2018,1-Р Сар,17


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Н.Цэрэнбат: Эхний ээлжид зуух, сайжруулсан түлш, цахилгаан халаагуурыг хэсэг хэсгээр нь туршиж үзнэ

1 сар TIMES.MN

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбаттай агаарын бохирдлын асуудлаар ярилцлаа.




-Агаарын бохирдлын эсрэг сангийн ач холбогдол нь юу юм бэ?

-Манай улс агаарын бохирдлыг бууруулах талаар нэлээд ажил хийж эхэлж байсан. Гэвч дунд нь алдаа мадаг гарч, асуудал үүссэн. Тухайлбал, Цэвэр агаар санг 2015 оны нэгдүгээр сарын 13-нд татан буулгасан. Санг нь татан буулгахаар явуулж буй үйл ажиллагааны орлого нь улсын төсөвт шингэдэг. Агаарын төлбөрийн тухай хуулиар өмнөх жилүүдэд 20-25 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгадаг байсан. Төлөвлөгөөгөөр энэ онд 30 тэрбум төгрөг улсад төвлөрүүлэхээр байгаа. Улсын төсөв батлагдсан учраас санг энэ онд байгуулах боломжгүй. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулийн зохицуулалт хийж байна. Өмнөх төр засгийн удирдлагуудын хийсэн алдааг энэ санг байгуулж давтах мэт ойлгоод байна. Гэхдээ ингэхгүй. Хуулийн зүйл заалт, тогтоомжоор тодорхой болгож байгаа учир өмнөх алдааг давтахгүй. Энэ санг байгуулснаар агаарын төлбөрөөс бүрдэж байгаа орлогыг зөвхөн агаарын бохирдол, утаанд зарцуулах боломж бүрдэх юм.


-Агаарын бохирдлыг бууруулахын тулд яндангийн тоог цөөлнө гээд байгаа. Харин та зарим газраар зуух тараана гэлээ. Өмнөх Засгийн газрын тараасан зуухаас юугаараа ялгаатай зуух тараах гэж байгаа юм бэ?

-Бид бодит нөхцөл байдалд тулгуурлаж, санхүүгийн бололцоондоо таарсан ажил хийх хэрэгтэй.


Асуудлыг шийдэхийн тулд гурван шатны арга хэмжээ авах шаардлагатай байна.

1. Ард иргэд урьдчилан сэргийлэх

2. Бохирдлыг шийдэхэд богино хугацаанд юу хийх вэ

3. Урт хугацаандаа юу хийх вэ гэдгээ төлөвлөх ёстой юм.


Ер нь мөнгө санхүүгээс болж ажил уягдаж байна. Бид бохирдлыг бууруулахын тулд дотор орчны агаар шүүгч, цахилгаан халаагуурыг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөхөөр хуульчилж байна. Дараа нь хорт утаа ихээр гаргаж буй түүхий нүүрс хэрэглэхийг бүр мөсөн хориглохыг зарим хүн хэлж байгаа. Гэвч шууд хориглоод эхлэхээр хүний эрхийн асуудал руу орно. Харин орлуулах бүтээгдэхүүнийг санал болгох хэрэгтэй. Сүүлийн хэдэн жилд хүхэрлэг хий өндөртэй Багануурын нүүрсийг хямд өртгөөр өгч, тарааснаас үүдэн түүхий нүүрсний хэрэглээ өссөн. Харин түүхий нүүрсийг сайжруулсан түлш болгож байсан аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан.


Сүүлийн 10 жилд олон шийдэл хэрэгжүүлсэн. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд үе үеийн Засгийн газар ажилласаар ирснийг бид мэднэ. Дахиад заавал “Цэвэр агаар сан”-гийнхан шиг хэрэгжээгүй ажлынхаа хоёр сая долларын 90 хувийн гүйцэтгэлийг авдаг дүрэм журам, зааврыг бид боловсруулахгүй. Одоо “Цэвэр агаар сан”-гийн ашиглалтын асуудал дээр хууль хяналтын байгууллага ажиллаад шийдвэрээ гаргаад явж байгаа. Энэ асуудлыг давтагдана гэж бид айх ёсгүй. Яагаад гэвэл бидэнд бэлэн жишээ байна. Агаарын бохирдлын 10 хувийг үүсгээд байгаа нийтийн тээврийн автобусанд хоёр сая доллараар утаа шүүгч тавина гэж хэлээд 90 хувийн мөнгийг нь авчихсан аж ахуй нэгж шүүх дээр дуудагдаад л явж байна.


