2018,9-Р Сар,03


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Уушгины архаг бөглөрөлт өвчний 90 хувь нь тамхинаас үүдэлтэй

10 сар, 2 долоо хоног TIMES.MN

Нийслэлийн хэмжээнд уушгины төрөлжсөн, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг иргэддээ цаг алдалгүй хүргэдэг ШУГТЭ-ийн уушгины тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.




Тус тасагт уушгины архаг бөглөрөлт өвчин, гуурсан хоолойн багтраа буюу астма, уушгины хатгаа, уушгины завсрын эдийн эмгэгүүд, уушгины артерийн бүлэнт бөглөрөл, гуурсан хоолойн архаг бөглөрөлт үрэвсэлтэй болон шатлал ахиулан эмнэлгийн тусламж авах, онош тодруулах шаардлагатай үйлчлүүлэгчид үзүүлж, хэвтэн эмчлүүлдэг юм.


Энэ талаар тус тасгийн эрхлэгч Д.Жавзан-Орломтой ярилцлага хийлээ.




Тэрбээр "Манай тасаг 6 их эмч, 11 сувилагчтайгаар уушгины төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Мөн эмнэлгийн эмчилгээний тасгуудад хэвтэн эмчлүүлж буй уушгины хавсарсан эмгэгтэй үйлчлүүлэгчдэд болон Улаанбаатар хотын хэмжээн дэх хуваарьт эмнэлгүүдэд уушгины нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг. Манай тасаг 7 хоног бүр зөвлөх эмч болон тасгийн эмч нарын хамтарсан үзлэгийг тасагт хэвтэн эмчлүүлэгчдэд хийдэг бөгөөд цаашдын эмчилгээ, оношилгооны талаар зөвлөлдөн ярилцаж, хүнд эмчлүүлэгчдийн асуудлыг шийдвэрлэдэг юм. Уушгины нарийн мэргэжлийн эмч нь цээжний хэт авиан шинжилгээ, гуурсан хоолойн уян дурангийн шинжилгээ оношлогоог хийхээс гадна дүрс оношлогоо, мэс заслын эмч нартай хамтран уушгины биопсийн шинжилгээг мөн хийдэг" гэлээ.




Уушгины өвчлөл одоогоос 10-аад жилийн өмнө харьцангуй бага байсан бол өнөөдөр улирал харгалзахгүй ачаалал эрс нэмэгдсэн талаар эмч нар онцолсон юм. Тус тасгийн амбулаториор өдөрт 40 орчим хүн үзүүлж, оношлогоо эмчилгээ, заавар зөвлөмж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг. Эмчлүүлэгчийн ор хоног дунджаар 7-10 хоног байдаг бөгөөд зарим тохиолдолд эмчлүүлэгчийн биеийн байдлаас шалтгаалж хэвтэн эмчлүүлэх хугацааг сунгах тохиолдол байдаг. Тус тасгаар эмчлүүлэгчдийн насны байдлыг авч үзэхэд ихэвчлэн 40-өөс дээш насныхан зонхилон үйлчлүүлж байна.




Эмчлүүлэгчидтэй уулзаж ярилцлага хийхэд, эмч, сувилагч нарын зан харилцаа болоод эмнэлгийн тусламж үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хэдийгээр хүнд өвдөөд ирдэг ч сайхан болоод гардаг талаараа бахархан ярьж байсан юм.



Уушгины дурангийн шинжилгээ хийж байна


Манай орны хувьд сүүлийн 5 жилд өвчлөлийн тэргүүлэх байранд амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг байнга орж байна. Уушгины архаг бөглөрөлт өвчний 90 орчим хувь нь тамхинаас шалтгаалж үүсдэг. Мөн агаарын бохирдол, орчны нөлөө, ажлын нөхцөл, удамшил зэргээс хамаардаг гэдгийг эмч нар онцлон дурдсан юм.


