2017,10-Р Сар,06


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Сайн мэдээ: Оюутнууд дэлхийн стандарт нийцсэн номын сантай боллоо

1 жил, 11 сар TIMES.MN

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2014 онд МУИС-ийн хичээлийн нэг, хоёрдугаар байрны голд өнөөдрийн энэхүү шилэн номын сангийн шавийг тавьж байжээ. Тэгвэл ийнхүү гурван жилийн дотор орчин үеийн дизайны шийдэл бүхий ая тухтай орчинг бүрдүүлсэн тус номын санг барьж өчигдөр албан ёсоор нээлтийн ёслол боллоо. 




Нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга болон БСШУСЯ-ны сайд Г.Чулуунбаатар болон МУИС-ийн үе үеийн төгсөгчдийн хүндэт зочид, төлөөлөл хүрэлцэн иржээ.


Ерөнхийлөгч Х.Баттулга номын санг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр сайхан өдөр болж байна. Би их баяртай байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч болохдоо нэг сайхан номын сан байгуулж нээх юмсан гэж бодож байсан. Тэгвэл өнөөдөр МУИС 75 жилийн ойгоороо ийм сайхан номын сан нээж байгаад би их баяртай байна. МУИС-ийн үе үеийн эрдэмтэн мэргэд, багш нарт сургуулийн 75 жилийн ой, номын сангийн нээлтийг тохиолдуулан баяр хүргэе. Бид дандаа гаднынхны хийсэн зураг төслөөр ажил хийж, ийм болох юмсан гэж боддог байсан үе саяхан. Тэгвэл МУИС-ийн шинэ номын сангийн интерьер дизайнаас эхлээд барилга байгууламж, тавилга, бүх зүйлийг Монголын компаниуд хийсэн тухай танилцуулж байгаа нь бахархалтай байна" гэсэн юм.




Энэхүү номын санг барихад 16 тэрбум төгрөг зарцуулагдсан бөгөөд хөрөнгө оруулалтын дийлэнхийг сургуулийнхаа нөөц бололцоогоор шийдсэн байна. Зургаан давхар шилэн барилгын

-В1 давхарт номын фонд, архив

-1 давхарт нэг цэгийн үйлчилгээ, гэрээр ном олгох үйлчилгээ, сонин сэтгүүлийн уншлагын танхим болон музей, номын дэлгүүр Brandshop, Coffeshop

-2-4 давхарт уншлагын танхим, номзүй, ном бүрдүүлэлт, катологийн өрөө, лекцийн танхим

-5-6 давхарт судалгааны лабороториуд, хурлын танхим тус тус байрлажээ. Танхим бүрийн тохижилт өөр өөр загвар, өвөрмөц хэв маягтай. Байгалийн болон Нийгмийн шинжлэх ухааны төрөлжсөн уншлагын танхим, багш, судлаачдын уншлагын танхим, болон багаар ажиллах өрөөнүүдтэй. 




Номын сан нэгэн зэрэг 700 оюутанд үйлчлэх суудалтай бөгөөд 52 ажилтантай аж.




Уг номын сангийн үйлчилгээ хариуцсан арга зүйч О.Нарантуяа "Эхний ээлжинд МУИС-ийн оюутнууддаа үйлчилнэ. Үүний дараагаар гадны оюутанд үйлчлэх журам батлагдахаар гадны оюутанд үйлчлэх боломжтой болно. Гэхдээ чөлөөт орчин олон байгаа. Тэнд хэн ч  ирж ном захиалахгүйгээр Wifi ашиглах боломжтой. Гадны уншигчад үйлчлүүлэх журам батлагдахаар номын сангийн үнэмлэх захиалаад, суудлаа урьдчилж захиалан үйлчлүүлэх боломжтой болно. Манай сургуулийн Сиси технологийг номын сангийн программтай холбосон учир оюутнууд номоо захиалаад оюутны үнэмлэхээрээ шууд үйлчлүүлэх боломжтой. Удахгүй бид бүрэн автомат технологийг нэвтрүүлэхээр зорьж байна" гэлээ.  




75 жилийн түүхтэй МУИС-ийн номын сан 360 мянга гаруй хэвлэмэл болон цахим ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөгтэй. 1000 орчим CD, зохиогчийн эрхтэй 20 гаруй цахим ном, 2000 орчим магистрын ажил, ОУ-ын 16 онлайн мэдээллийн санг ашиглах боломжтой цахим уншлагын танхимтай. Олон хувьтай номыг 1-3 хоногоор оюутнуудад гэрээр олгох аж. 




