Нийгэм


Ж.Эрдэнэбилэг: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

-Бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулж ажиллалаа-

Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал Ж.Эрдэнэбилэгтэй уулзаж  зарим зүйлийг тодрууллаа.

-Та эхлээд үйлдвэрийн наймдугаар сарын төлөвлөгөөний биелэлт, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл өгнө үү? 

-Энэ оны эхний наймдугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үндсэн үзүүлэлтүүд гарсан. Баланс 9-р сарын 10 гэхэд гарна. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа урьд жилүүдээс өндөр түвшинд явж байна. Үүнтэй уялдуулан эдийн засгийн үзүүлэлтийн талаар мэдээлэл өгье. Манай үйлдвэр 101,9-115,2 хувийн төлөвлөгөөний биелэлттэй явж байна. Өнгөрсөн жил бид 320 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. 2018 оны хагас жилд 303,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. 2017 онд нэг төгрөгт ноогдох бүтээгдэхүүний үнэ 71 мөнгө байсан.  Одоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэг төгрөгт ноогдох өртөг 62 мөнгө болсон. Энэ нь нэгж бүтээгдэхүүний өөрийн өртгийг  бууруулж ажилласны үр дүн юм. Манай төлөвлөгөөнд  зэсийн ханшийг 6430 ам.доллар байхаар тусгасан боловч одоо 5823 ам.доллар болсон байна. Үүнтэй уялдуулан эрсдэлийн менежмент нэг, хоёр гэсэн вариант гарган ажиллаж байна. Тухайлбал, бид зэсийн ханш 6000 ам.доллараас  доош орсон тохиолдолд ямар зардлуудыг хэрхэн яаж хэмнэх юм. 5000-аас доош орвол хэрхэн яаж хэмнэлттэй ажиллах талаар эрсдэлийн менежментийн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнгөрсөн онд улсын болон орон нутгийн төсөвт 620 тэрбум төгрөг төлсөн. Энэ оны эхний найман сарын байдлаар 520 тэрбум төгрөг төлчихөөд байна. 2018 он дуустал төлөвлөгөөгөө улам давуулан биелүүлэх болно. Энэ нь үйлдвэрийн нийт бүтээлч хамт олны нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

-Үйлдвэрийн хэмжээнд тоног төхөөрөмж, бараа материал худалдан авах үйл ажиллагаа хэрхэн явж байна. Ажлын ямар дэвшил гарав?

-2017 онд Эрдэнэт үйлдвэрт бараа, материал худалдан авах журмыг  баталсан. Энэ журмыг мөрдөн ажиллаж байна. 2018 оны эхний найман сарын байдлаар  321,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 390 ажил хийсэн байна. Үүнээс 18,7 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргалаа. Өнгөрсөн онд 26,3 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт гаргасан. Тэгэхээр бид он дуустал илүү хэмнэлт гарган ашигтай ажиллах боломжтой. 

-Энэ онд цахим тендер зарласан. Орон нутгийнхаа үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжин ажиллаж байна вэ?

-2018 онд нийт 390 гэрээ хийгдсэн. Үүний 114 нь орон нутагт ажил үйлчилгээ эрхлэх гэрээ байгаа. Одоогоор гэрээ байгуулсан компаниуд  24,8 тэрбум төгрөгийн тендерийн ажил гүйцэтгээд байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  53-ын 7-д цахим тендерт идэвхтэй оролцохыг тусгасан хуулийн заалттай. Энэ хуулийн хүрээнд манай үйлдвэр энэ жил хоёр том ажил хийсэн. Нэгдүгээрт, цахим тендерийг нэвтрүүлсэн. 2018 оны гуравдугаар сарын 30-нд үйлдвэрийн Хөгжлийн хэлтсээс зарласан нь цахим тендерийн анхных байлаа.  Бид цахим тендерийг амжилттай нэвтрүүлсэн. Нийт зарласан тендерийн 42 хувийг бид цахим тендерт оруулаад байна. Хоёрдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд хоёр үе шаттай нээлттэй тендер зарласан. Гуравдугаарт, бид худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөөг улирал бүр баталдаг. Ингэж төлөвлөгөөгөө эрт баталснаар тендерийн үйл ажиллагааг өмнөхөөс арай шуурхай шийдэж байгаа. Төгсгөлд нь хэлэхэд шилэн дансны үйл ажиллагааг нэлээн өргөн хүрээнд явуулах болсноороо дэвшилтэй юм. 

-Цаг зав гаргасанд баярлалаа.

                                                                                                                        Т.БАТЧУЛУУН


Холбоотой мэдээлэл