2017,9-Р Сар,29


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Л.Эрдэнэчимэг: Зүв зүгээр байж байгаад гэнэт илэрдэг аюултай өвчин юм

1 жил, 11 сар TIMES.MN
Энэ бүсгүйг Л.Эрдэнэчимэг гэдэг. Тэрээр 39 настай бөгөөд зургаан жилийн өмнө гэнэт бие нь мууджээ. Эмнэлэгт үзүүлтэл элэгний хатуурал буюу цирроз хэмээн оношилсон байна. Эмчилгээгүй буюу гуравдугаар шатандаа орсон, эмчийн байнгын хяналтад байдаг аж. Л.Эрдэнэчимэгийг дөнгөж төрөх үед аав нь, таван настайд нь ээж нь хорвоогийн мөнх бусыг үзжээ. Гурван эгчтэйгээ өнчирч үлдсэн тэрээр наймдугаар ангиа төгсөөд ажил хийж эхэлсэн байна. Хувийн байгууллагад зөөгч хийж, амьдрахын төлөө цаг наргүй л гүйдэг байж. Гэтэл нэг л өглөө өөрийгөө эдгэршгүй өвчтэй болсноо мэдсэн байна.




Элэгний хатуурал бүрэн эмчлэгддэггүй, олон жилийн даамжирсан явцтай бөгөөд хүндэрсэн үедээ онц аюултай өвчин юм. Эрүүл хүний элэг улаан өнгөтэй байх ёстой атал элэгний хатуурал болсон хүнийх тод шар өнгөтэй болдог. Энэ нь элэг бүтэц, үйл ажиллагаа алдсан байдал юм.


Одоогоор ганцаараа амьдардаг бөгөөд гурван эгч нь байнга эргэж тойрдог гэнэ.


“Тусдаа амьдралтай хүмүүс учир тэр болгон байнга ирж амждаггүй. Би гурван настай байхдаа бохироор шарласан гэсэн. Одоогоос зургаан жилийн өмнө бөөлжөөд, дотор муухай оргиод байсан. Тэгээд өрхийн эмнэлэгт үзүүлтэл та халдвартад очоод шинжилгээ өгөөд үз гэж зөвлөсөн. Шинжилгээ өгтөл В,С вирустэй, элэгний хатуурал болсон байна гэсэн онож гарсан. 30 жилийн дараа илэрч байна. Зүв зүгээр байж байгаад гэнэт илэрдэг муухай өвчин юм.”


Энэ өвчин үүсэхэд нөлөөлдөг гол хоёр хүчин зүйл байдаг. Нэгт нь вирусийн гаралтай шар өвчин, тэдгээрээс В ба С гепатит. Ялангуяа нялх багадаа В гепатитаар өвдөж байсан хүмүүсийн циррозоор өвдөх эрсдэл нь маш их болдог. Дараагийн шалтгаан нь согтууруулах ундаа, түүний дотор хатуу архийг хэтрүүлэн хэрэглэх явдал.


Гэхдээ дараах нөхцөлд дээрх хоёр шалтгаан үгүй байсан ч циррозоор өвдөх эрсдэл ихэсдэг. Үүнд:


• Хорт бодисуудаар хордох ( цайвардуу мөөгний хор, зарим эм)


• Удаан хугацаагаар шарлалт өгсөн цөсний хүүдийн болон цөсний цоргоны өвчин


• Удамшлын хүчин зүйлүүд ( ховор тохиолддог)


• Дархлалын тогтолцооны хямрал /бие махбод гэнэт элэгний эдийг гэмтээгч бодис ялгаруулах / зэрэг нь тодорхой нөлөө үзүүлдэг байна.


Л.Эрдэнэчимэгийн бие үе үе  муудаж сэхээнд ордог бөгөөд уураг хийлгэж арай гайгүй болдог аж




Л.Эрдэнэчимэг: “Энэ зун л гэхэд гурван ч удаа сэхээнд орсон. Уураг хийлгэхгүй бол дотор муухай оргиж, бөөлжис цутган ухаа алдаж унадаг. Нэг уураг нь 250 мянган төгрөгийн үнэтэй. Нэг хийлгэхдээ 3-4 уураг хийлгэдэг бөгөөд зургаан сарын дараа дахин хийлгэдэг. Сүүлийн хоёр жилд илүү их муудах боллоо. Амархан ядарч байна. Хоёр жилийн өмнө артерийн хагалгаа буюу боолт хийлгэсэн. Тэр болгон эмээ авч хэрэглэж чаддаггүй.

