2018,6-Р Сар,01


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Дугуйтай гэр бүл: Энэ аялал амжилттай болвол ирэх өвөл Хятадын өмнөд хэсгээр дугуйтай аялна

1 сар, 2 долоо хоног TIMES.MN
Замын түгжрэл, амьдралын буруу хэвшил, хэт таргалалт зэрэг элдэв асуудал ихтэй Монголын өнөөгийн нийгэмд эерэг, зөв хандлагаараа үлгэр дуурайлал үзүүлж буй нэгэн гэр бүл болох Н.Пүрэвдорж, С.Анударь нартай ярилцлаа. Тэд гэр бүлээрээ дугуй унахаас гадна зургадугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс эхлэн дугуйтай аялал хийх гэж байгаа юм.




-Сайн байна уу. Урилгыг минь хүлээн авч, ярилцлага өгөхөөр зөвшөөрсөнд баярлалаа. Та хоёрын хувьд хэзээнээс дугуйтай нөхөрлөж эхэлсэн бэ?


-Нөхөр: Миний хувьд багаасаа л дугуй унадаг байсан. Гэхдээ 1995 оноос яг өөрийн гэсэн дугуйтай болоод байнга унаж эхэлсэн.

Эхнэр: Би 2013 оноос унаж эхэлсэн.


-Тэгэхээр өвөл, зунгүй хаа ч явсан дугуйгаа унадаг гэж ойлгож болох уу?


-Нөхөр: Манай хүн хоёр өвөл, би гурван өвөл унаж үзсэн. Цас ороод хальтаргаа үүсдэг учир нэлээд хүндрэлтэй юм билээ. Хүйтэн бол асуудал биш. Учир нь дугуй унахаар алхаж буй хүнээс илүү хөдөлгөөн хийж, дулаацдаг. Мөн утаа маш хэцүү. Дугуй унаж буй хүн энгийн алхаж байгаа хүнээс илүү амьсгалж, зүрх нь хүртэл арай түргэн цохилж, ачаалал нэмэгддэг. Тиймээс хэрэв өвөл дугуй унах гэж байгаа бол битүү масктай л унах хэрэгтэй. Гэхдээ бидний хувьд өвөл дугуй унахыг уриалахгүй байгаа. Хавар дөрөвдүгээр сараас 11 дүгээр сар хүртэл унахад тохиромжтой.


-Зургадугаар сарын нэгнээс гэр бүлээрээ дугуйтай аялал хийх гэж байгаа гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй тайлбарлаач. Хаанаас хаашаа, хэдий хэр замыг ямар хугацаанд туулахаар төлөвлөж байгаа вэ?


-Нөхөр: Манай эхнэр энэ зун дугуйтай аялъя гэж санаачилсан. Ерөнхийдөө дөрвөн удаагийн аялал хийнэ. Эхний гурав нь богино хэмжээний хот тойрсон аялал. Бага насны хүүхдүүдтэйгээ явж байгаа болохоор спортоор хичээллэдэг хүмүүс шиг шууд хол зайд аялах боломжгүй. Амраад, зугаалаад явах юм. Том охин маань гуравдугаар анги, бага охин нэгдүгээр анги, тэгээд бага маань дөнгөж ой гарантай. Нэгийг нь нэлээд том хэмжээний аялал байхаар төлөвлөөд байгаа. Эхний аяллын хувьд “Вагоноор 61-ийн гарам дээр бууж, цааш дугуйгаар явна. Батсүмбэрийн маш гоё зам бий. Тэр замаар явсаар наана Ар гүнтийн шинэ зам руу орох юм. Бага зэрэг өгсүүр хэдий ч бас гоё замтай. Вагоноор туулах замаа хасаад гэрээсээ гараад тойроод ирэхэд 63 км болж байгаа юм. Хүү минь замдаа унтаж амарна. Байнга сууж явахаар хөдөлгөөн дутагдах учир цаг тутам зогсож, 10 минут хүүхдүүдээ тоглуулах гэх мэтээр тухтай явна. Хүүхдүүд маань өөрсдийн идэх, уух бага бага зүйлийг аваад явна.



Эхний аялал буюу өнөөдрийн богино аяллын маршрут


-Таны яриаг сонсоход маш нарийн төлөвлөгөөтэй хүн мэт санагдлаа. Цаг, км гээд бүгдийг нарийн төлөвлөсөн байна. Та хоёрын хувьд ямар мэргэжилтэй, юу хийдэг хүмүүс вэ?


