Улс төр


Д.Тэрбишдагва: Бага ярьж, Ихийг бүтээе

3 өдөр, 21 цаг TIMES.MN

Мэргэжлийн боловсрол, сургалт-Ажилсаг Монгол зөвлөгөөн 2018 оны 6-р сарын 18,19-нд Улаанбаатар хотноо болно


Монголын өнөөгийн бодит дүр төрх


    Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжээд 28 жил болж байна. Дэвшилттэй зүйл ч байна. Дэвшилгүй засаж, сайжруулах зүйл ч их байна. Ялангуяа өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн хөгжил улс орны үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулсан гэж би үзэж байгаа.




Энэ эргүүлэгнээс хэрхэн гарах вэ?


     Үүнээс гарах ямар гарц байна гэхээр, “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлье гэж сүүлийн гурван жил олон улс болоод эх орныхоо хэмжээнд судалж байна. Хүн хөгжлийн гарц байхын тулд хүүхдээс нь эхлээд зөв Монгол хүн, зөв хүмүүжилтэй хүүхэд болгож бойжуулаад, дээрээс нь бүх хүмүүсийг мэргэжилтэй болгох хэрэгтэй. Мэргэжилтэй боловсон хүчин, жижиг, дунд үйлдвэрүүдийн эздийг бий болгож, орчин үеийн техник, технологид суралцсан өндөр чадамжтай дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж, үйлдвэрлэл хөгжүүлж олон ажлын байр бий болгосноор тэр нь эргээд их хэмжээний хөрөнгийг улсын төсөвт суулгаж, улс маань хөгжинө, хүн бүр ажилтай, орлоготой болно гэсэн ийм л гол концепц байгаа юм. Ажилсаг Монгол хөтөлбөрийн төслийг боловсруулахаар Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хамтарсан ажлын хэсэг байгуулаад байна.





Ажилсаг Монгол хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлууд


“Ажилсаг Монгол” хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн  ажлуудыг хийж байна. Гурван жилийн өмнөөс Германы үйлдвэр, аж ахуйн газрын эздүүдтэй уулзсанаас эхлээд төр, засгийн удирдлагын хэмжээнд хүртэл ярьж байна. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад эхний удаад 20 гаруй хүүхэд зам, барилгын чиглэлээр сурч байгаа. Германы Элчин сайдын яам болон Германы хөгжлийн хамтын ажиллагааны яамныхан маш их тусалж байгаа. Цаашид ч хүүхэд сургах чиглэлээр ажиллаж байна. ХБНГУ-ын Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч Михаель Мюллертэй уулзаж, ойрын хугацаанд сургах 10 хүүхдийн асуудлыг ярьж байна. Өнгөрсөн жил “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн гол үзэл санаагаа танилцуулахад УИХ-ын гишүүд дэмжиж, нэг тэрбум төгрөг улсын төсөвт суулгасан. Хөдөөний хоёр мэргэжлийн сургалтын төвд тус бүрд нь 400 сая төгрөг улсын төсвөөс өгч тоног төхөөрөмжийг шинэчилнэ.  Мөн Улаанбаатар хотын барилгын коллежид 200 сая төгрөгийн тоног төхөөрөмж өгөх гэж байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүд өнөөдөр бараг 1950, 1960-аад оны үеийн трактор, белорус дээр дадлага хийж байна. Гэтэл ийм зүйл дээр дадлага хийсэн хүүхдүүд яаж орчин үеийн төхөөрөмж дээр ажиллах билээ. Тиймээс мэргэжлийн сургалтын дадлага хийж буй тоног төхөөрөмж болоод багш нарынх нь чадавхыг сайжруулах асуудалд онцгойлон анхаарах ёстой. Цаашид Монгол төр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын техник, материаллаг баазыг сайжруулахад ихээхэн хөрөнгө зарцуулж, үнэхээр ирээдүйд бэлтгэгдсэн үйлдвэрлэлийн ажиллах боловсон хүчин бэлтгэх шаардлагатай байна.

Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад 20000-30000 мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилт тавьж байна


 
2030 онд гэхэд 20000-30000 мэргэжилтэй ажилтан, жижиг, дунд үйлдвэрийн эзэд, 5000 нарийн мэргэжлийн, дэлхийд өрсөлдөх чадвартай инженер, мэргэжилтнүүд  бэлтгэх зорилт тавьж байгаа. 
Германд нарийн мэргэжлийн 320 мэргэжил байдаг. Харин Монголд одоогоор 30-аадхан мэргэжлийг сургаж байна. Мэргэжил бүхэн сайхан гэдэгтэй адил мэргэжлийн нарийн боловсон хүчин бэлтгэх ёстой. Гэхдээ бид цаашдаа үйлдвэрлэлээ хөгжүүлье гэвэл хүнээ хөгжүүлэх нь амин чухал хөшүүрэг юм. Хэчнээн үнэтэй, орчин үеийн тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлээд түүн дээр ажиллаж чадах боловсон хүчингүй бол тэр техникүүд зэвэнд идэгдэж, тоосонд дарагдаж, ид шидийг үзэж чадахгүй л өнгөрнө шүү дээ. Бид 20 гаруй жил жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлье гэж тусламж, хөнгөлөлттэй зээл өгсөөр л ирлээ. Гэвч ахиц тааруухан байна. Тиймээс л миний бие үйлдвэрлэлээ хөгжүүлье гэвэл хөдөлгөгч хүч болсон боловсон хүчнээ төр бодлогоор бэлтгэе гээд байгаа юм. Нүдээрээ харж, гараараа хийж, технологи, ноу хау сурсан хүн Монголдоо ирээд зүгээр суухгүй. Тэд харин харснаа, мэдснээ, сурснаа, бодсноо хэрэгжүүлнэ.



Ажилсаг Монгол  гэсэн имиж бүрдүүлье


    Бид бага ярьж, их бүтээж, бүгдээрээ л ажилтай, орлоготой байх нь бидний номер нэг асуудал. Ингэж л улс орны маань эдийн засаг хөгжинө. Эдийн засаг хэдий чинээ хөгжинө төдий чинээ улс орны хөгжлийн нүүр царай харагддаг. Тэдий чинээ дэлхий нийт биднийг хүлээн зөвшөөрдөг. Мөн тэдий чинээ манайд хөрөнгө оруулалт нэмэгддэг. Тиймээс бид имижтэй болмоор байгаа юм. Бидний тавьсан зорилгоор 2020 он гэхэд “Ажилсаг Монгол” гэсэн үг хүн бүрийн чихэнд хоногших ёстой. 2030 он гэхэд дэлхий биднийг, Монголыг ажилсаг гэж хардаг болох ёстой. Бүгдээрээ ажилсаг байя.

Монголын түүхийг дэлхийд үзүүлбэл бид хэдэн мянган жилийн түүхтэй. Гэтэл  хэдхээн жилийн түүхтэй улс орон өнөөдөр дэлхийд хөгжлөөрөө гайхагдаж байна.

Тиймээс би Монголын эрин эргэж ирнэ гэдэгт бат итгэдэг. Монголын эрин эргэж ирнэ ээ. Тийм болоход хүн бүр ажилсаг байж, бага ярьж, ихийг бүтээе. 


УИХ-ын гишүүн, Ажилсаг Монгол хөтөлбөрийг санаачлагч Д.Тэрбишдагва


                 



Холбоотой мэдээлэл


УИХ энэ долоо хоногт
УИХ энэ долоо хоногт
12 цаг, 28 минут

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 өдөр, 11 цаг []


zob sanaa va shuu