2018,9-Р Сар,12


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Г.Батсайхан: Нийт нутгийн 77 орчим хувь нь цөлжсөн

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

“Ногоон Ази Сүлжээ” ТББ болон Баянзүрх, Налайх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгино хайрхан, Сүхбаатар дүүрэг хамтран Иргэдийн оролцоо-Ойн аж ахуйн сургалтыг энэ сарын 11-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Уг сургалтын зорилго нь Монголын цөлжилтийг бууруулах, хотын агаарын бохирдлыг багасгах бөгөөд “Хотыг ойжуулах”, мод тарих үйл ажиллагаанд иргэдийг идэвхтэй оролцуулах юм.




Сүүлийн жилүүдэд Монголд төдийгүй дэлхий дахинд дулаарал эрчимтэй явагдаж байгаагийн нэг илрэл нь цөлжилт, газрын доройтлын асуудал юм. Тухайлбал, 2015 оны байдлаар нийт нутгийн 77 орчим хувь нь ямар нэгэн хэмжээгээр цөлжсөн судалгаа байдаг аж. Энэ талаар Шинжлэх ухааны академийн Газар зүй-Гео экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Батсайханаас тодрууллаа.




-Монгол улсад уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байна. Ялангуяа, цөлжилт, газрын доройтол ихсэх хандлагатай байна. Энэ талаар тоо баримт дурдвал?

-Монгол улс сүүлийн 76 жилд +2,2 градусаар дулаарсан үзүүлэлттэй байна гэж судлаачид үзээд байгаа. Энэхүү дулаарал жилийн дөрвөн улиралд илэрч байна. Гэхдээ өвлийн улиралд илүү буюу +3 орчим градусаар дулаарсан байна. Уг дулаарал мэдээж цөлжилт, газрын доройтолд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Тухайлбал, хамгийн сүүлийн үеийн мэдээнээс харахад 2015 оны нийт газар нутгийн 77 орчим хувь нь ямар нэгэн хэмжээгээр цөлжсөн байна. Үүнээс 23 хувь нь нэн хүчтэй цөлжсөн. Цөлжилт гэдгийг зөвхөн говийн бүсэд болж байна гэж ойлгож болохгүй. Хангай, хээр, ойд хүртэл цэгэн цөлжилт явагдаж байна.


-Цөлжилтийн голлох шалтгаан нь юу байна вэ?

-Цөлжилт, газрын доройтол маш олон зүйлийн нөхцөлт шалтгаанаас үүсдэг. Ганцхан уур амьсгалын өөрчлөлт гэлтгүй хотжилт, газар тариалан, барилга байгууламж, үйлдвэрлэл гэх мэт...


-Дулаарал дэлхий дахинд явагдаж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх, дулаарлын хэмжээг бууруулахын тулд иргэд бид юу хийх ёстой вэ?

-Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг сааруулах, хариу арга хэмжээ авах хамгийн үр дүнтэй арга нь мод, бут, сөөг тарьж ургуулах юм гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч, энэ чиглэл рүү анхаарч, ажиллаж эхэлсэн.




-Иргэдийн хувьд хашаа, зусландаа мод тарих сонирхолтой хэдий ч ямар мод, бутыг яаж, хаана тарихаа төдийлөн сайн мэддэггүй. Өнөөдрийн сургалтаар энэ талын мэдлэг олгож байна уу?

-Сүүлийн жилүүдэд иргэдийн мод, бут тарих сонирхол нэмэгдсээр байна. Ерөнхийлөгчийн зарлигаар мод тарих үндэсний өдөр гэж хавар, намрын улиралд бүх нийтээрээ мод тарьж байна. Гэхдээ төдийлөн мод тарихын ач холбогдол, тухайн модны байгалийн онцлог гэх мэт нарийн мэдлэг тааруухан байна. Тиймээс Ногоон Ази ТББ, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран дүүрэг бүрд мод тарих сонирхолтой иргэдэд аргачлал, заавар зөвлөгөө өгөх сургалт явуулж байна. Ер нь мод тарих үйл явц нь олон жил, нэлээд хэмжээний хүн хүчийг хамарч хийх ажил байдаг. Тиймээс иргэд, хүн бүр Монголынхоо ойн санг нэмэгдүүлэхийн төлөө, эрүүл цэвэр агаараар амьсгалахын төлөө ядаж нэг мод тарьцгаая гэж уриалмаар байна.


Цөлжилт болоод уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах цорын ганц гарц нь мод, бут тарих бөгөөд үүнд дэлхий нийтээрээ, иргэн, хүн бүр идэвхтэй оролцох хэрэгтэй гэдгийг сургалтад суусан иргэд ч мөн онцолсон юм.


Баянзүрх дүүргийн 7-р хорооны иргэн Д.Наранцэцэг: Газартай болоод жимс жимсгэнийн мод тарина



Би Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн хүн. Бага байхад аав ээж маань хашаандаа хүнсний ногоо тарьдаг, тахиа, гахай тэжээдэг байсан. Өөрөө тийм орчинд өссөн болохоор яваандаа газартай болоод аав ээж шигээ ногоо, жимс жимсгэнэ тариалж амьдрахыг бодож байгаа. Бага ах минь Эрдэнэтолгойд хүлэмжийн аж ахуй эрхэлж, нарийн ногоо тариалдаг. Миний хувьд одоогоор байранд амьдарч байгаа ч тасалгааны цэцэг тарьдаг. Өнөөдрийн сургалтаар мод, жимс жимсгэнийн модыг хэрхэн, яаж тарьж, арчлах талаар мэдлэг олж авахаар ирсэн. Өнөөдөр Монголд агаарын бохирдол ямар байгаа билээ. Тиймээс айл бүр хашаандаа мод тарьж, орчноо ногооруулцгаая. Хүн бүр энэ үйлсэд хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна.


Баянзүрх дүүргийн 28-р хорооны иргэн, “Хос өргөө” СӨХ-ны гишүүн н.Балжидмаа: Их мод тарьж, орчноо сайхан өнгөлөг болгоё



Миний хувьд цэцэг, мод тарих дуртай. Мөн СӨХ-ны гишүүн учир оршин суугчдаа тав тухтай, эрүүл орчинд байлгахыг зорьдог. Уг нь жил бүр байрныхаа гадаа мод тарьдаг хэдий ч арчилгаа, усалгаанаас ч юм уу, заримдаа иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж үхээд байдаг. Тиймээс өөрийн хариуцдаг байрныхаа ойр орчимд мод, бут тарих аргачлал болоод хэрхэн арчлах талаар сурахаар өнөөдрийн сургалтад ирсэн. Хамгийн гол нь орчноо гоё болговол мод, ургамлаар бас агаарын солилцоо явагдаж байгаа. Тиймээс аль болох их мод тариад, орчноо сайхан өнгөлөг болгоё л гэж бодож байна.









Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.