Уушгины архаг бөглөрөлт өвчин нь дэлхийд өвчлөл, нас баралтын шалтгаанаар 4-т орж байгаа бол 2020 он гэхэд 3-т орно гэсэн судалгаа байдаг. Уг өвчнөөр эмчлүүлж буй ихэнхи эрэгтэй хүмүүс 20-иос дээш жил тамхи татсан, архаг тамхины хэрэглээтэй байх агаад зарим нь бүр өдөрт 2-3 хайрцаг тамхи татдаг тухайгаа хэлж байв. Хэдийгээр та өөрөө тамхи татахгүй ч гэр бүлийн хэн нэг нь тамхи татдаг бол дам тамхидалтанд өртөж, уг өвчнөөр өвдөх эрсдэлтэй болдог байна. Тамхинд 4000 орчим химийн бодис агуулагддаг бөгөөд тэдгээрийн 40 орчим нь уушгины хорт хавдар үүсгэдэг гэж үздэг байна. Сүүлийн үеийн судалгаагаар өсвөр насны хүүхдүүд болон залуу эмэгтэйчүүдийн дотор тамхины хэрэглээ ихэссэн байна. Эдгээр хүмүүс 20-30 жилийн дараа дээрх өвчинд нэрвэгдэх өндөр эрсдэлтэй болж байгаа юм. Тиймээс хүмүүсийн дунд эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт сурталчилгааг тогтмол явуулах, сурталчилан таниулах асуудал нэн чухал юм.




Иймээс тус тасгийн эмч, сувилагч нар хэвтэн эмчлүүлэгчид болон тэдгээрийн ар гэр, амбулаториор үйлчлүүлж буй ард иргэдэд байнгын сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж явуулдаг байна.

Тухайлбал:

• Жил бүрийн 5 сарын 2-нд “Гуурсан хоолойн багтраа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”

• Жил бүрийн 5 сарын 30-нд “Тамхитай тэмцэх дэлхийн өдөр”

• Жил бүрийн 11 сарын 21-нд “Уушгины архаг бөглөрөлт өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”

• Жил бүрийн 11 сарын сүүлээр “Уушгины үрэвсэл буюу хатгаатай тэмцэх дэлхийн өдөр”

• Жил бүр 10 сараас 3 сар хүртэл томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ажлыг зохион байгуулдаг.




Уушги судлалын тасагт өвчнийг үүсгэж буй шалтгаанаас хамаарч, өвчин үүсгэгч нянгийн онцлогоос шалтгаалан эмчилгээнд антибиотикийг түлхүү хэрэглэдэг. Иймд өвчтөн бүрт оношлогоо шинжилгээнд үндэслэн, нотолгоонд суурилж тохирох антибиотик эмчилгээг сонгон хэрэглэдэг. Сүүлийн жилүүдэд олон эмэнд тэсвэржилт бүхий бактерийн шалтгаант халдвараар үүсгэгдсэн өвчлөл, түүнээс шалтгаалсан хүндрэлүүд ихээр тохиолдож байна. Энэ нь ард иргэдийн антибиотикийн зохисгүй хэрэглээнээс шалтгаалан үүсч байна. Антибиотикийг эмчийн зааврын дагуу шаардлагатай тохиолдолд л хэрэглэх нь зүйтэй юм.




Өглөөнөөс оройн 17 цаг хүртэл цай уух, утсаа авах завгүй ажилласан эмч нар маань нэг удаа ч хэцүү бэрх, зовлонтой, бэрхшээлтэй хэмээн ам нээсэнгүй. Тасгаас тасгийн хооронд явахдаа ч эмчлүүлэгчдийн цаашдын оношилгоо эмчилгээний талаар тасралтгүй ярьж явсныг нуух юун. Зураг авч, өдөржин дагаж явсан надтай ч ярих завгүй эмч нартай цайны цагаар нь л элдвийг ярих аз тохиосон юм.


