2018,8-Р Сар ,30


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


LIVE: 16 сум дундын ойн анги автомашин, түймрийн багаж, хэрэгсэлтэй боллоо

1 жил, 9 сар TIMES.MN

БОАЖЯ-ны санхүүжилтээр сум дундын 16 ойн ангид 16 автомашин, гурван нэр төрлийн түймрийн багаж хэрэгсэл/үлээгч аппарат, үүргэвчит гал унтраагч, усны резинэн сав/ гардуулан өглөө.




Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 36 сум дундын ойн анги байгуулагдан ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа юм. Олон жилийн статистик бүртгэлээс үзэхэд улсын хэмжээнд зарим жилд улсын нийт ойн сангийн 13.4 хувь хүртэлх ойн талбай ой-хээрийн түймэрт нэрвэгдсэн судалгаа гарсан байна. Тиймээс цаашид БОАЖЯ-наас ойн ангиудын мэргэжлийн болон техникийн чадавхыг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат онцлов.




Мөн тэрбээр “БОАЖЯ 2018 оныг ойн салбарт ахиц дэвшил гаргах жил болгон ажиллаж байна. Энэ хүрээнд анх удаа Тусгай хамгаалалттай газар нутагт хамгийн томд тооцогдохуйц ойн цэвэрлэгээг хийж байна. Үүний үр дүн аравдугаар сарын 15-н гэхэд гарна. Ингэснээр цаашид ойн ангиуд ойн цэвэрлэгээг хэрхэн хийх, хүн хүч, багаж, техник хэрэгслийн хүрэлцээ хангамж ямархуу байгаа талаар тооцоо судалгаа гарна. Мөн улсын хэмжээнд ойн цэвэрлэгээг бага, дунд, томоохон хэмжээний ойн ангиудын стандартыг тогтоохоор ажиллаж байна. Түүнчлэн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар гадаад, дотоодын мэргэжилтнүүдийг авчирч сургалт хийсэн. Улсын хэмжээнд 36 сум дундын ойн анги байдаг. Тэдгээрээс өнөөдөр 16 сум дундын ойн ангийг автомашин, түймрээс сэргийлэх багаж хэрэгслээр хангалаа. Ингэснээр ой хээрийн түймрийг цаг алдалгүй унтраах, цурманд оруулахад сум дундын ойн ангид дэм болно гэж үзэж байна. БОАЖЯ-наас цаашид ойгоо ашигладаг, ойгоосоо орлого олдог, ойн цэвэрлэгээнд үндэслэн ажлын байр бий болгоно. Хамгийн гол нь ойн цэвэрлэгээг л үр дүнтэй хийхийг зорьж байна” гэсэн юм.




Манай улсын хойд бүс нутгаар байрлах сум дундын ойн ангиудын хамгаалалтад байгаа ойн сангийн нутаг дэвсгэр нь түймрийн эрсдэлийн 1-4-р зэрэглэлд багтдаг.


Үүнээс

1-р зэрэг 70 хувь,

2-р зэрэг 15 хувь,

3-р зэрэг 10 хувь,

4-р зэрэг 5 хувь тус тус эзэлж байна.


Увс аймгийн Өндөрхангай суман дахь сум дундын ойн ангийн дарга н.Бямбажаргал “Манай Увс аймагт хил дамнасан, ой хээрийн түймэр голдуу гардаг. Ой хээрийн түймэрт зам туулах чадвартай автомашин хэрэгтэй байдаг. 2011 онд авсан автомашин маань уул хадаар, түймэрт явсаар ашиглах боломжгүй болсон байсан. Энэ жил сайдын тушаалаар шинэ автомашинтай болж байгаадаа баяртай байна. Мөн шинэ багаж, тоног төхөөрөмжөөр хангаж байгаа юм байна. Манай суманд сүүлийн хоёр жилд зуншлага сайхан, түймрийн дэгдэлт харьцангуй багатай байна” хэмээв.


БОАЖЯ-наас Монгол орны ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглахад чиглэсэн хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, тогтвортой ойн менежментийн зөв тогтолцоог бий болгоход чиглэсэн олон чухал арга хэмжээг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, Ойн тухай хууль, Төрөөс ойн талаар баримтлах бодлого, Ойн цэвэрлэгээ хөтөлбөр, Ногоон хэрэм үндэсний хөтөлбөр, Ойг түймрээс хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр зэрэг эрхзүйн баримт бичгийг шинэчлэн батлуулж, ой хамгаалал, ойн нөхөн сэргээлт, зохистой ашиглалтын чиглэлээр 40 гаруй журам, дүрмийг боловсруулсан байна.


Мөн хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Увс аймгуудын ОХУ-тай хиллэх Улсын хилийн дагуу 10-40 метр өргөн, 700 гаруй км урт түймрээс хамгаалах зурвасыг байгуулжээ.








Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.