-Нөхөр: Манай гэр бүлийн хүн найруулагч мэргэжилтэй. Телевизэд таван жил ажилласан. Одоогоор жирэмсний амралтаа аваад гэртээ байгаа. Миний хувьд гадаадад олон жил болсон. 2003 онд Монголдоо ирсэн. Эдийн засагч мэргэжилтэй. Гэхдээ одоогоор хөдөө аж ахуйн чиглэлээр хувиараа бизнес эрхэлж байгаа.


-Гэрийн эзэгтэйн хувьд дугуй унаж чаддаггүй байж байгаад сурсан гэлээ. Анхлан суралцаж байхад хэцүү байсан уу. Бие нь булгарах гэх мэтээр хүндрэл их тохиолдсон байх.


-Эхнэр: Би багаасаа дугуй унах гээд сурч чаддаггүй байсан. Гэтэл яагаад дугуйтай холбогдоод, бүр салахаа байв гээд бодоход өнөөгийн Монголын нийгэмд яах аргагүй шаардлага үүссэн байгаа юм. Замын түгжрэл, хөдөлгөөний дутагдал зэргээс зайлсхийх арга юм. Хоёр охиноо ойрхон төрүүлсэн болохоор нэлээд жин нэмсэн. Гэхдээ тийм ч хурдан жин хасаагүй. Учир нь ядрахгүйн тулд бас сайн хоол унд идэж, тааваараа унадаг байсан. Тэгээд жилийн дараа гэхэд нэлээд жин хаясан. Бараг жаахан охин шиг болсон. Хүүгээ төрүүлээд одоо бага зэрэг жин нэмсэн. Тэрнээс хүмүүс бүр гайхаж, чи 17-той юу, насанд хүрсэн үү гэж асуудаг байсан. Тиймэрхүү зүйлс их урам өгсөн. Такси, автобус гээд юунд ч суусан түгжрэнэ. 18 цагаас ажлаасаа гарахад 20 цагт гэртээ ирж байх жишээний.

Нөхөр: Дугуй унахынхаа хажуугаар бид нар хоёр жил гаран машинтай байсан. Одоо гэхдээ машинаа зарсан. Машин унаснаас дугуй унасан нь илүү дээр гэдгийг баталсан. Тухайлбал нэг хүнтэй уулзалт товлолоо гэхэд цагаа маш нарийн төлөвлөж болж байна. Учир нь замын түгжрэлд орохгүй. Хотын төвөөр уулзалт товлолоо гэхэд 10 минут яваад л цагтаа очих жишээний.




-Гэхдээ манай монголчууд бас нэг үеэ бодвол дугуй их унадаг болсон байна.


Нөхөр: Харин тийм шүү. Богино хугацаанд нийтийн соёл болчихсон.


-Монголын нөхцөлд дугуй унахад сайн талын хажуугаар бас эрсдэлтэй асуудал их байна. Тухайлбал дугуйн зам хангалтгүй, байгууллагын гадаа дугуйгаа тавихад хулгайд алдах, бага насны хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцоход бас нэлээд эрсдэлтэй.


Нөхөр: Манай хүүхдүүд бага насных л даа. Тиймээс сургууль болоод гадуур явахад нь байнга хамт явна. Ойр зуур байрныхаа гадуур тоглоход нь л өөрсдийг нь гаргадаг. Зогсоолын хувьд машинд зогсоол олдох бүр хэцүү. Харин дугуй бол харьцангуй авсаархан. Тухайн байгууллагын хашаанаас ч юм уу зүүгээд, цоожлоод орхиж болно. Хулгайн асуудлыг шийдсэн гаднын туршлага их байдаг. Тухайлбал, дугуй бүр нь улсын дугаар болон серийн дугаартай байдаг. Түүнийг нь бүртгэхэд л хангалттай. Хэрэв хулгайд алдлаа гэхэд серийн дугаараар нь хайгаад хэзээ нэгэн цагт олчихно. Манайд одоохондоо тийм систем нэвтрээгүй байна. Анзаарахад маш олон үнэтэй дугуйгаа хулгайд алдлаа гэх тохиолдол ажиглагддаг. Үнэтэй гэлтгүй бид хоёрын энгийн дугуйг хүртэл хулгайлдаг. Ану бид хоёр хоёулаа хоёр хоёр дугуй хулгайд алдсан. Орцод цоожилсон байхад хэмх цохиод л авчихдаг. Тиймэрхүү шалтгаанаас болоод бас өөрийн хүссэн, шунал хөдөлгөсөн гоё дугуйгаа унаж чадахгүй л байна.


-Гадуур явахдаа явган хүний замаар явах уу. Эсхүл машин замаар түлхүү явж байна уу?


