2018,6-Р Сар,26


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Н.Батгэрэл: Сэтгэл татсан, гоё фокустай зураг хараад л зурмаар санагддаг

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Дөнгөж 13-хан настай хэдий ч хүний хөргийг яг л фото зураг мэт өнгөтөөр зурдаг Н.Батгэрэл. Тэрбээр зураг зурахаас гадна дуу дуулж, бүжиг бүжиглэхийн зэрэгцээ хичээлүүддээ ч сайн нэгэн. Хэл сурах үнэхээр сонирхолтой, ялангуяа гадаад дуунууд сонсох дуртай хэмээн ярих элдэв маяггүй, авьяаслаг зураач Н.Батгэрэл болон түүний ээж Н.Батжаргалтай хийсэн ярилцлагаа хүргэе.




-Сайн байна уу. Юун түрүүнд урилгыг минь хүлээн авч хүрэлцэн ирсэн та хоёртоо баярлалаа. Мэдээж уламжлал ч гэмээр асуултаараа ярилцлагаа эхлэе. Охин нь хэзээнээс зурж эхэлсэн бэ. Ээж аавын хувьд хүүхдийнхээ авьяасыг нээн илрүүлэх нь үр хүүхдэдээ хийж буй том хөрөнгө оруулалт гэж боддог.

Ээж: Багаасаа л ханан дээр элдэв янзын дүрс зурдаг байсан. Ингэж ханан дээр зурахад нь ер загнадаггүй аль болох юу зурсныг нь өөрөөр нь тайлбарлуулж харилцан ярилцдаг байсан. Яваандаа зурагнууд нь илүү тодорхой болж сайжирч эхэлсэн. Тэр цагаас охинд минь авьяас байгаа юм байна гэж анзаарч урам өгч, өөрсдийнхөө хэмжээнд зааж, зөвлөж зураг зурах орчинг бүрдүүлж зургийн хэрэгслүүдээр хангаж өгсөн.


- Гэр бүлд нь зурдаг хүн байдаг юм уу?

-Охин: Аав намайг бага байхын л мод, чулуу, малын яс гээд урлал хийж болох бүх л материал дээр зураг зурах, сийлбэрлэх, шатар хийх зэрэг янз бүрийн ахуйн болон гоёлын эдлэл хийдэг байсан. Одоо бол чулуугаар сийлбэртэй болон сийлбэргүй хөөрөг хийдэг.Харин ээж зүү ороож, зоосон ширээний сүлжмэл сүлжиж даалин, хавтага болон гоёл чимэглэлийн зүйлс хийдэг. Ингэж байнгын хажууд маань сонирхолтой бүтээлүүдийг хийдэг болохоор тэр нь надад их нөлөөлдөг.


-Сургууль дээрээ зургийн дугуйланд явах ч юм уу, эсхүл багшид шавь орсон уу?

- Одоогоор дугуйланд явдаггүй, мэргэжлийн багшид шавь ороогүй л байна.




-Уран бүтээлч хүмүүсийн онгод орно гэж ярьдаг шиг гэнэт зурмаар санагдах үе гэж байх уу. Яг тэрхэн үедээ шууд цаасаа аваад л зурдаг уу?

-Охин: Тийм үе байдаг. Хөгжим, дуу сонсож байхад заримдаа баяр хөөртэй эсвэл эсрэгээрээ гунигтай үедээ бодогдсон бодлоо цаас харандаа байвал шууд л зурдаг. Хэрэв цаас харандаа байхгүй бол дотроо төсөөлж, сэтгэлдээ зурдаг.




-Сүүлд зурсан хөргүүдийг нь харахад яг л мэргэжлийн камераар авсан мэт зурсан байсан.

-Ээж: Харин тийм ээ. 13настай хүүхэд ингэж хөрөг зурсан гэхээр итгэхгүй “яг өөрөө зурсан юм уу? Энэ чинь фото зураг байна шүү дээ” гэж эргэлзэх тохиолдол гарах юмаа. Тиймээс бичлэг л хийхгүй бол зурсан гэдгийг нь батлах аргагүй байгаа юм. /инээв/

-Охин: Хүмүүс “чи яг зурсан юм уу. Худлаа яриад бай” гэдэг. Бага байхдаа зарим зургаа зурчихаад хар балаар тойруулаад тодруулахаар хүүхдүүд чи хэвлээд будсан байна гээд итгэдэггүй байсан.


