Эдийн засаг


Н.Баяртсайхан: Эдийн засагт бий болсон эерэг өөрчлөлтүүдээ бататгах нь чухал байна

1 сар TIMES.MN
2018 онд баримтлах мѳнгѳний бодлогын үндсэн чиглэлийн баримт бичгийг УИХ-д ѳргѳн бариад буй энэ цаг үед ѳнгѳрсѳн 1 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын үр дүн, цаашдын эдийн засгийн тѳлѳв байдал, Төв банкнаас хэрэгжүүлэхээр тѳлѳвлѳж буй бодлогын арга хэмжээний талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай ярилцлаа. Эдийн засгийг залуурдаж яваа нэг чухал бодлого болох мөнгөний бодлого хэр үр дүнтэй хэрэгжихээс хамаараад эдийн засгийн хүндрэлийг даван туулах, цаашид өсөлт, хөгжил хэр хурдацтай байх нь хамаарах юм.


-Яг нэг жилийн ѳмнѳ буюу мѳнгѳний бодлогын баримт бичгийн тѳслийг УИХ-д ѳргѳн бариад хэлэлцэж байх үед амаргүй цаг үе байсан шүү дээ. Харин одоо Монголын эдийн засаг дефлиациас гарлаа, сүүлийн хэдэн жил алдагдалтай явсан тѳлбѳрийн тэнцэл ашигтай гарч ханш харьцангуй тогтворжлоо, гадаад валютын нѳѳц 1.6 тэрбум долларт хүрч ѳссѳн байна, агшиж байсан эдийн засаг маань ч 5.3% ѳсѳлттэй боллоо.Үүнд юу нөлөөлсөн талаар яриагаа эхэлцгээх үү?


-Монгол Улсын эдийн засагт 2017 онд олон хүнд сорилт тулгарсан нь үнэн. Монголбанкны хувьд, үндэсний мѳнгѳн тэмдэгтийн тогтвортой байдал, банк санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтынхоо хүрээнд шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Энэ үед УИХ-аас баталсанЭдийн засгийг сэргээх хөтөлбөр, Төв банк болон Засгийн газрын бодлогын уялдаа, олон улсын байгууллагуудтай хийсэн хамтын ажиллагаа маш чухал байсан.Нэн тэргүүнд хийх ёстой ажил бол унаж яваа эдийн засгийг тогтворжуулах, цаашид тогтвортой өсөх хөрсийг бүрдүүлэх явдал байв. Иймд, эхний ээлжинд 3-р сард төлөх байсан Хөгжлийн банкны бондын асуудлыг шийдэх, 8-р сард хугацаа нь дуусч байсан Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийг шийдвэрлэх асуудал тулгарсан. Хэрэв эдгээр ѳрийг дефолт болох эрсдэлээс бүрэн сэргийлэхгүй бол улсын зээлжих зэрэглэл үргэлжлэн буурах, өмнө нь Монгол Улсад орж ирээд байсан гадаад эх үүсвэрүүд эргэн татагдах зэрэг огцом шок үүсэх эрсдэл ч байв. Улмаар гадны тѳдийгүй дотоодын хѳрѳнгѳ оруулагчид ч Монголын эдийн засагт итгэх итгэл алдарснаар тѳгрѳг үнэ цэнэгүйдэх, цаашлаад энэ нь банк, санхүүгийн системийг гүнзгий уналтад оруулах, эргээд эдийн засаг сэргэхийн тулд багагүй цаг хугацаа зарцуулах дүр зураг харагдаж байсан. Харин бид богино хугацааны эдгээр гадаад өр төлбөрүүдээ эдийн засагт сөрөг нөлөө багатайгаар шийдвэрлэж чадсан нь эдийн засагт итгэх итгэлийг сэргэхэд нөлөөллөө. Үүнтэй зэрэгцээд гадаад орчны байдал ч харьцангуй сайжирсан нь эдийн засагт том дэм болсон.


-Эдийн засгийг жолоодох нэг тулгуур бодлогын хувьд мөнгөний бодлого оновчтой, үр дүнтэй байх нь маш чухал. Та Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдоод 1 жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Төв банкнаас авч хэрэгжүүлсэн бодлогын онцлог нь юу байв?


