2018,8-Р Сар ,30


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Аналитик


АТГ-ын мэдээллийг няцаасан гурван сайдын тайлбар

3 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

 Хаврын чуулган хаалтаа хийсний дараагаар нам гүмхэн байдаг улс төр энэ жилийн хувьд элдэв дуулиан шуугианаар дүүрэн байна. Зунжин яригдсан АТГ-ын даргыг солих асуудал одоо ч мөн яригдаж, Ерөнхийлөгч хүртэл энэ асуудлаар ээлжит бус чуулган зарлах тухай хүсэлтээ удаа дараа УИХ-ын даргад хүргүүлсэн. Мөн АТГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтэд УИХ-ын зарим гишүүд гарын үсгээ хүртэл зурсан сурагтай. Гэвч энэ бүх дайралтад АТГ-аас ямар нэг хариу тайлбар өгөөгүй ч сар бүрийн 25-нд хийдэг хэвлэлийн хурлаараа Засгийн газрын нэр бүхий гишүүдийг АТГ-т ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн шалгаж байгаа тухай мэдээлсэн.


Тодруулбал, Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй долоон компани 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан байна. Мөн Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд засвар хийх, хурлын заалны тоног төхөөрөмж нийлүүлэх нийт 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан тус яаманд хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс “Эрдэнэзул” ХХК руу шилжүүлж бэлэн мөнгө болгон гарган авч засварын ажлыг БОАЖ-ын сайдын хамаарал бүхий өөр компани гүйцэтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.


Түүнчлэн “...Эрүүл мэндийн сайд нь өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр томилсон, өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон” гэх асуудлыг хянан шалгахад “Б” нь Эрүүл мэндийн сайдын туслахаар нь ажиллаж байсан, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч “Ө” нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй нь найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогджээ. Мөн Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Э.Цэнд, Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн дарга Э.Цэрэнхүү нар хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргасан гэх мэтээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн асуудлууд ил болсон хэмээн мэдээлэл хийсэн.


Тэгвэл дээрх сайдуудын хувьд дараах тайлбарыг өгсөн билээ.


Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Миний ах дүү нараас ажил авсан байвал өргөдлөө өгөхөд бэлэн

– Энэ салбараас цалин авчихаад энэ салбараар бизнес хийж болохгүй. Миний ойлгож байгаагаар эрчим хүчний салбарт ажилладаг, тэгээд эхнэрийнхээ нэр дээр компани байгуулаад өөрийн ажиллаж байгаа биш ч өөр эрчим хүчний салбарын компаниас ажил авсан байх тохиолдол гарсан байхыг би үгүйсгэхгүй. Миний ах дүү нараас хэн нэгэн хүн яамнаас ажил авсан байвал би шууд маргааш нь ажлаа өгнө. Миний зүгээс өөрийнхөө компанийн зарласан бараа үйлчилгээний ажлаас авсан байж болзошгүй болон 50 гаруй тендерийг бүгдийг нь хууль зөрчиж хийсэн гэж үзэж буй хоёр захирлыг ажлаас нь чөлөөлөхөөр Төрийн өмчийн хороонд нэлээн дээр хандсан. Төрийн өмчийн хороо Эрчим хүчний яамны харьяа компаниудын захиралтай гэрээ байгуулж томилдог. Би бол зөвхөн Төрийн өмчийн хороонд санал хүргүүлдэг.


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Энэ 2 залуутай манай гэр бүл найз нөхдийн байтугай нутаг усны ч холбоогүй

– Тэгвэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цахим хуудсандаа “Авилгатай тэмцэх газарт хоёр залуу мэргэжилтэн,хэлтсийн дарга хийх нь ингэтлээ таалагдахгүй гэж зүүдэлж ч явсангүй.Яадаг юм.Ардын хүүхдээс дээд боловсролтой,төрд 6-8 жил ажилласан жирийн 2 залууг төрийн нарийн бичгийн даргад санал болгосон.Сайд аа АТГ-аас тэр 2 хүнийг ашиг сонирхлын зөрчилгүй, ажилд авч болно гэсэн бичиг ирсэн болохоор тушаал гаргачихлаа гэсээр ТНБД орж ирсэн.Тэд туршилтаар ажиллаж байгаа.Энэ хугацаанд яаж ажиллаж байгааг яамаараа харж буй биз. Сэтгэлээр уначихсан ажлаасаа гаръя гэчихсэн явна хөөрхийс. Энэ 2 залуутай манай гэр бүл найз нөхдийн байтугай нутаг усны ч холбоогүй.Сайхан сэтгэлт хүмүүсийн урмын үг, тус дэмээр би өдий зэрэгт хүрсэн.Ажил хөдөлмөр эрхэлж амжилтанд хүрэх хүсэл эрмэлзэлтэй олон олон залуусыг цаашид ч дэмжих болно” гэжээ.


Н.Цэрэнбат: Энэ үйл ажиллагаанд оролцоогүй гэдийг албан ёсоор мэдэгдэж байна

Харин БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат news.mn-д өгсөн ярилцлагадаа “АТГ-ын мэдээллийг харсан. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт байгаа 26 компанийн нэг нь ч энэ үйл ажиллагаанд оролцоогүй гэдийг албан ёсоор мэдэгдэж байна. Хамаарал бүхий компаниудаа хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бичдэг. Хардах эрх хэнд ч бий. Гэхдээ албан ёсны шалгалт хийж байгаа байх. Аливаа улс төрийн сенсаацын өмнө хууль хүчний байгууллага гарч ирээд, мэдэгдэл хийдэг нь одоо ч үргэлжилж байна. Энэ байдлыг бид цаашид өөрчлөх ёстой. Бид богино санах ойтой байж болохгүй. Тэгээд хуулийн байгууллагатай холбоотой нэг асуудал үүсэхээр сенсааци гаргаж ирээд, асуудлыг нөгөөгөөр дардаг байдлаасаа салах хэрэгтэй. Жишээ нь АТГ-ын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй гэж хэлэхийн тулд олон сайд, олон яамыг хамруулж ярилаа” хэмээжээ.


Ямартай ч АТГ-ын мэдээллийг сайдууд ийнхүү үгүйсгэсэн юм.



Холбоотой мэдээлэл


10 ЦАГ...
10 ЦАГ...
1 сар, 1 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 1 өдөр []


Сарангэрэлийх үнэнштээ бусдыг нь мэдэхгүй юм байна