2017,10-Р Сар,11


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Р.Анхням: Дэлхий дахинд Монголыг 100 хувь сурталчилж чадах уран бүтээл болсон

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

“Киноны олимп” буюу Академийн дээд шагнал болох 90 дэх удаагийн Оскарын “Гадаад хэл дээрх кино”-ны төрөлд Монгол улсыг төлөөлөн анх удаа оролцох эрхээ авсан “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны уран бүтээлчид мэдээлэл хийлээ.




2016 оны дөрөвдүгээр сард зураг авалтаа эхэлсэн тус уран бүтээл өнөөдрөөс Монголын кино театруудаар гараад эхэлсэн гэнэ.  Хөгжиж буй орнуудад Оскарын наадамд өрсөлдөх боломж нээгдсэн ч дараа дараагийн сурталчилгааны компанит ажил дутмагаас шалтгаалан амжилт гаргаж чадахгүй тохиолдол байдаг байна.




Тус уран бүтээлийн зөвлөх продюсер Б.Цэнгэл:  “Монгол хэмээх нэрийн дор анх удаагаа Оскарын кино наадамд “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино албан ёсоор оролцох эрхээ авлаа. Гэхдээ үүнийг нэр нь дэвшсэн гэж ойлгож болохгүй. Учир нь нийт 92 орны кино тус наадамд бүртгэгдсэн байгаа. Оскарын есөн гишүүнтэй сайн дурын гишүүд цуглаж, эдгээр киног үзнэ. Ингээд 92 улс хоорондоо өрсөлдөж, нэгдүгээр сарын 10-д гэхэд дүнгээ гаргаж, Ерөнхийлөгчийн сонгуультай адил компанит ажлыг өрнүүлэх ёстой. Аль улсын кино олон улсын анхаарал татаж, олон улсын кино наадамд уригдаж, компанит ажил нь хамгийн сайн хүчтэй байна. Тэр таван улсын кино шүүгдэж үлдэн Оскарын “Гадаад хэл дээрх кино” төрөлд хамгийн сүүлийн шатанд тунаж үлдэх юм. Хэвлэлийн хурал хийж буйн гол шалтгаан нь компанит ажил өрнүүлэхийн тулд хөрөнгө мөнгө болоод хүний нөөцийн хувьд маш их дэмжлэг шаардлагатай учраас бүгд хамтдаа энэ бүхнийг хийе хэмээн уриалж байна.


Яагаад гэвэл анх удаагаа Оскарт нэр дэвших эрхээ олж авсан энэ боломжийг эцсийг нь тултал дэмжих хэрэгтэй гэсэн уриалгыг хэлэх гэсэн юм. Одоогийн байдлаар энэхүү кино 10 улсын кино наадамд гарч, тусгай үзлэг хийлгэсэн байна. Тун удахгүй 11 сарын 8-13-ны хооронд болох Хятадын хүүхдийн олон улсын кино наадамд продюсер Д.Ангараг болон жүжигчин Р.Анхням нар уригдсан. Мөн Энэтхэгт уригдсан байгаа. Энэ олон навчнууд ямар учиртай вэ гэхээр энэ киноны чансааг илэрхийлж буй юм. Түүнчлэн G ангилалд багтсан учир олон улсын хүүхдүүдэд үзүүлж, Монгол соёлыг таниулж, түгээн дэлгэрүүлж буй уран бүтээл гэдгийг илтгэсэн. Тус уран бүтээл нээлтээ хийхээсээ өмнө л олон улсын кино наадмуудад яваад эхэлсэн. Албан ёсны урилгаа өнгөрсөн долдугаар сараас эхлэн авсан. Цаашид ч гэсэн 2018 оны дөрөв, таван сар хүртэл уригдсан кино наадмын товууд зарлагдсан байна. Яг одоогоор 10 кино наадамд уригдсан. Үргэлжлээд хоёр жилийн хугацаанд кино наадмуудад явна” хэмээн ярилаа.


Монголын кино урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх зорилготой бүтээсэн найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино нь түүхэн кино бус аж байдлын сэдэвтэй, орчин үеийн кино юм.




Тус киноны найруулагч Д.Золбаяр: “Монгол филм групп” компанийг анх байгуулахаасаа эхлээд л Монголынхоо зан заншил, түүхийг сурталчлах юмсан гэж боддог. Энэ кинонд дээр яг л Монгол ахуй, амьдрал, монголчууд морьтойгоо харьцдаг, хүүхдүүд багаасаа морь уядаг энэ сайхан соёлыг гадаадад сурталчилъя гэсэн зорилготой хийгдсэн. Зарим хүмүүс тус уран бүтээлд морины унаач хүүхдийн асуудал хөндөгдөж байна гэж асууж байна. Бидний хувьд аль нэг талыг баримтлаагүй. Нэг ёсондоо ямар нэгэн уяач нараас мөнгө авж тус киног хийгээгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Морь унаач хүүхдүүдийг сонгохдоо хурдан морь унадаг, хөдөөний хүүхдүүдийг сонгосон. Яг мэргэжлийн жүжигчин биш учраас хүндрэл нэлээдгүй байсан.


-Уг кино нээлтээ хийхээсээ өмнө өөр орнуудын кино наадамд оролцсон. Кино шүүмжлэгчид хэрхэн хүлээж авч байна?