-Нөхөр: Гэр бүлээрээ явахдаа заавал явган хүний замаар явдаг. Гарц дээр дугуйгаа түрж гарна. Бас явган хүний замгүй газар ч байна. Тийм замаар илүү анхаарал болгоомжтой явахыг гэр бүлдээ байнга зөвлөдөг. Би хэдийгээр 20 гаруй жил дугуй унаж байгаа ч дугуй унаж сурсан гэж хэлэхгүй. Өдөр тутамдаа сурсаар л байгаа. Байнга л анхаарал болгоомжтой явах хэрэгтэй.


-Гэр бүлээрээ дугуй сонгож буй бичлэгийг тань үзсэн л дээ. Дугуй худалдан авахдаа юуг нь анхаарах хэрэгтэй вэ. Таны хувьд болон танай гэр бүлийн хувьд юуг нь голчилж сонголтоо хийдэг вэ?


-Нөхөр: Бид хоёр охиндоо өөрсдийнх нь биед тохирсон дугуйг сонгосон. Хэрэв том дугуй унаад байвал цээж нь урт болно. Харин багадсан дугуй унавал өсөлт нь зогсох гэх мэт олон янзын эрсдэл бий.


-Би бас хүүдээ дугуй авч өгөх гээд яаж сонголтоо хийхээ мэдэхгүй байгаа л даа. Ер нь яаж өөрийнх нь биед таарч байгааг мэдэх вэ. Бас үнийн хувьд олон янз юм билээ. Төмөр дугуй нь сайн байдаг юм уу, эсхүл хөнгөн цагаан дугуй нь сайн байдаг юм уу?


-Нөхөр: Би мэргэжлийн дугуй мэддэг хүн биш л дээ. Гэхдээ хүүхдийн дугуй хөнгөн, бат бөх байх тусмаа л сайн байх. Би хөнгөн цагаан дугуй унадаг. Харин манай эхнэр төмөр дугуй унадаг. Төмөр дугуйны хувьд бага зэрэг хүнд хэдий ч бат бөх.


-Анхлан суралцаж буй хүнд хөнгөн нь дээр үү?


-Нөхөр: Аль нь ч байж болно. Таны биед эвтэйхэн, тохирч байгааг нь сонгох хэрэгтэй. Анх дугуй унаж сурч байгаа хүмүүс шууд өөрт таалагдсан, өнгө үзэмжээр нь сонгож авах гээд байдаг. Ер нь дугуй сонгохдоо дугуй сайн мэддэг хүн дагуулж явж, тайлбарлуулж авбал зүгээр. Хэрэв хүүхдэдээ дугуй сонгох гэж байгаа бол эхлээд суулгаж үзэх хэрэгтэй. Бас 2-3 жил унана гэж тооцно. Шон нь нэлээд намхан, суудал дээрээ суугаад хөл нь газар хангалттай хүрч байхад болно. Манайхан анх дугуй унаж сурч байгаа бага насны хүүхдэдээ ихэвчлэн ардаа нэмэлт дугуйтай дугуй сонгодог. Энэ нь нэг талаараа зөв хэдий ч илүү хурдан сургая гэж бодвол тэрийг нь авчихвал зүгээр байдаг. Мөн дөрөөг нь авчихдаг. Суудал дээрээ суугаад хөлөөрөө түрээд хэд хэд явахад сурдаг. Хүүхэд хэд унаад л тэнцвэрээ олчихдог юм. Том хүн ч гэсэн адилхан. Тэгээд тэнцвэрээ олоод сурахаар нь дөрөөг нь эргүүлээд хийчих хэрэгтэй. Удахгүй фэйсбүүк пэйждээ дугуй унаж сурах видео зааварчилга оруулах болно оо.


-Би уг нь дугуй аваад хүүхдээ ардаа суулгаад явж байя гээд нөхөртөө хэлсэн. Намайг чи нэг өдөр яваад л бахардаад ирнэ, чадахгүй гээд байгаа юм.


-Нөхөр: Анхлан суралцаж буй хүн эхлээд шууд хол замд яваад хэрэггүй. Дугуйгаа машиндаа ачаад хотоос зайдуу гарч байгаад бага багаар сургуулилт хийвэл илүү үр дүнтэй. Аль болох чихэр шиг гоёыг нь мэдэрч сурах хэрэгтэй.

