Газар дээрээс нь


“Хүн бүхэн амьд бурхад” гэдгээ санаасай гэх шиг

1 жил, 11 сар TIMES.MN

Харахад нүд эрээлжлэм эрээн мяраан, замбараагүй зүйлс. Гэвч дөхөөд үзвэл цаанаа нарийн утга агуулга бүхий олон зургийн нэгдэл ч гэмээр юм уу, нэг зүйлийг олон талаас нь зурсан гэмээр ч юм уу. Уран зураг, урлаг ойлгодоггүй хүмүүс бол над шиг ингэж л харч мэдрэх байх.




Урлагийн бүтээл тэр дотроо уран зургийн урлаг гэдэг уран бүтээлчийн дотоод сэтгэлийн илрэл мэт. Дотооддоо бодож, сэтгэж, уурлаж, инээж буй бүхнээ уран зургийн төвөгтэй нарийн дүрслэлээр илэрхийлэн гаргадаг болов уу. Хэрвээ та яг над шиг уран зураг, дүрслэх урлаг ойлгохдоо тааруу бол дараах үзэсгэлэнд зочлоорой.




Тодруулбал, энэ сарын 12-31-ний өдрийг хүртэл Уран зургийн галерейд орчин үеийн чиглэлд уран бүтээл бүтээгч залуусын “Чөлөөт орон зай” гэсэн үзэсгэлэн болж байна. Тус үзэсгэлэнд дараах зургаан залуу уран бүтээлчийн бүтээлүүдээс гадна 2017 оны шилдгийн шилдэг бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байгаа аж.



Залуу уран бүтээлч Б.Мөнхцэцэг /инстоляци/

“Хүй дарсан чулуу” өрөг бүтээл /эсгий, утас, 2017 он/

Монголчуудын газар тэнгэртэй харьцах ёс, үр удмын заяа дордохгүй, унаган нутаг усандаа эзэн байхын нэгэн учир бол эцэг өвгөдөөс өвлөн ирсэн хүйг зөв оршоохын ухаан юм. Эцэг, өвөө нь үр удмынхаа хүйг гэрийнхээ буйр болох ариун дагшин газарт оршоосноор газар нутгийн эрчим амь шингэж, уул ус нь үрээ таньж хаа явсан газарт ивээж байдаг учиртай байжээ. Хүй дарсан чулуу гэдгийн учир энэ буй. Монгол зан заншлууд өдрөөс өдөрт мартагдан өөрчлөгдөж буй энэ цаг дор өв соёлоо авч үлдэх нь нэн чухал билээ.




Дараагийн нэгэн сонирхолтой уран бүтээл туурвидаг залуу бол С.Ганзүг юм. Тэрээр үйлдлийн уран бүтээл туурвидаг. Түүний “Дарь эх” өрөгтэй танилц. Уг уран бүтээл нь 50x340x170 см-ын хэмжээтэй хөөсөөр урласан бүтээл юм.



С.Ганзүг /Үйл хөдлөлийн урлаг/

“Дарь эх өрөг”

Тэрээр монголчууд төдийгүй Ази болон дэлхийн хүн төрөлхтний оюун сэтгэлгээнд хосгүй хувь нэмэр оруулсан соён гэгээрүүлэгч, уран бүтээлч Өндөр Гэгээн Занабазарын Дарь эхийн бзтээлүүдээс эрчим авч, орон зайд харьцан холбоо үүсгэх өрөг ажлыг бүтээсэн боловч нөгөөтэйгүүр хүмүүний гэгээрлийг энгийн атлаа хүчтэй өдөөгч хэлбэрээр илэрхийлжээ. Тодруулбал, хэлбэрийн хурц тоглол бүхий гурвалжин, түүн дотор сууж болох орон зай, нэмээд хөгжим сонсон анирлах үзэгчийн оролцоо, энэ бүхэн нийлж орчныг амилуулна. Бүтээл таныг, тэнд оршиж “Хүн бүхэн амьд бурхад” гэдгээ санаасай гэх шиг урин дуудна.



Дээрх сонирхолтой хоёр уран бүтээлчээс гадна

-Э.Цолмонбат /Уран зураг/

-Г.Гэрэлхүү /Монгол зургийн арга техник/

-Э.Энхзаяа /Видео/

-М.Мөнх-Эрдэнэ /Баримал/ нарын бүтээлүүдээс сонирхоно уу.





Энэхүү үзэсгэлэнг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газраас санаачлан чөлөөт, залуу уран бүтээлчдийг дэмжихээр мэргэжлийн байгууллага, хувийн хэвшилтэй хамтран жил бүр хэрэгжүүлэхээр болсон байна.






































Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.