2013-2015 онд сайжруулсан зуух тараасан. Гэвч энэ нь ийм, тийм гэж дүн шинжилгээ хийх боломжгүй болчихсон. Учир нь зуух болон түлшийг өөр өөр газар тараасан. Мөн шинэ төрлийн зуухад түүхий нүүрс ч түлж болно гэснээр замбараагүй байдал үүссэн. Бидний хувьд тодорхой арга, ажиллагааг тодорхой бүсүүдэд л хэрэгжүүлье гэж зорьж байна. Үнэхээр бүрэн шаталттай зуух байгаа бол үүнийг тодорхой бүсэд хэрэгжүүлж туршиж үзэх хэрэгтэй. Мөн сайжруулсан түлшээ ч хэсэг газар туршиж үзэх хэрэгтэй. Зарим хэсэгт нь цахилгаанаар халааж үзэх хэрэгтэй байна. Эдгээрээс аль нь үр дүнтэй байна гэдгийг нь тогтоосны үндсэн дээр урт хугацаандаа хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм.


Яагаад зарим хэсэгт зуух тараах гэж байна гэхээр бид хэдэн төгрөгөөр ямар асуудлыг шийдэх гэж байгаагаа ойлгох хэрэгтэй. Энэ бол бодит үнэн. Эхний ээлжид зуух, сайжруулсан түлш, цахилгаан халаагуурыг хэсэг хэсгээр нь туршиж үзнэ. Дараа нь дэд бүтэцтэй болгож, барилгажуулах нь илүү өндөр өртөгтэй учраас урт хугацааны ажил юм.


-2013 оноос зуух тараасан гэлээ. Айл болгонд л тэр зуух байгаа байх. Тэгээд одоо утаа буураагүй л байна. Дахиад зуух тараах хэрэг байгаа юм уу?

-Тэр үед монгол ахуйд нийцээгүй зуух тараасан байсан. Одоо бол технологи нь шал өөр. Сүүлийн үеийн буюу сая туршилтаар Төв аймагт тараагдсан зуухны давуу талыг харах хэрэгтэй байна.


-Тараах зуухандаа ямар хөнгөлөлт үзүүлэх юм бэ. Тухайлбал, үнийн хувьд ямар байх бол?

-Тараагдах тооцоо судалгаа нийслэлээс л шийдэгдэнэ. НЗДТГ, Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам нэгдээд аль бүсэд, аль технологийн арга ажиллагааг хийхээ шийднэ. Бид өртөг ярих хэрэгтэй болчхоод байна. 2.2 сая төгрөгөөр цахилгаан халаагуур нэг айлд өгөх үү, сайжруулсан гээд байгаа нэг зуухыг найман айлд өгөх үү, арван айлд өгөх үү гэдэг бодит сонголт, бодит өртгийг тооцох хэрэгтэй. Бид гоё байж болно л доо. Хамгийн сүүлийн үеийн шинэ технологиудыг ч өгч болно. Эргэн төлөлт гэж байна. Хэт өндөр үнэтэй юм өгчихлөөр айл өрхүүд яаж төлөх үү гэдэг чинь бас асуудал. Бодит өртгийг тооцоолж хэдэн төгрөг зарцуулж, хэдэн төгрөгийн үр дүнд хүрэх вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй.


-Танай БОАЖЯ-наас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр одоогийн байдлаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

- Улаанбаатар хотод нэг сая тонн түүхий нүүрс хэрэглэж байгаа гэсэн судалгаа гарсан. Тиймээс манай яамнаас тус түүхий нүүрсний хэрэглээг сайжруулсан болон шахмал түлшээр орлуулах ажлыг хийхээр төлөвлөөд хэр хэмжээний хөрөнгө орох уу, ямар системээр орлуулах ажлыг хийх үү гэдгээ тодорхой болгохоор ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Удахгүй арга хэмжээнүүд авч эхэлнэ. Утааг бууруулах үе шаттай ажлуудыг төр засгийн зүгээс хийж байна. Гэхдээ өнөө маргааш шууд үр дүн гарахгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Үнэндээ бид 150-250 мянган айл өрхийн түлшний асуудлыг сайжруулсан түлш, цахилгаан халаалтаар сольж шийдэхээс өөр арга, сонголт байхгүй. Мэдээж төсвийн мөнгийг үр дүнтэй зарцуулахын төлөө бид ажиллах ёстой. Тиймээс судалгаа, төлөвлөлтийг маш сайн хийх хэрэгтэй.


-Утааг бууруулна гэж амлалт өгч чадах уу?