-Миний бие өнгөрсөн 1 жил гаруй хугацаанд Монголбанкны бодлогын алдааг залруулах, цаашид алдаа гаргах нөхцөлийг хаахад гол анхаарлаа хандуулж ажиллалаа. Мөнгөний бодлого эдийн засагт тулгарсан хүндрэлийг хохирол багатайгаар даван туулах, макро орчныг богино хугацаанд тогтворжуулах, цаашид тогтвортой өсөлтийг бий болгох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна. Хэрэгжүүлсэн бодлогын хувьд багцлаад тайлбарлах юм бол  үндсэндээ 5 хэсэгт хуваагдаж байгаа. Үүнд 10 хуулийн шинэчлэлийг багтаасан банкны салбарын хууль эрх зүйн  шинэчлэлийн хөтөлбөр; дундарч байсан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилт; эдийн засгийг сэргээхийн тулд Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах бодлогын арга хэмжээ; эрүүл эдийн засгийн суурь болсон банк санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг сайжруулах цогц арга хэмжээ; эцэст нь төв банкны өөрийн дотоод үйл ажиллагааны шинэчлэл, санхүүгийн байдлыг сайжруулах алхам зэрэг ажлууд багтсан.


-Эдгээрээс Валютын сангийн хөтөлбөр их анхаарал татаж байна. Эдийн засаг ѳѳрѳѳ итгэл дээр тогтдог зүйл. Тэгвэл манай улсад хэрэгжиж буй Ѳргѳтгѳсѳн санхүүжилтийн хѳтѳлбѳр эдийн засагт итгэх итгэлийг нэлээд сэргээсэнгэдгийг хѳндлѳнгийн шинжээчид ч тэр, бизнес эрхлэгчид ч хэлдэг шүү дээ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хѳтѳлбѳрийн үр дүнгийн талаар ярихгүй юу?


-Монгол Улсын эдийн засгийн эмзэг бүтэц, үүн дээр нэмээд ѳнгѳрсѳн жилүүдийн макро бодлогын зарим оновчгүй сонголтууд, алдаа нь эдийн засгийн хүндрэлтэй үед зѳвхѳн төсөв, мөнгөний бодлогоор эдийн засгийг идэвхжүүлэх боломжийг хумисан гэхэд болно. Гадаад өр, улсын төсөв, төлбөрийн тэнцэл, санхүүгийн системд тулгарсан эрсдэлүүдийг дан ганц дотоод нөөц бололцоогоор шийдвэрлэх орон зай хангалтгүй болсон байв. Иймд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн Монгол Улсын Засгийн газрын байр суурийг Монголбанк дэмжиж, хамтарч ажилласан. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс 2017-2020 онд баримтлах макро бодлогыг цогцоор нь тодорхойлж хэрэгжүүлэхээс гадна эдийн засгийн суурь тогтолцоо, институцийн ѳѳрчлѳлтүүд ч хийгдэж байна. Энэ нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын  макро эдийн засгийн бодлогод итгэх итгэлийг сэргээх, хамтын ажиллагаатай донор орнуудаас санхүүгийн дэмжлэг авч эдийн засгаа богино хугацаанд тогтворжуулж, цаашид тогтвортой өсөх суурийг тавихад нөлөөллөө. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Бид зорьсон үр дүндээ хүрч, эдийн засгаа сэргээхэд энэхүү хөтөлбөрийн талаарх үнэн зөв ойлголт, олон нийтийн дэмжлэг маш чухал учраас хөтөлбөрийн зорилт болон хэрэгжилтийн явцыг нээлттэй, ил тод мэдээлж, тайлагнаж байгаа.


-Цаашид манай эдийн засгийн ирээдүйн төлөвийн талаар яриагаа үргэлжлүүлье.Төв банкны зүгээс эдийн засгийн төлөвийг хэрхэн харж байна вэ. Боломж нь юу вэ, ямар ямар эрсдэлүүд мөн байна вэ?


