Нийгэм


Элчин сайдуудыг томилж, С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорихоор болсон өдрүүд

1 сар TIMES.MN
TIMES.MN таньд долоо хоногийн тойм хүргэж байна. Өнгөрсөн долоо хоног улс төрийн хүрээнд үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхэд Сангийн сайд асан С.Баярцогтод авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх шүүх хурал боллоо. Шүүхээс түүнийг дахин 30 хоног хорих шийдвэр гаргалаа. Харин чуулганы хуралдаанаар 4 улсад Монголыг төлөөлөх элчин сайдуудыг томиллоо. Ингээд өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе.


Шүүх Ч.Сайханбилэг, С.Баяр нарын хүсэлтийг хүлээж авсангүй


Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Тэд шүүхэд гадуур шалгуулах хүсэлт гаргасан аж.  Тэгвэл шүүх хурал дуусч, шийдвэрээ гаргасан байна. Шүүхээс С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хүсэлтийг хүлээж аваагүй байна. Өөрөөр хэлбэл тэднийг батлан даалтад гаргахгүй, үргэлжлүүлэн хорьж шалгах шаардлагатай хэмээн үзжээ. 


Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох асуудлаар цэцэд хандана


УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж Хүүхдийн мөнгө олгохтой холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна. АН-ын бүлгээс хүүхдийн мөнгийг ялгаварлан гадуурхаж болохгүй. Тиймээс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохгүй бол хүүхдийг ялгаварлан гадуурхсан гэж үзэж, Үндсэн хуулийн цэцэд  хандана гэж мэдэгдэв.


Чуулган: Элчин сайдуудыг томилов


УИХ-ын чуулганаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн 87.1 хувийн саналаар томилов. Засгийн газраас нийт зургаан Элчин сайдыг томилох шийдвэр гаргасан ч Ерөнхийлөгч дөрвийг нь зөвшилцөхөөр УИХ-д санал оруулсан.


Тодруулбал, 


  1. Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг,

  2. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг,

  3. Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал,
  4. Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд нарыг тус, тус томилох асуудлыг зөвшилцөхөөр саналд тусгасан билээ.

Мөн М.Энхсайханыг яагаад эгүүлэн татав гэж Л.Энх-Амгалан гишүүн лавлахад “Сонгуулиар  болон түүний дараа улстөржсөн мэдэгдэл гаргасан гэж Ерөнхийлөгч үзээд эгүүлэн татаж байгаа” гэв.



ЗГ: Энэ онд иргэдэд 8600 га газрыг үнэгүй өмчлүүлнэ


Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн “Иргэдэд 2018 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг батлав. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 8605 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 30 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр санал ирүүлсэн байна. Аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх 30 га газрын найман хувийг төмс, хүнсний ногоо тарих, 92 хувийг газар тариалангаас бусад зориулалтаар олгох юм. Энэ онд улсын хэмжээнд үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн 8605 га газрын 21 хувийг одоо эзэмшиж байгаа хашааны газар, 72 хувийг шинээр өмчлүүлэх, долоон хувийг улсын чанартай авто замын дагуу өмчлүүлэх газар эзэлж байна. Өнгөрсөн онд 32 мянга гаруй иргэнд 3443 га газрыг өмчлүүлжээ.


Ачаа ачиж явсан вагон онхолдсон хэрэг гарчээ


Дархан-Уул аймагт ачаа ачиж явсан вагон онхолдсон хэрэг гарсан. Тодруулбал нэгдүгээр сэлгээний зам дээр ачаа ачиж явсан вагон замын баруун тийш унаж үр тариа нь унаж асгарсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Энэ талаар  ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр  "Вагон  унасан осол энэ сарын 17-ны өдрийн 15:40 минутад Дархан-Уул аймгийн нэгдүгээр өртөөний вагоны зам дээр болсон .Вагон унах үед ачаатай явж бөгөөд баруун тийш унаж, ачиж явсан үр тариагаа асгасан байсан.  Одоогоор Дархан-Уул аймаг болон Төмөр замын Цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг, хамгаалалтын ажил  хийгдэж байна" гэв. 




Нэр бүхий 15 гишүүн "Оюутолгой" төслийн үр ашгийг нэмэгдүүлэхийн төлөө лобби бүлэг байгуулав



УИХ-ын гишүүн Ч.Улаан тэргүүтэй 15 гишүүн "Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө" лобби бүлэг байгуулжээ. Тэд албан бичгээ УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа.








Л.Амина



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.