Н.Батгэрэл охины уран бүтээлээс үзэж эхлэв. Багадаа зурсан зургуудтай нь танилцаж, одоогийнхтой нь харьцуулж, хэрхэн сайжирсан талаар нь ярилцав.




Тосон будгаар будаад шүдний чигчлүүрээр зурсан.


-Эхлээд хар зургаа гаргасны дараа будах уу. Будаг нь ямар будаг хэрэглэдэг вэ?

-Охин: Тийм ээ, эхлээд хар зургаа гаргаад тэгээд л будна даа. Будгийн хувьд харандаан будаг, гуашаар зурж байгаа.


-Чи яаж ингэж өнгүүдээ хольж, гоё гаргаж сурсан юм бэ?

-Охин: Ер нь үндсэн өнгөө сайн мэдэх бас өнгөө сайн уусгаж сурах нь чухал.

-Ээж: Зургуудыг нь он сараар нь хараарай. Зурах тусмаа туршлагажиж илүү сайжирч байгаа нь харагддаг.




-Харри Поттерийн зурагны нүднийх нь өнгийг яаж гаргасан байна аа. Хөрөг зургийн гол амин сүнс нь нүд байдаг байх.

-Охин: Тийм шүү. Ер нь нүдийг чухал гэж боддог. Өнгийг нь гаргахдаа гэрэл сүүдрээ сайн бодож өнгөний уусгалтаа зөв гаргахыг хичээсэн.


-Будгийн хувьд ямар будаг хэрэглэдэг вэ. Ер нь зураачдын ажлын багаж нь их үнэтэй байдаг юм билээ.

-Охин: Багадаа тааралдсан будгаа хэрэглэдэг байсан. Одоо бол будагнуудаа нэлээн шилж сонгож авдаг болсон. Зураг зурах цаас болон бийр, гуашны хувьд бол олдоц сайтай. Харин өнгийн харандаагаа голдуу гадаадаас захиж авчруулж байгаа.




-Эдгээр хөргийн эзэд нь харсан болов уу.

-Охин: Баянгол дүүргийн засаг дарга Одонтуяа, Сумо Дагвадорж ах, Загвар өмсөгч Мисс Содтуяа эгч өөрсдийнх нь хөрөг зургийг зурж байгаа бичлэгийг цахим хуудсандаа байршуулж амжилт хүссэн. Олны танил хүмүүсийн хөргийг зурж байгаагийн учир нь хэн ч харсан таньдаг болохоор хараад адилхан эсэхэд шууд үнэлэлт дүгнэлт өгдөг болохоор зурах дуртай байдаг.


-Өнгөтөөр зургаа зуруулая гэвэл үнэ тогтоосон байгаа юу. Хүмүүс ер нь зуруулая гэж захиалга өгч байна уу?

-Охин: Захиалга нэлээн их ирж байна. Гэхдээ одоогоор захиалга авахгүй байгаа. Учир нь эхлээд урын сангаа баяжуулж, наад зах нь 30 орчим хөрөг зурагтай болох тэр хэмжээгээрээ туршлага хуримтлуулах зорилготой байгаа. түүнийхээ дараа захиалгаар зурна гэж бодож байгаа.


-Хэзээнээс хөргөөр дагнаж эхэлсэн бэ?

-Охин: Дөрвөн жилийн өмнөөс байх аа. Эхлээд ээжийгээ зурсан.Тэгээд дараа нь өөрийгөө толинд харж байгаад зурсан. Тэр цагаас ер нь хөрөг зурвал болох юм байна гэж бодсон.




-Зураг зурахаар чамд ямар мэдрэмж, сэтгэгдэл төрдөг вэ. Тухайлбал, бухимдсан үедээ дуу дуулахаар тайвширдаг шиг зураг зурахаар тиймэрхүү мэдрэмж төрдөг үү?