Энэ жилийн хувьд, дэлхийн эдийн засаг 2008 оны хямралаас хойшхи хамгийн сайн гүйцэтгэлтэй жил болсныг онцлох нь зүйтэй болов уу. Энэ нь түүхий эдийн үнийн ѳсѳлтѳѳр дамжаад дотоодын эдийн засагт нэлээд эерэг нѳлѳѳ үзүүллээ. Экспортын орлого сайжирч, төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал буурч, хөрөнгө ба санхүүгийн дансанд эерэг өөрчлөлтүүд гарснаар нийт тэнцэл маань сүүлийн 4 жилд анх удаа ашигтай гарлаа. Улмаар гадаад валютын нөөц дээр ирэх дарамт буурч, сүүлийн 1 жилийн хугацаанд валютын нөөц маань 400 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд бид онцгой анхаарч байгаа бөгөөд оны эцэс хүртэл дахин 200 сая ам.доллараар нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа. Түүнчлэн, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд донор орнууд болон олон улсын санхүүгийн  байгууллагуудаас гадаад валютын том урсгал орж ирэхээр хүлээгдэж байгаа нь эдийн засагт чухал дэмжлэг болохоор байна. Харин нөгөө талаар дэлхийн эдийн засаг сэргэхтэй зэрэгцээд гол төв банкууд хүүгээ аажим өсгөх,  өдийг хүртэл баримталж ирсэн хэт зөөлөн бодлогоосоо алгуур гарах дохио өгөөд эхэллээ. Хөгжиж буй орнуудын хувьд энэ нь гадаад зах зээлээс хөрөнгө татах боломж буурах, түүхий эдийн үнийн хэлбэлзэл гэх мэт эрсдэлүүдийг үүсгэж магадгүй юм. Тэгэхээр, манай улсын хувьд, гадаад сектор дээр гарсан эдгээр эерэг ѳѳрчлѳлтүүд хэр удаан үргэлжлэх, цаашид эдийн засгийн бодит секторууд дээр бүрэн нѳлѳѳллѳѳ үзүүлтэл хэр их цаг хугацаа шаардагдах вэ гэдэг асуудал хурцаар тавигдана. Одоогоор нүүрсний салбар, тээвэр, худалдааны салбаруудад л сэргэлт ажиглагдаж эхэлсэн ч бусад салбарууд хараахан сэргээгүй, эмзэг байдал хэвээр байна. Иймд бид боломжийг алдах ёсгүй бөгөөд эдийн засагт бий болсон эерэг өөрчлөлтүүдээ бататгах, цаашид хэрхэн сайжруулах вэ гэдэгт гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой.


-Энэ нөхцөл байдалд Монголбанкны гол анхаарал юунд чиглэх вэ? Ирэх жил хэрэгжүүлэх мөнгөний бодлогын онцлог нь юу байх вэ?


Төв банкны бодлого мэдээж үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтоо биелүүлэхэд чиглэгдэнэ. Үүний хүрээнд, эдийн засагт гарч буй эерэг үр дүнг бэхжүүлж, банк санхүүгийн системийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэн, эдийн засаг урт хугацаанд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхээр зорьж байгаа. Макро эдийн засгийн суурь нөхцөл байдал сайжрах хөрс бүрдсэн, гадаад эрэлт, түүхий эдийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байгаа энэ цагийг ашиглан бодлогын тогтвортой байдлыг хадгалж, шаардлагатай суурь реформуудыг хийх, эдийн засгийг тогтворжуулах нь чухал юм. Ирэх жил Төв банкнаас хэрэгжүүлэхээр зорьж буй бодлогын зорилтууд, тэдгээрийн үндэслэл тооцоог бид мѳнгѳний бодлогын үндсэн чиглэлийн баримт бичигтээ тусгаад УИХ-д ѳргѳн бариад байна. Мөнгөний бодлогын хувьд инфляцийг тогтворжуулах, ханшийг эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэй уян хатан тогтох зарчмыг баримтлах бодлого маань үргэлжлэн хэрэгжинэ. Түүнчлэн, эдийн засгийг эрүүл байлгах үндсийг бэхжүүлэх үүднээс санхүүгийн секторт эрсдэл хуримтлахаас сэргийлж макро зохистой бодлогын арга хэрэгслүүдийг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх зорилтыг тавиад буй. Энэ нь ч сүүлийн үед олон улсад төв банкуудын баримталж буй гол чиг хандлага болж байна. Үүн дээр нэмээд банкны хяналт, шалгалтын тогтолцоог илүү боловсронгуй болгох, хууль эрх зүйн орчны шинэчлэлийн ажлууд ч үргэлжлэн хийгдэнэ. Түүнчлэн, нэг талаас Төв банкийг илүү нээлттэй, ил тод байлгах харин нөгөө талаар олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих замаар бодлогын үр дүнтэй байдлыг сайжруулах зорилтууд ч  багтсанаараа онцлогтой боллоо.


-Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 10-аад хууль шинэчлэгдэхээр байгаа. Тэр дундаас Төв банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт гол анхаарал татаж байна. Хуулийн төсөлд Төв банкны зорилгыг илүү тодорхой болгох, хараат бус байдлыг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах зэрэг маш чухал асуудлууд хөндөгдөж байгаа нь өндөр хүлээлт үүсээд байгаа шүү дээ?


-Төв банк хэр хариуцлагатай ажиллахаас эдийн засгийн нөхцөл байдал, улс орны ирээдүй шууд хамаарна. Монголбанк ажлаа хэр хариуцлагатай хийж чадах эсэх нь энэхүү институцийн зорилго анхнаасаа тодорхой байна уу, оновчтой шийдвэр гаргах засаглалын тогтолцоо бүрдсэн үү, үүнийгээ бие даасан байдлаар хэрэгжүүлж чадаж байна уу гэдэгтэй ихээхэн холбоотой. Гэтэл олон судалгааны ажлын үр дүнгээр Монголбанкны бие даасан байдал “хангагдаагүй” гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тэгэхээр, тогтолцооны шинж чанартай эдгээр суурь асуудлуудыг шийдвэрлэхгүйгээр Монголбанкны хариуцлагын талаар ярих нь учир дутагдалтай болно. Иймд үнийг тогтвортой байлган ард иргэдийн амьжиргааг хамгаалах, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд таатай орчинг бүрдүүлэх, банк санхүүгийн салбарт сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг цаг алдалгүй авдаг байхын тулд хуулийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага үүссэн. Монголбанкны чиг үүргийг олон улсын жишигт нийцүүлэн нарийвчлан тодорхойлж, мөнгөний бодлогын зорилтыг дунд хугацаанд тогтвортой байхаар томъёолох, засаглалын тогтолцоог сайжруулах нь чухал байна. Үүний тулд Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид уламжлан, УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан. Эрхэм гишүүд маань ажил хэрэгчээр хамтран дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна.


-Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн баримт бичигт бодлогын ил тод байдлыг тусгайлан авч үзсэн нь шинэлэг бөгөөд анхаарал татсан заалт байсан. Монголбанк сүүлийн нэг жилд урьд өмнө байгаагүйгээр нээлттэй болсон нь анзаарагддаг. Вебсайт, сошиал хуудсууд, хэвлэлийн хурлаас эхлээд олон сувгаар мэдээлэл хүртээмжтэй түгээгдэж байна. Ер нь яагаад ингэх болсон бэ?


-Төв банк нээлттэй ил тод байх нь нэг талаар бодлогоо тайлбарлаж ойлгуулах, энэ нь эргээд төв банкны хариуцлагыг сайжруулж, олон нийт төв банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улмаар мөнгөний бодлогын үр нөлөөг сайжруулдаг гэдэг нь олон улсад стандарт болчихсон чиг хандлага юм. Монголбанк ч энэхүү дэлхийн чиг хандлагаас хоцрох ёсгүй. Ялангуяа эдийн засаг сэргэх үү, үгүй юу гэдгийг шийдвэрлэх энэ эгзэгтэй цаг үед бодлогыг олон нийт үнэн зөвөөр ойлгох нь маш чухлаар тавигдаж байна. Ингэж байж хэрэгжилт үр дүнтэй болж, бид эдийн засагт тулгарсан асуудлаа амжилттай шийдвэрлэнэ. Аливаа бодлого шийдвэр олон нийтийн нүдэн дээр ил тод байх нь оновчгүй эсвэл буруу бодлого явуулбал шүүмжлээд засаад явах боломжийг ч олгож, алдаа гаргах нөхцөлийг хаана гэсэн үг. Ил тод байгаагүйгээс болж алдаатай бодлого удаан үргэлжилж, иргэд олон нийт аль өнгөрсөн хойно буюу эдийн засаг хүндэрсний дараа нуруун дээрээ хүнд ачаа үүрч байж л сая нэг ухаарах нь хүсүүштэй зүйл огт биш шүү дээ. Тийм ч учраас ирэх жил хэрэгжүүлэх мөнгөний бодлогын баримт бичигт бодлогын нээлттэй, ил тод байдлыг хангаж, олон нийттэй харилцах сувгийг боловсронгуй болгох тухай зорилтыг тусгайлан оруулсан байгаа. Таны хэлдгээр аль хэдийн ажил хэрэг болоод эхэлчихсэн зүйлс ч цөөнгүй байна. Монголбанк сар бүр хэвлэлийн хурал зарлаж хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрээ олон нийтэд нээлттэй тайлбарладаг боллоо.“Мөнгө, санхүү, баялаг” нэртэй академик сэтгүүл болон эдийн засгийг энгийнээр ойлгуулахад чиглэгдсэн “Монголбанкны мэдээлэл” хэвлэмэл товхимлуудыг эрхлэн гаргаж эхэллээ. Цахим орчинд мэдээллийг идэвхтэй түгээж байна. Төв банкнаас ажлын хэсэг томилогдон бүх аймгуудаар явж, орон нутагт иргэдэд эдийн засгийн мэдлэг олгох, мөнгөний бодлогын талаар лекц-семинаруудыг зохион байгууллаа. Улс орны ирээдүй болсон залуу хойч үед санхүү, эдийн засгийн суурь мэдлэг боловсрол олгох хөтөлбөр ч хэрэгжиж байна. Тэгэхээр, Төв банкны үйл ажиллагаа, бодлогыг ойлгодог, мэдлэгтэйгээр шүүн тунгаадаг, Төв банкиндаа итгэдэг байх нь мөнгөний бодлогын үр дүнтэй байдал, Монгол орны эдийн засгийн ирээдүйд маш чухал юм.