-Энэ жил утаа их байна гээд шүүмжлээд байгаа. Гэвч бодит байдалд утааны хор уршиг буурсан дүн гарсан. Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын өнгөрсөн оны мөн РМ10 тоосонцрын үзүүлэлт 180 гаруй байсан бол өнгөрсөн долоо хоногт 160 орчим байгаа юм. Энэ бол агаарын чанарыг хянаж байгаа станцын тоон мэдээ. Тэрнээс хэн нэгэнд таалагдах гэж тоог нь өөрчлөөд байгаа зүйл биш. Тоосонцор, хүхэрлэг хий ч буурсан. Мөн өнгөрсөн жил мэргэжлийн хүмүүс оролцож, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. Үүнд 194 хийх ажил байгаа. Эдгээр ажлыг шат дарааллаар нь хийгээд явж байна.


Тухайлбал, урьдчилан сэргийлэх, дэд бүтэц татах, сайжруулсан түлш хийх, эрчим хүчний шөнийн тарифыг тэглэх гээд ямар ажлыг ямар яам нь хэдий хэр хугацаанд хийх вэ гэдгийг нь нарийн заагаад өгсөн байгаа. Түүнээс биш жил бүр утаанд зарцуулсан мөнгө нэмэгдсэн ч хийсэн ажилгүй байгаа зүйл биш юм. Утаанд зарцуулсан мөнгө 2011 оноос өсч, 2015 оноос буурч эхэлсэн.Сүүлийн хоёр жилд 10 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Харин өмнөх жилүүдэд нь жилд 45 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Энэ жилийн хувьд 16.9 тэрбум төгрөг зарцуулахаас найман тэрбум гаруй төгрөгийг нь эрчим хүчний шөнийн тэглэлтэд өгнө.


-Орон сууцжуулах тал дээр танай яам барилга, хот байгуулалтын яамтай хэрхэн хамтарч, уялдаа холбоотой ажиллаж байна вэ?

-Өмнөх жилүүдэд гэр хорооллыг барилгажуулахад алдаа их гарсан. Тухайлбал, Амгалан дулааны цахилгаан станц орчимд л гэхэд орон сууц барина гээд удаж байна. Хэрэв 2000 айлын орон сууц ашиглалтад орсон бол гэр хорооллын айлын тоо багасах байлаа. Гэтэл тухайн хэрэгжүүлэгч компани нь гэрээ хийсэн ч ажлаа хийгээгүй. Хаана, хаанаа хариуцлагагүй ажилласнаас болж ийм байдал үүсч байна.


-Бээжин хот богино хугацаанд утаанаасаа салчихлаа. Манай улс яагаад олон жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулж чадахгүй байна вэ?

-Нөгөө л төсөвтэй холбоотой. Орон сууцжуулах, түрээсийн орон сууцад оруулах, ипотекийн зээлд хамруулах зэргээр ярьж байгаа. Гэтэл үүнд 300 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Бид нэг жилийн дотор 300 гаруй тэрбум төгрөгийг энэ чиглэлд төсөвлөж чадахгүй шүү дээ. Бээжинг богино хугацаанд утаанаасаа саллаа л гээд байгаа. Үгүй ш дээ. Бээжингийн 2008 оны Олимпоор ямар байлаа. Тэд олон улсын байгууллагад утаанаасаа сална гээд амлалт өгсөн. 2008 оноос гэхээр хэдэн жил байна. Тэд зөв шийдлийг урт хугацаанд хэрэгжүүлж байж сая утаанаасаа салсан. Олон жилийг зарцуулсан. Тиймээс манайд ч гэсэн урт хугацаанд хэрэгжүүлэх зөв шийдэл л хэрэгтэй байгаа юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 долоо хоног, 1 өдөр []


Юу ч мэдэхгүй, ОО толгойт бас зуухаа ярисаар найз нөхдөөрөө хэдэн зуух хийлгэсэнээ шахах нь уу, 500 сая доллараар орон сууцжуулахаас илүү арга байхгүй


Зочин    1 сар []


Одоо наад зуухаа ярихаа болиочээ. Орк хvн оркоороо сэтгэх юм арай томоор сэтгэлдээ. Чадахгvй бол хедее рvvгээ буц


Зочин    1 сар []


7 хоногийн дотор юу ч хийгээгүй байхад утаа багасдаг гэнээ хаха, зээлээ авчихаал хуралдаад л байвал хүү нь яваад байдаг юм бишүү, эртхэн зуух, нүүрснийхээ аяыг бодох хэрэгтэй байлгүй


Зочин    1 сар []


үлгэр ярихаа боль