   Эмч нар намайг хоолны дэглэм сайн барьж байна гэсэн. Түүгээрээ л өдий зэрэгтэй хэдэн жил гайгүй явсан байх. Группийн 200 мянгаараа л болгож байна. Хөнгөлөлттэй үнээр эмээ авахаар 140 мянгад багтдаг. Гэхдээ тэр болгон хөнгөлөлттэй авч чаддаггүй. Заримдаа оочир дараалал нь дийлдэхгүй, эм нь дууссан, хөнгөлөлттэй олгох лимит нь дууссан гэх мэт олон шалтгаанаар тухайн эмээ ердийн үнээр нь авах тохиолдол байдаг. Хэрэв өөрийнх нь үнээр авбал 240 мянга болдог. Ер нь элэгний эмүүд их үнэтэй байдаг юм байна” хэмээн өөрт тохиолддог хүндрэлээсээ хуваалцсан юм.


Элэгний хатуурлын үед дараах шинж тэмдэг илэрнэ.

  • Элэгний хэмжээ өөрчлөгдөнө.
  • Элэг томрох, эсвэл жижигрэх.
  • Хэвлий хөөж цүдийнэ. Энэ нь хэвлийн хөндийд шингэн хуралдсантай холбоотой.
  • Гэдэс дүүрч, дотор эвгүйрч, ам халуун оргих, хэхрүүлэх, шээс ялгаралт удааширна.
  • Биеийн ерөнхий байдал суларч, турна.
  • Хэвлийн урд хананы хөх судаснууд өргөсөж, хүйс тойрон наймаалжны толгойг санагдуулсан хөхөвтөр дүрс бий болно.
  • Цээж, нуруу болон мөрөн дээгүүр од шиг, эсвэл жижигхэн аалзтай төстэй улаан толбонууд үүснэ.
  • Гарын алга улайна.
  • Эрэгтэй хүний хөхний булчирхайнууд томорч, суга, духны үс унан бэлэг эрхтний хөвчрөлт суларна. Эмэгтэй хүний сарын тэмдэг тасалдана.
  • Элэгний шүүх чадвар алдагдсанаас цусанд хорт бодис хуралдаж, байнга толгой өвдөх, ой тогтоолт, анхаарал сулрах шинж ажиглагдана.
  • Ходоод дурандахад улаан хоолойн судас өргөссөн харагдана.
  • Арьс шарлах, загатнаж болно.
  • Циррозын үед хүчтэй өвдөлт байдаггүй.


Сүүлийн хэдэн өдөр тэрээр Серажим гээд массажны орон дээр хэвтэж байгаа бөгөөд бие нь хөнгөрч буй мэт мэдрэгдэж байгаа аж.




Л.Эрдэнэчимэг:  “Хүний нуруу нугасанд хамаг мэдрэлийн эсүүд байдаг гэсэн. Энэ массажны орон дээр очиж хэвтээд гайгүй болоод байгаа мэт санагдаад байгаа. Их оочиртой байдаг. Өндөр настай хүмүүс их очдог юм байна лээ. Өглөө хоёр цаг оочирлож байж хэвтдэг. Хэвлий хэсэгтээ усжилттай, ивэрхий үүссэн байна гэсэн. Элэг ер нь бүх эрхтэндээ нөлөөлдөг гэсэн үнэн бололтой. Миний бөөр их өвдөнө. Саяхан даралт ихсээд, зүрхний хэм алдагдаад ухаа алдаад унасан байсан. Харин гурван эгч маань намайг утсаа авахгүй болохоор түргэн дуудаад гурвуулаа гурван талаас түргэнтэй зэрэг ирсэн. Жаахан гадуур явахаар хөл их хавагнадаг” гэлээ.


Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас

Тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг дээ.


Тэрээр энэ мэт нэг удаагийн эмчилгээндээ сая орчим төгрөг зарцуулдаг аж.




Тэгвэл “Баялаг ундраа” худалдааны төвийн дөрөвдүгээр давхрын 200 гаруй худалдаа эрхлэгчид сэтгэлийн хандив цуглуулж нэг удаагийн эмчилгээндээ ч болов нэмэрлээсэй хэмээн тус эмэгтэйд нэг сая төгрөг хандивлалаа.