Эхнэр: Би хожуу дугуй унаж сурсан болохоор дугуй унасны дараах бэрхшээл бараг сарын турш үргэлжилсэн. Наад зах нь нөхөртөө нэлээд загнуулсан. Манай хүн “чи дөнгөж сая машин ирж байхад эргэж харсангүй, замаар гарахдаа эргэж харсангүй. Эргэж харахгүй бол үхнэ ш дээ” гэж загнана. Би ч “үгүй би эргэж харсан” гээд л гүрийдэг байлаа. Ядарна гэдэг бол үнэн. Эхний хэд хоног маш их ядарна. Би эхлээд өдөрт 2-3 км явдаг байсан. Долоо долоо хоногоор км-ээ сунгаад 6-7 км болоход бие булгарч эхэлдэг. Өгсүүр газар өгсөхөд гуя тэр чигтээ хөндүүр болдог байсан. Гэсэн хэдий ч маргааш нь дугуйгаа тавьдаггүй байсан. Хоёр долоо хоногийн дараагаас бие булгархаа больж эхэлсэн. Гэхдээ явдаг стандарт хугацаагаа бага багаар сунгах бүрд бие булардаг байсан. Одоо бол тоохоо больсон байна лээ. Би хүүгээ тээж байх болон нялх байх хугацаандаа найман сар дугуй унаагүй. Тэгээд унахад бие булраагүй.




-Охид нь анх дугуй унахдаа шантарч байсан уу. Бас одоо аялалд явахыг хэр дэмжиж байгаа вэ?


-Нөхөр: Манай хоёр охин анх зуслан дээр дугуй унаж сурсан. Ядарсан үедээ дуртай газраа хаяад л явчихдаг байсан. Ер нь их амархан, дуртай унаж сурсан шүү. Ерөөсөө ядарсан, залхсан царай гаргадаггүй байсан. Эгч нь зургаан настайдаа унаад сурсан байсан. Дүү нь ч гэсэн тэр үед унаад сурсан байсан учир дараа жилийн төрсөн өдрөөр нь дугуй бэлэглэсэн. Зөвхөн зуслан дээрээ л дугуй унадаг байсан. Харин энэ жилээс буюу өнгөрсөн есдүгэр сарын 1-нээс эхлэн хичээлдээ дугуйтай явж эхэлсэн. Охидыг маань хараад бусад хүүхдүүд ч үлгэр дуурайлал авч, нэлээд хэдэн хүүхэд дугуй унадаг болсон харагдсан. Сургуулийн гадна цоожтой дугуй огт харагддаггүй байсан бол одоо хэд хэдэн сургуулийн гадна харагдсан шүү. Оройдоо салхинд гарангаа 3-4 цагт 10 гаруй км яваад ирдэг. Гэхдээ мэдээж замдаа цаг гаруй амарч, тоглох гэх мэтээр дугуйгаа унадаг. Манай гэрээс үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл 5 км орчим.


-Тийм шүү. Та хэд бас нийгэмд маш сайхан зөв үлгэр дуурайлал үзүүлж байна.


-Нөхөр: Санаатай биш санамсаргүй байдлаар нийгэмд бас эерэг хандлага төрүүлсэн байсан. Харин энэ удаагийн аяллаа өөр зорилготой эхлүүлж байгаа юм. Учир нь хүмүүст бас зөв үлгэр, хандлага өгч болдог юм байна гэдгийг мэдэрсэн. Тиймээс энэ сарын 20-ноос эхлэн тусдаа пэйж нээж эхлүүлсэн. Эхнэр маань надад мэдэгдэлгүй нээсэн байсан. /инээв/ Гэхдээ маш богино хугацаанд их хандалт авсан. Мөн хүмүүс урмын сайхан үгс хэлж, урам өгч байгаад нь маш баяртай байгаа. Хамгийн гол нь иргэд дугуй сонгохдоо маш сайн зөвлөгчтэй байх, эсхүл сайн судалгаа хийх хэрэгтэй. Бас сайн тоноглолтой байх нь чухал.


-Ойрын хугацаанд ямартай ч богино болоод уртын замын дугуйтай аялал хийх юм байна. Цаашдаа бас гадаадынхан шиг дугуйгаар дэлхийг тойрох ч гэдэг юм уу. Тиймэрхүү зорилго, төлөвлөгөө бий юу?


-Нөхөр: Амжвал ирэх өвөл хүүхдийн сургуулийн амралтаар Хятадын өмнөд хэсгээр дугуйтай аялал хийе гэж төлөвлөөд байгаа. Гэхдээ мэдээж ойрын аяллуудаа амжилттай зохион байгуулж байж тэр аяллыг хийх эсэхээ шийднэ. Бас хамтрагч байгууллага олох хэрэгтэй.