Уг нээлтийн арга хэмжээнд уригдсан хүндэт зочдын нэг, олон сайхан романаараа Монголын уншигчдын ухааныг тэлдэг зохиолч Б.Шүүдэрцэцэг "Миний хувьд 1995 онд уг сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн сэтгүүлчийн ангийг онц дүнтэй төгссөн. Магистрын зэргээ мөн энд хамгаалж байлаа. Энэ сургуулийн бүтээгдэхүүн. Маршал Чойбалсангийн хөшөөтэй нэгдүгээр байрны хананд онц төгсөгчдийн дунд миний нэр байдаг. Тиймээс энэ сургуульд юу л болно миний хувьд сонирхолтой санагддаг юм. Энэ жилийн хувьд сургуулийн түүхэнд алтан үсгээр бичмээр сайхан үйл явдлууд болж байна. Эхнийх нь мэдээж "Мазаалай" хэмээх хиймэл дагуулыг хөөргөсөн. Мөн 75 жилийн ойгоороо ийм сайхан шилэн номын өргөөтэй болж байгаа нь ном бүтээгч, зохиолч миний хувьд үнэхээр бахадмаар сайхан үйл явдал юм. Тиймээс сургуулийнхаа урилгыг хүлээж аван номын өргөөнийх нь нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Надад урилга өгөхдөө "манай номын сангийн уран зохиолын хэсгээс хамгийн их танхимд гарч уншигддаг номын нэг нь таны ном байдаг, тиймээс урьж байна" гэж хэлсэн. Юуны түрүүнд энэ сайхан номын өргөөнд олон роман, зохиол нийлүүлэх болно гэж хэлмээр байна. Мөн хэд хоногоос ирж номын сангийн шилэн өргөөгөө өөрийн шинэхэн бүтээл "Хотол цагаан гүнж" романаараа мялааж бэлэг барина. Би саяхан ӨМӨЗО-ны Ордос аймгаар урилгаар Монгол орны туурвил зүйн онол гэсэн лекц уншаад ирсэн. Өвөр Монгол ахан дүүс маань номын дээжээсээ нэлээд их бэлэглэсэн. Бас л манай Монгол туургатны нэг хэсэг, үсэрсэн цус, тасарсан мах, ахан дүүс учраас Өвөр Монголын зохиолчдын бүтээлээс МУИС-ийн номын сангийн уран зохиолын хэсэгт нь бэлэглэе гэж бодож байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 




Харин тус сургуулийн оюутнууд "Үнэхээр сайхан номын сантай болсон байна. Ийм сайхан орчин, нөхцөлд хичээж сурах л үлдлээ. Энэ шилэн номын сандаа өдөр бүр хичээлээ шамдан хийж, эх орондоо хэрэгтэй сайн боловсон хүчин болж төгсөнө гэж амлая"




"Хүмүүс МУИС-ийг муулаад л, мөнгө идлээ л гээд байдаг. Ийм сайхан, том бүтээн байгуулалт хийдэг, оюутнаа бодсон, үлгэр жишээ сургууль гэдгээ харуулж чадлаа" зэргээр баярлаж байгаагаа илэрхийлэхийн сацуу сайн сурна гэдгээ ч амлав.




Уг номын сан нь 24 цагаар ажиллана хэмээн нийгэмд мэдээлэл тархсан бөгөөд энэ талаар тодруулахад "МУИС-ийн оюутнууддаа зориулаад шалгалтын үеэр нэг уншлагын заалыг гарган, шөнөөр хичээллэх боломжийг бүрдүүлэн ажиллана. Тэрнээс үргэлж 24 цаг ажиллана гэдэг ташаа ойлголт" гэдгийг залруулж хэлээрэй гэсэн юм.  



































Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 жил, 11 сар [37.220.133.161]


Saiham medeelel baina.


Зочин    1 жил, 11 сар [66.181.189.25]


Энэ сайн харин энд монгол ахуй, зан заншил шингэсэн номын өрөө байхгүй байгаа нь жаахан тм санагдсан


Зочин    1 жил, 11 сар []


Amerikiin kalifornii ih surguuli shig nomin santai boltol ch odii bn daa


Зочин    1 жил, 11 сар [58.123.139.83]


hedhen nomtoi hooson barilga kkk


Зочин    1 жил, 11 сар [202.179.27.92]


Сайхан номын сантай болжээ. Залуустаа амжилт үсье.


Зочин    1 жил, 11 сар [202.9.42.85]


Ямар гоё юм бэ 80-- оны үед номын санд суухаар горькиин, ЭМЯ-ны номын санд суудаг байлаа ёстой гоё юм байна