2018,8-Р Сар ,29


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Уурхайд ирэх ганц рэйсийн төлөө 14-20 хоног зарцуулж байна

10 сар, 3 долоо хоног TIMES.MN

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 120 орчим км урт дараалал үүсээд буй талаар “Баян зам” тээвэрчдийн холбооноос мэдээлэл хийлээ.




Нүүрс ачсан, ачаагүй машинууд ийнхүү урт цуваа үүсгэн, уурхайгаас нүүрс тээвэрлэн хилээр гаргаад буцаж уурхайд ирэх ганц рэйсийн төлөө 14-20 хоног зарцуулж буй аж.

Засгийн газар 2018 оны зургаадугаар сарын 20-ны өдөр хийсэн хуралдаанаараа Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нүүрсний тээвэрлэлтийг Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайт боомт хүртэл, Тавантолгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэл гэсэн чиглэлээр явуулахаар өөрчилсөн нь ийм нөхцөл байдалд хүргээд байгаа гэв.


Тавантолгойн ордоос Цагаан хадын хяналтын бүс хүртэлх 220 км замыг "уртын тээвэр" гэдэг. Харин Цагаан хад хяналтын бүсэд буулгасан нүүрсээ Гашуун сухайтын боомтоор тээвэрлэн гаргах 25 км замыг "богинын тээвэр" гэх бөгөөд Тавантолгойн ордоос ачаад Монгол улсын хилээр гарч Ганц модны боомт хүрч буулгахыг "уртын урт тээвэр" хэмээдэг байна. Гэтэл ийм гурван чиглэл нэг зам дээр зэрэг яваад байгаа юм.Мөн өнгөрсөн сард орсон олон удаагийн үерийн улмаас хоёр урсгалтай байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам эвдрэлээс болоод ганц урсгалтай болсон байна. Энэ нь нүүрс тээвэрлэдэг машинуудыг эвдэрч, осолдох эрсдэлд хүргээд байгаа аж. Тиймээс жолооч нар ажлаа урагшлуулж, богино хугацаанд явахын тулд Оюутолгойн шороон замаар явж, улмаар байгаль орчны бохирдлыг нэмэгдүүлэх, стресс бухимдал үүсэх, авлига нэмэгдэх зэрэг олон таагүй байдал үүсэж, бослого үймээн гаргах дээрээ тулаад байгаа учраас Засгийн газарт өргөх бичиг хүргүүлж байгаагаа “Баян зам” тээвэрчдийн холбооноос мэдэгдлээ.


Үүнд:

-Гаалийн хяналтын бүсэд Ерөнхий сайд бие төлөөлөгчөө 1-2 өдөр биш, нэг сарын хугацаатай ажиллуулж, бодит байдалтай танилцуулж өгнө үү 2018 оны зургаадугаар сарын 20-ны өдөр гаргасан 185 дугаар тогтоолоо эргэн харах

-Цагаан хаданд үүссэн 120 км урт дарааллыг шийдэхийн тулд Тавантолгой-Цагаанхадны хуучин трассыг сэргээн засварлаж, посттой, төлбөр хураамжтай болгох

-Цагаанхадыг гэрэл цахилгаантай болгож өгөх амлалтаа хэрэгжүүлж өгөх

-200 гаруй аж ахуйн нэгж, 20 мянган ажилчин ажиллаж байгаа, улс хоорондын ачаа тээврийн гол бүс болж байгаа Цагаанхадыг засаг захиргааны нэгж, тодорхой статустай болгож өгөх 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.