-Ер нь үзсэн хүмүүс Монголын талаар ойлголттой боллоо. Маш их тайвширлыг оллоо. Танай нутагт очиж үзмээр байна гэх мэт зүйлсийг их ярьдаг. Мөн хамгийн их асуудаг асуулт нь “Энэ хүүхдүүд яг өөрсдөө морь унасан уу” гэж асуудаг. Би “Тиймээ. Манайд маш олон хурдан морь унадаг хүүхдүүд байдаг. Би бараг захаас нь аваад л тоглуулсан” гэж хариулдаг.


-Гарсан хүндрэл бэрхшээл юу байв. Хөрөнгө мөнгөний тал дээр гээд асуудал олон л байсан байх?


-Тийм. Ганц манай кино гэлтгүй бүх кино хөрөнгө мөнгөний асуудалтай байдаг. Гэхдээ сайхан сэтгэлтэй хүмүүсийн буянд киногоо үзэгчиддээ хүргэх гэж байна. Бэрхшээл мэдээж байсан. Тухайлбал, наадам болж буй хэсгийг авахын тулд гурван удаа наадам зохион байгуулж авсан. Учир нь сумын наадам дээр зураг авалт хийхэд бидэнд зориулаад бүх л өдөржин байхгүй. Миний хамгийн санаа зовж байсан хэсэг уралдааны хэсэг байсан. Уралдааныг нэг удаа давхиулаад авахгүй. Маш олон удаа давхиулж, зураг авалт авсан. Хүүхдүүд унаж, бэртэх вий гэдэгт их санаа зовж байсан. Азаар тэнгэрийн ивээлээр зураг авалтын явцад нэг ч хүүхэд мориноос унаагүй. Кинонд тоглох хүүхдүүдээ хайж яваад Архангай аймгийн Цэнхэр сумаас эдгээр хүүхдүүдээ олсон. Энэхүү кинонд ах дүү болж тоглож буй гурван хүүхэд амьдрал дээрээ төрсөн ах дүү. Эдгээр хүүхдүүд өөрсдийн өссөн, төрсөн нутагтаа тоглосон. Гол дүрийн хээр морь яг тэр айлын өөрсдийнх нь морь. Хүүхдүүд маань эцэг эхтэйгээ киноны нээлтэд ирсэн. Өнөө орой киногоо үзнэ.


-Хөрөнгө мөнгөний бэрхшээлээс гадна уран бүтээлчдийн ур чадварын тал дээр хүндрэл бэрхшээл байв уу?


-Уран бүтээлчиддээ хандаж хэлэхэд сэдэв сонголтоо зөв хиймээр санагдаж байна. Орчин үеийн киноны хандлага ямархуу болж байна гэдгийг ажиглах. Манай киноны хувьд нэг ч хараалын үг гардаггүй. Цус ч байхгүй, хар бараан зүйлгүй гэгээлэг кино болсон. Энэ бас киноны минь амжилтад нөлөөлж байгаа болов уу гэж бодож байна гэв.


Мөн энэхүү кино энэ оны гуравдугаар сарын 23-ны өдөр АНУ-ын Кино ассоциацаас /Motion Picture Association of America/ АНУ-д гаргах лиценз болох “General Audience” буюу “Бүх насныхан” /G/ ангиллыг албан ёсоор авсан Монголын анхны уран сайхны кино юм.




Тус уран сайхны киноны гол дүрийн жүжигчин Р.Анхням: “Энэхүү киногоор Монголын ахуйг дан ганц гадагшаа сурталчлахаас гадна хотын хүүхдүүд энэ киног үзээсэй гэж хүсэж байна. Учир нь хотын хүүхдүүд хөдөөний амьдралаас их холдсон байна. Хөдөө байгаль орчинтойгоо хэрхэн зохицож амьдарч байгааг хараасай гэж хүсэж байна. Дэлхий дахинд Монгол орныг 100 хувь сурталчилж чадах уран бүтээл болсон гэж хэлмээр байна” гэлээ.


Киног бүтээсэн “Монгол филм” компанийн хувьд “Учиртай гурав”, “Аравт” зэрэг киног бүтээсэн туршлагатай хамт олон юм. Анх 2002 онд “Монгол филм” студи нэрээр байгуулагдаж, 2009 онд албан ёсоор компани болж байжээ. Мөн “Монгол филм хөгжлийн сан” гэсэн ТББ-тай, Хөх хот, Бээжинд салбартай аж.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 1 долоо хоног [202.9.40.2]


bayar hurgii. gehdee 100 huvi surtalchlah gedeg n arai l bishee, yum unshij medlegee teleheer ingej yrihaa bolinoo. gesench amjiltand n dahin bayar hurgii,


nergui    1 сар, 1 долоо хоног [35.29.43.25]


Бодож дугармаар нөхөр байна лээ


Зочин    1 сар, 1 долоо хоног [43.242.242.51]


яйй


Зочин    1 сар, 1 долоо хоног [66.181.176.82]


Золоод баяр хүргэё. Мэрэгжлийн биш жүчигчиддтэй сайн ажиллаж чадсан байна монгол нутгийн үзэсгэлэнт байгаль' жирийн малчны амьдарлыг энгийн засал чимэггүй харуулж баримтат ч юм шиг сэтгэл төрмөөр байсан нь найруулагчийн санаа байх