-Та сая Дэлхийн банк, ОУВС-гийн жилийн уулзалтад яваад ирсэн. Аян замынхаа сониноос манай уншигчидтай хуваалцана уу?


-Энэхүү уулзалт нь дэлхийн улс орнуудын бодлого тодорхойлогч нар, шилдэг эрдэмтэн судлаачид цугларан олон улсын эдийн засгийн байдал, цаашдын төлөв, шийдвэр гаргагч нарт тулгарч буй сорилтуудын талаар уулзаж ярилцдаг томоохон арга хэмжээ юм. Энэ удаагийн уулзалтын өнгө аяс нэлээд өөдрөг байлаа. Уулзалтын үеэр ОУВС-аас танилцуулсан Дэлхийн эдийн засгийн төлөв, Санхүүгийн тогтвортой байдлын сүүлийн тайлангуудаас харахад 2017, 2018 оны төсөөллүүд нэлээд өөдрөг байна. Хөгжсөн орнуудын хувьд ч, хөгжиж байгаа орнуудад ч өсөлт сэргэх төлөвтэй байгаа  тул 2008 оны хямралаас хойшхи хамгийн сайн жил болж байна гэж дүгнэх хүн ч цөөнгүй байлаа. 2017 онд АНУ, Япон, Евро бүсийн эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа нь томоохон эерэг зүйл боллоо. Түүнчлэн Бразил, Орос зэрэг орнууд хямралаас гарч байна. Олон улсад эдийн засаг ийнхүү сэргэж эхэлсэн нь санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд ч эерэгээр нөлөөллөө. Гэхдээ энэ нь дэлхийн эдийн засаг бүрэн сэргэсэн гэсэн үг биш бөгөөд цаашид олон улсад санхүүжилтийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх вэ, улс орнуудад сүүлийн 10-аад жилд хуримтлуулсан өрийн дарамтаа яаж шийдэх вэ гэх мэт сорилтууд тулгарч байна. Тэгэхээр энэ эгзэгтэй үед бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчид юу хийх хэрэгтэй вэ гэдэг нь уулзалтын гол сэдвүүдийн нэг байв. Дэлхийн санхүүгийн хямралаас хойш 10-аад жилийн дараа ийнхүү “үүлэн чөлөөний нар” шиг боломж үүссэн дээр нь шаардлагатай тогтолцооны суурь өөрчлөлтүүдийг хийх, зохицуулалтуудаа илүү оновчтой болгох нь цаашид эрүүл эдийн засгийг бий болгох, тогтвортой өсөлтийн суурийг бүрдүүлэхэд чухал гэдгийг бүгд онцолж байна. Өмнө нь хэлсэнчлэн, энэ бол Монгол Улсын хувьд ч их чухал зүйл юм.    



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.