-Охин: Зураад суухаар элдэв бодлууд арилж зурж байгаа зурагнаасаа өөр юм бодохгүй нээх сайхан амгалан болдог.


-Зурахаас өөр ямар авьяастай вэ?

-Ээж: Ер нь тал талын л авьяастай. Дуу дуулна, нэхмэл, сүлжмэл, баримал, мөн хувцасны загвар гаргаж түүнийгээ оёж өөрөө өмсөх дуртай.


Охин: Би очиж үзье гэж боддог газруудынхаа хэлийг сонирхож зав гарвал утасны аппликейшн ашиглаад бие дааж суралцдаг. 2014 онд UBS ТВ-ын Төгөлдөр хүүхэд нэвтрүүлэгт орж зочин зураач Цэгмид ахтай хамтран зураг зурсан. /Бямба гэж нэрлэсэн/


Бямба нэртэй бүтээл


-Зураг зураад суухаараа хэр удаан суух уу?

-Охин: Нэлээд удаан сууна. Заримдаа нойр хүрэхгүй зурмаар санагдаад цаг хурдан өнгөрснийг ч анзааралгүй шөнө болтол суусан байдаг. Хааяа зурж байгаад унтах тохиолдол байна. /инээв/ Хүний сэтгэл татсан, өнгө дүрслэл сайтай сонин содон зураг хархаар зурмаар санагдаад зурдаг үе ч бас байдаг.


-Фэйсбүүк буюу цахим орчинд хэр их хугацаа зарцуулж байна?

-Ээж: Хичээл ихтэй, бас их удаан сууж зургаа зурдаг болохоор ядардаг. Тиймээс идэвхитэй хөдөлгөөнтэй байгаасай гэсэндээ цахим хэрэглээг аль болох хязгаарладаг. Бие нь ядарсан байхад дээр нь нэмж нүдээ битгий ядраа. Тэрнийхээ оронд салхинд гарч, явган явж эсвэл дугуй унаж алсын бараа харж нүд болон биеэ сайхан амраасан нь дээр гэж зөвлөдөг.


-Шантрах үе байдаг уу. Тухайлбал, маш гоё зурж байсан зураг нь бүтэлгүйтвэл сэтгэлээр унах ч юм уу?

-Охин: Тийм үе бараг байдаггүй ээ. Хэрэв ямар нэгэн алдаа гарчихвал засварлах эсвэл ахин зурдаг.


-Өөрийнхөө өрөөндөө зурдаг уу. Зураг зурах орчин бүрдүүлдэг үү?

-Охин: Ээж аавынхаа өрөөнд л зургаа зурдаг.




-Арьсан дээр зураг зурж байсан уу?

-Охин: Арьсан дээр зурж үзээгүй. Харин чулуун дээр чулууны өөрийнх нь байгалийн хээг ашиглан зурж байсан.


-Яваандаа өөрийн гэсэн урлантай болчихвол.

-Охин: Урлантай болбол цаг хугацаа орон зайнаас үл хамаарч олон янзын илүү том бүтээлүүд гаргаж түүгээрээ урлангаа гоёно доо гэж мөрөөддөг.


-Ойрын гурван жилийн зорилго юу байна?

-Охин: Урын сангаа баяжуулж эх орондоо болон гадаадад амьдарч, суралцдаг үеийн хүүхдүүддээ бүтээлүүдээсээ танилцуулж үзэсгэлэнгээ гаргах, мундаг зураач нарын бүтээлүүдийг сонирхож судлах, туршлага хуримтлуулж, мэдлэгээ нэмж, мэргэжлийн багштай болох зорилготой байна даа.


Хэрхэн зурж буй бичлэг



Охины багадаа зурсан зургууд






Ээж нь модель болж, унтаж байхад нь тэр чигээр нь зурсан







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 3 долоо хоног [139.5.216.241]


гомо мөнхөөгийн тухай ном хэзээ худалдаанд гарах юм бэ сураг байна уу хүмүүсээ