Эхнэр: Хамгийн гол нь бага насны хоёр хүүхэдтэй. Бас нялх гэж хэлж болохоор жаахан хүүтэй учир үүнд онцгой анхаарах шаардлага тулгарсан. Хэрэв том хүүхдүүдтэй бол найзууд шиг л явах боломжтой. Гэвч хүүхдүүдээ өдөрт нь унтуулах, хооллох, бага ангийн хүүхдүүд учир хичээлийг нь огт орхигдуулж болохгүй гээд олон шалтгаан байна.


-Аав бас хотын эргэн тойрны замыг маш сайн судалсан байна. Хаана гоё зам байгааг сайн мэдэж, төлөвлөсөн байна.


-Нөхөр: Би 2003 онд Монголд ирсэн. Ирээд л дугуйгаа үгүйлж, дугуй худалдаж авсан. Тэр үед дугуй унаад хотоор явахад бараг дугуйтай хүн тааралддаггүй байлаа. Маш ховор. Бэлтгэлээ хийж буй тамирчид л явдаг байсан. Эсхүл олон жил дугуй унасан болов уу гэмээр өвөө нар, байрны гадаа хаа нэг хүүхдүүд унах мэр сэр харагддаг байсан. Бага багаар энд тэнд хүмүүс унаад эхлэхээр их сайхан санагддаг юм билээ. Ханьтай болоод байгаа мэт.


-Дугуйгаа хэдий хугацаанд сольдог вэ. Ер нь хэдэн жил унаад сольж байх ёстой юм бол.


-Нөхөр: Яг тэдэн жил унаад солих ёстой гэсэн зүйл байхгүй. Хамгийн гол нь утсаа хайрлаж, гамнадаг шигээ дугуйгаа ч гэсэн хайр гамтай хэрэглэх нь чухал. Бас дугуйн загвар өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна. Өөрт сайхан санагдсан дугуйгаа боломжоороо л сонгоно. Машин яаж сонгодог билээ түүнтэй адил. Мөрөөдлийн машин гэж байдаг шиг надад ч бас мөрөөдлийн дугуй байна. Бараг машины үнэтэй, түүнийгээ авч чаддаг болтлоо илүү хичээж, зорилготой болно.


-Манайхан бас дотооддоо дугуй хийгээд эхэлсэн.


-Нөхөр: Тийм. Гэхдээ би тэдний дугуйг унаж үзээгүй. Манайхан бас юмыг их сайн хийдэг ш дээ. Хэрэв сайн хийгээгүй бол сайн хийх хэрэгтэй.


-Ярилцлагынхаа төгсгөлд залуустаа болоод дугуй унах гэж байгаа залуу гэр бүлүүдэд хандаад зөвлөгөө ч юм уу, уриалга хэлээч.


-Нөхөр: Би уриалсан уриалаагүй угаасаа тренд болчихлоо. Улам л нэмэгдэнэ. Гэхдээ дугуй унаж сураагүй эмэгтэй хүмүүст Ану маш гоё үлгэр жишээ болох байх. Дугуй унаж сураагүй том болсон бол тэр асуудал биш. Манай пэйжийг бас дагаарай.


Эхнэр: Пэйжээрээ боломжтой, сайхан зүйлсийг харуулахаас гадна гарч буй хүндрэл бэрхшээлээ ч нуухгүй мэдээлэл өгч байх болно. Ийм ийм асуудал гарч болох юм байна, үүнийг хэрхэн давж гарах вэ гэдгийг харуулъя л гэж бодоод байгаа.

Нөхөр: Заавал их мөнгөөр аялах бус боломжийн бага зардлаар, зөв аялах боломж байгаа гэдгийг харуулбал манайд аялах олон гэр бүл байгаа гэж боддог. Хотыг тойроод маш олон гоё газрууд байна. Сайхан аялахын зэрэгцээ хүүхдүүдэд дурсамж үлдэнэ.


-Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Аялал нь амжилттай болох ерөөл өргөе.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 3 өдөр []


mash sain baina.... ene bol mash Tom soyol shyy. bi europt amidardag. end ger byl byr jild ygyi yadaj 1 udaa ingej bygdeeree duguigaar 1 odriin 3 odriin esvel byyr doloo honogiin aylal hiideg. ta byhend ulam ih amjilt hysie. hyatadad aylah saihan baih... gehdee europt duguinii zamnuud ni ynen tansag ayul bagatai, amrah shiree sandal byh umtaigaa, ih saihan baidag.... nileen ynetei l tusna daa. gehdee martahiin argagyi.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


мундаг дүү шүү амжилт