Нийгэм


"Сансрын хөлөг" тоглоом насжилт өндөртэй, хуучирсан байсан гэдэг урьдчилсан дүгнэлт гарчээ

1 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Өчигдөр 15:00 цагийн орчим Үндэсний соёл амралтын хүрээлэнд "Сансрын хөлөг" тоглоом эвдэрч, дөрвөн хүүхэд гэмтсэн хэрэг гарсан. Ослын улмаас гэмтсэн дөрвөн хүүхдийг ГССҮТ-д хүргэсэн байдаг. Эл ослын талаар нэгэн иргэн цахим хуудастаа “Пуужин эргэж байгаад хугараад уначихлаа. Дотор нь хүүхдүүд байсан бөөн цус нөж бурхан минь” гэсэн байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага болон Цагдаагийн байгууллагаас хамтарсан шалгалтыг хийж урьдчилсан байдлаар хугарсан тоглоом нь насжилт өндөртэй, хуучирсан гэх дүгнэлтийг гаргаад буй. 


СБД-ийн Цагдаагийн I хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Н. Бат-Эрдэнээс зарим мэдээллийг тодруулахад, “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д тоглоом нурсан гэсэн дуудлага 14:50 минутад ирсэн. Одоогоор нурсан шалтгаан тодорхойгүй байна. Шалгалт хийгдэж байна. Дөрвөн хүүхэд гэмтсэн, амь нас эрсдсэн зүйл гараагүй” гэв.  Харин Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс "Сансрын хөлөг" тоглоом дээр сууж байсан хүүхдүүдийн биеийн байдлыг тодруулахад "Яаралтай түргэн тусламжаар дөрвөн хүүхэд хүргэгдэж ирсэн. Хүнд гэмтэл байхгүй. Зөөлөн эдийн гэмтэлтэй. Нэг хүүхдийн рентген зургийг авч, биеийн байдлыг ажиглаж байна" гэсэн юм.


                                                               


Б.Батнягт: Өдөр бүр ажил эхлэхээс өмнө тоглуумуудаа шалгадаг


Ослын талаар Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал  Б.Батнягт мэдээлэл өгсөн юм.  Гэмтэж, бэртсэн хүүхдүүдэд үзлэг хийгдэж байгаа. Ямар хэмжээнд гэмтэж бэртснийг мэдэхгүй байна. Эмч нарын зүгээс тайлбар хийх байх гэв. Тэрээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулав.


- Тоглоомуудыг хаанаас авсан бэ?

-Бээжингээс авсан.


- Нийт парк дээр байгаа тоглоом 22 гэж байсан. Эдгээр тоглоомуудын дундаж наслалт хэд байдаг юм бэ? 

-Бүгдээрээ найман жил болж байгаа тоглоом. Зарим нь дөрвөн жил болж байгаа. 


- Эвдэрч, хугарсан гэх "Агаарын хөлөг" тоглоом дээр хамгийн сүүлд хэзээ засвар үйлчилгээ хийсэн бэ?

-Жилийн бүр засвар үйлчилгээ хийгээд паркын үйл ажиллагаа нээдэг уламжлалтай. Өдөр бүр ажил эхлэхээс өмнө шалгадаг. 


-Өчигдөр өглөө "Агаарын хөлөг" тоглоом ажиллахад дүгнэлт нь хэвийн гэж гарсан байсан уу?

-Тийм. Хэвийн гэж дүгнэлт гараад үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хэвийн бус тоглоом бол ажилладаггүй. Засвар үйлчилгээ хийж байж ажилладаг.

 

- Тухайн үед хичнээн хүүхэд сууж байсан бэ. Гэмтэл бэртэл ямар байгаа вэ?

-Бэртэл, гэмтэл ямар байгааг би сайн мэдэхгүй байна. Эмнэлэг рүү хүргэгдсэн. Кабинд бол дөрвөн хүүхэд сууж байсан. Хоёр кабинд 4, 4 хүүхэд суух зориулалттай. Дээр байсан кабин нь хугарч унасан. 






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.