Тус худалдааны төвийн 4-р давхрын зохион байгуулагч Б.Эрдэнэсувд “Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон сайн дурын тусламжийн аян өрнүүлж, олон хүнд тусалж байсан. Харин энэ удаад гэр ахуйн цахилгаан барааны худалдаа эрхлэгчидтэйгээ нийлж энэ бүсгүйд жаахан ч гэсэн сэтгэлийн дэм өгөхийг хүсч ирсэн. Бид жилд нэг удаа иймэрхүү төрлийн аян өрнүүлдэг. Цаашид ч гэсэн сайн үйлсийн аянгаа үргэлжлүүлж, олон хүнд сэтгэлийн дэм өгөх болно.”



“Баялаг ундраа” худалдааны төв нь Нарантуул захын өргөтгөл худалдааны төв аж.




Худалдаа эрхлэгчдийн төлөөлөл П.Нандинцэцэг “Манай худалдааны төвд хандивын аян гээд хайрцаг байдаг. Тэр хайрцагт бид нар орж гарахдаа сэтгэлээрээ мөнгө хийдэг. Тэр хайрцагт цугласан мөнгө байгаа. Өнөөдрийн маань хандивын аян эзнээ оллоо л гэж бодож байна. Биеэ бодоод, эмчилгээгээ сайн хийлгээрэй гэж хэлмээр байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.


Харин Л.Эрдэнчимэг бүсгүй маань баярлаж байгаагаа илэрхийлэн, уг мөнгөөр эмчилгээний массажны матраас худалдан аваад үлдсэн мөнгийг нь эм тариандаа зарцуулна гэсэн юм. Учир нь тус массажны ор нь их оочиртой, хол газар очиж хэвтдэг болохоор их ядардаг гэнэ. Мөн тэр орон дээр хэвтэн массаж хийлгэснээр бие нь сайжирч өөрт нь таатай байдаг учир энэ матраас авахыг хүсч буйгаа бидэнд хэлсэн юм.




“Ганц бие, хүнд өвчтэй, группд байдаг учир хорооноос нь ямар туслалцаа үзүүлдэг. Ядаж нүүрс хямдралтай үнээр өгдөг, хоолны талон өгдөг эсэх талаар лавлахад тэрбээр “Хүнд хэвтэрт байдаг хүмүүст өгдөг гээд намайг авч хэлэлцдэггүй. Группээ 80 хувиас дээш тогтоолгосон тохиолдолд хорооноос янз бүрийн хөнгөлөлт олгодог гэсэн. Одоо 12 сард нарийн шинжилгээ өгч группээ сунгуулна. Тэгэхээр группийн маань хувь нэмэгдэх байх. Ажил хийх ямар ч боломж байхгүй. 2 кг-аас дээш зүйл өргөж болохгүй, хоолны маш нарийн дэглэм сахидаг. Өмнө нь биеэ гайгүй байхад нэг жил хуучин ажил дээрээ тэкэн дээр зогссон. Ядраад дийлэхгүй юм байна лээ” гэсэн юм.


Элэгний хатуурал өвчний талаар мэдээлэл хүргэе.


Урьдчилан сэргийлэлт


Биеийн хүчний ажил хийж, хоолны дэглэм алдагдан, дархлаа суларсан үед хүндэрч зовиур шаналгаа ихсэж болно. Өвчин даамжирсан үед эмч зөвхөн таагvй шинж тэмдгийг арилгаж, хүндрэл vvсэх явцыг удаашруулж чаддаг. Циррозын үе шатыг сайтар тодорхойлж эмчээсээ зөвлөгөө авч, эмчилгээ тогтмол хийлгэж байнгын хяналтад байх шаардлагатай. Байнгын хяналтад байснаар хавдарт шилжих эрсдэлийг урьдчилан тогтоож чадна.


Эмчилгээ

Элгэнд нэгэнт цирроз үүссэн бол эмчлэгдэхгүй харин түүний шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийж, хүндрэх явцыг багасгаж урьдчилан сэргийлнэ. Хамгийн чухал зүйл нь хоолны дэглэм баримтлан тос өөх, давс ихээр агуулсан хүнснээс татгалзах хэрэгтэй. Мөн тэжээлийн дутагдлаас сэргийлэн хоолоо цаг тухайд нь идэж, амралт ажлыг сайтар зохицуулна.


Хамгийн эхэнд хийх зүйл бол амьдралын хэв маягаа өөрчлөх үүнд:

• Архи уухаа зогсоох, түргэн татгалзах

• Эмчтэйгээ дараах эмүүдийн талаар ярилцан хэрэглэхээ зогсоох жишээ нь: ацетоминафен, аспирин, ибупрофен уг эмүүд нь элгийг гэмтээх болон цус шүүрэх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.

