оролцож байсан иргэд хэлж байлаа. Дээрх төлөөлөгчид цэцэрлэгийн нээлтийн үеэр хүүхдийн тоглоом бэлэглэсэн юм. Нээлтийн үеэр орон нутгийн удирдлагууд мөн мод тарилаа.

Уг цэцэрлэг тоглоомын нийт зургаан талбай, өрөө бүр нь хүүхдэд зориулсан шүршүүртэйгээрээ  бусад цэцэрлэгээс давуу юм.

Дашрамд дурдахад, энэ хичээлийн жилд Орхон аймагт 24 сургуульд 20 мянга, 39 цэцэрлэгт 9600 хүүхэд сурч байна. Шинээр  дөрвөн цэцэрлэг, нэг сургууль барьж байгаагаас ашиглалтад орсон нь 26 дугаар цэцэрлэг байлаа. Ирэх сард Баянбулаг багийн 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад орно. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмсэнээр сурагчдын хамран сургалт 94 хувьд хүрлээ.  





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.