Нийгэм


"Байгалиа хамгаалъя" сарын аян эхэллээ

5 сар TIMES.MN

Дэлхийн байгаль хамгаалах өдрийг угтан “Байгалиа хамгаалъя” сарын аяныг Мөрдөн байцаах газрын Хүрээлэн буй орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс санаачлан зохион байгуулж байна.


Энэхүү аяныг БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, ХЗДХЯ, УУХҮЯ, ЦЕГ, ОБЕГ дэмжин ажиллаж байгаа юм. Энэхүү аяны нээлт өчигдөр болж, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр болон албаны бусад хүн оролцлоо.


БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр аяныг нээж хэлсэн үгэндээ “Дэлхийн байгаль хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 5-ныг угтан хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сарын аяныг төрий байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Энэ хүрээнд БОАЖЯ-наас 21 аймгийн БОАЖГ, хамгаалалтын захиргаад, сав газрын захиргаадад хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх уриалга дэвшүүлж, орон нутгийн иргэддээ мэдээлэл өгөхийг даалгаж, орон нутгийнхаа цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллахыг үүрэг болгосон. Сарын аяны хүрээнд бид Улсын мөрдөн байцаах газрын Хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийнхнийг мэргэжлийн удирдлагаар хангаж, гол ус аа хайрлан хамгаалах, хулгайн мод, хулгайн ан, ховор ургамлыг түүхээхс татгалзах, хариуцлагагүй уул уурхай эрхлэхгүй байхыг уриалсан мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийнхнээр дамжуулан олон нийтэд хүргэхээр ажиллаж байна. Тиймээс хэвлэлийнхэн та бүхнийг бидэнтэй хамтарч ажиллан, байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулаарай гэж уриалж байна. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат байгаль хамгаалалд хандах “Хандлагаа өөрчилье” уриалгыг дэвшүүлж, томоохон ажлыг эхлүүлээд байгаа. Байгаль хамгаалал бол зөвхөн төрийн байгууллагуудын хийх ажил биш иргэн бүрийн үүрэг гэдгийг ухамсарлаж, иргэд маань хандлагаа өөрчилж, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.


Энэхүү сарын аяны онцлог нь анх удаа төрийн байгууллагууд хамтран байгаль хамгаалах үйлсэд иргэдийг татан оролцуулах, хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах мэдээ, мэдээллийг түгээхэд оршиж байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.