• Дархлаагаа байнга дэмжих хэрэгтэй ялангуяа гепатит А, гепатит Б, инфлюнза болон пневмококктой өвчинтэй бол дархлаагаа дэмжих шаардлагатай.

• Содтой усыг бага хэрэглэснээр хэвлийд шингэн үүсэлтийг багасгах (асцит)


Элэгний циррозын үед гарах хүндрэл


Улаан хоолойгоос цус шүүрэх

Хэрэв элэгний хатууралтай хүнд өтгөн гаргах үед өтгөн цустай гарах, цустай бөөлжих нь улаан хоолойн судаснаас цус шүүрч байна гэсэн үг. (урт гуурс залгиурт хийн хоолыг ходоод уруу урсгах арга ашиглана).

Хэрэв элэгний хатууралтай хүнд дараах шинж илэрвэл яаралтай ойрын түргэн тусламж үзүүлж чадах эмнэлэгт хүргэн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.


Хэвлийд шингэн хурах

Хүнд хэлбэрийн хатуурлын нэг илрэл бол захын эрхтнүүдэд хаван үүсэж хэвлийд шингэн хурах явдал юм. 20-30 литр шингэн хэвлийд буюу ходоодны хэсэгт хурснаас хоол идэх болон амьсгал авахад хэцүү болдог. Гол эмчилгээ бол хаван цаг алдалгүй арилгаж содын хэрэглээг багасгаж мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.




Энцефалопати Циррозтой өвчтөн зарим тохиолдолд үүсэж буй хорыг сайн гадагшлуулж чадахгүйгээс хор дээшилж тархинд очдог. Энэ нь элэг хангалттай хэмжээнд хорыг цэвэрлэж чадахгүй байгаагаас энцефалопати үүсдэг. Үүний эмчлэх гол эмчилгээний нэг бол гэдсийг цэвэрлэн хорыг яаралтай гадагшлуулах хэрэгтэй ба мэргэжлийн эмчид хандан лактулозын сиропыг ашиглана.


Цус алдалт

Цирроз нь элэгний үйл ажиллагаанд нөлөөлснөөр цусны бүлэгнэлтийг алдагдуулдаг. Үүний үр дүнд гараа зүсэхэд цус шүүрэмтгий болсон байдаг. Эдгээр хүндрэлүүд илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандахаас гадна нэгэнт цирроз үүсэн элгийг элэг шилжүүлэх мэс засал хийж өвчнийг бүрэн эдгээж болно.


Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 520 сая гаруй хүн гепатитын вирусийн архаг халдвартай байна. Үүнээс 1.4 сая гаруй хүн нь жил бүр вируст гепатитаас үүдэлтэй элэгний хорт хавдар, элэгний хатуурлаар нас барж байна. Өвчний тархалт хэдий их байгаа ч харамсалтай нь гепатитын вирусээр халдварласан хүмүүсийн ихэнх нь халдвартай гэдгээ огт мэдэхгүй байгаа юм.Түүнчлэн оношлогдож байгаа ихэнх хүмүүст эмчилгээ хүрэхгүй байсаар байна.


Монгол Улс дэлхийд элэгний хатуурал, хорт хавдар үүсгэдэг архаг гепатитын вирусийн халдварын тархалт нэн өндөр улс орны тоонд багтдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн түүвэр судалгаагаар манай улсын 400 орчим мянган хүн В,С вирусийн халдвартай байх магадлалтай гэжээ. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 жил, 11 сар [202.9.47.177]


миний аав 3 удаа шарлаад явж чадахгүй дөнгөж л хүнээр түшүүлээд явдаг байсан гэтэл өөрөө ардын янз бүрийн эмчилгээ түүний дундаас баавгайн доньд идсэн , амьд жараахай залгисан , чийгийн улаан өтийг хатааж нухаад ууж байсан аль нь нөлөөлсөн бүү мэд цоо эрүүл болсныг эмч нар итгэхгүй л байсаар эв эрүүл болоод 89 настай өөд болоход элэг нь эв эрүүл байна гэж эмч нар хэлж байсан шүү эдгээрээс хүртээрэй


Зочин    1 жил, 11 сар [185.114.34.12]


Архангайм аймгийн Цэцэрлэг сумын нутагт байдаг Цагаан толгойн рашааныг уугаад үзвэл яасан юм бол. Яг ийм өвчтэй хүн уугаад эдгэрсэн тохиолдол байдаг юм билээ