Цалин мөнгө нь үнэхээр тийм хүнд байдаг эсэхийг асуухад “үндсэн цалин 648 мянган төгрөг. Тэрнээсээ элдэв шимтгэл мөнгөө хасаад 500 мянган төгрөг хүрэхгүй юм авна. Сувилагч нар маань биднээс бага гээд боддоо. Бид нар тангараг өргөсөн нь үнэн. Тэр тангарагтаа үнэнчээр өдийг хүртэл элдэв гомдол нэхэлгүй явж байна. Гэвч бид нар бас хүн шүү дээ. Бусадтай адил иднэ, ууна, амьдарна. Хэдийгээр ажил хаяна гэж байгаа ч цагаа тулахаар чаддаггүй л юм. Хүний амьтай холбоотой хүмүүс өвчтөнөө хаяад гарах тийм сэтгэл ямар ч эмчид байхгүй. Гарын үсгээ зурсан ч ажлаа хийгээд л байж байдаг. Ямар ч салбарт сайн, муу хүмүүс холилдож байдаг. Ганц нэг хүмүүсээс болж салбарын нэр хүнд унаж байгаад харамсаж л суудаг” хэмээсэн юм.




Өглөөнөөс оройн 17 цаг хүртэл эмч нартай хамт ажилласан нэг өдөр маань дуусахад юу ч хийгээгүй би гэдэг хүн их ядарч, хэвтмээр, суумаар санагдаж байв. Харин эмч нар огт ядарсан шинжгүй, амбулаториос ирсэн эмчтэйгээ өдрийн ажлаа дүгнэн ярилцаж, хүнд ганц нэг өвчтөний рентген зургийг харж, ярилцсаар...




Хагалгаанд орсон өвчтөн үзэж байна


уушгины гадаад амьсгалын хэмжээг шалгаж байна




Хэвтэн эмчлүүлэгчдийн тасгийн гадаах хаалга зориулалтын цоожтой /хонх дарж дотогш нэвтрэх боломжтой/




Эмчлүүлэгчийн хүсэлтээр төлбөртэй болон сахиуртай өрөөнд хэвтэн эмчлүүлэх боломжтой /төлбөр хоногийн 20000 төгрөг/







Амаржсан эх болон нярайн иж бүрэн тусдаа өрөөтэй



Өрөө бүр хонхтой бөгөөд хонх дарснаар сувилагчийн постод мэдээлэл ирнэ



эрчимт эмчилгээний өвчтөнүүдийн биеийн байдлыг өдөр бүр тэмдэглэдэг





Өвчтөнөө хүнд, хөнгөнөөр нь ялгасан тэмдэг тэмдэглэгээг орных нь дээр байршуулдаг



Өрөө бүр хүчилтөрөгчийн аппараттай




шинээр хэвтэх гэж буй өвчтөнөө үзэх үзлэгийн өрөөтэй



хэрэв нойлын өрөөнд өвчтөнд асуудал гарвал сувилагч дуудах боломжтой



хөгжлийн бэрхшээлтэй хүн бие засах боломжтой зориулалтын суултууртай




Өвчтөний уушгийг эхогоор харж байна





тарианы өрөөнд гурван зэрэг утлага хийдэг


автомат дуслын төхөөрөмж




Тасгийн эрхлэгч хүлээн авахаар ирсэн өвчтөнг үзэж байна



Хүлээн авахаар ирсэн өвчтөний сторыг нээж байна



Сэхээний тасгийн өвчтөнд үзлэг хийж байна



Рентгений эмч нартай зөвлөлдөж байна




Амбулаторийн эмч өвчтөн үзэж байна




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 сар, 3 долоо хоног []


Резидэнтүүдийг ганц ч харуулсангүй. Резидэнт нэртэй ямар ч цалингүй хүмүүс аль ч эмнэлгийн хамаг ажлыг (өвчтөнүүдээ үзэх, стори нээх, хаах, бусад тасгийн эмч нарт үзүүлэх, шинжилгээнд явуулах гээд бүгдийг хийдэг хүмүүс) нугалдаг шүү дээ.


Зочин    10 сар, 2 долоо хоног []


Hi haygaa ogno uu uzuulheer ochvol ymar bicig barimttai ocih ve


Зочин    10 сар, 2 долоо хоног []


Хаана байрладаг ямар нэртэй эмнэлэг вэ? Даатгалаар үйлчилдэг үү?Харияалал харгалзах уу?


Зочин    10 сар, 2 долоо хоног []


uneheer mundag hamt olon shuu bugded ni ajliin amjilt husey.


Зочин    10 сар, 2 долоо хоног [66.181.176.210]


стор хн?