2017,9-Р Сар,21


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


"Багш нар нойрон дундаа ч ажилладаг"

2 жил TIMES.MN
Энэ сарын 18-ны өдөр "Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ноос мэдээлэл хийж, энэ сарын 21, 26-ны өдөр ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос Засгийн газарт багшийн цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмүүлэх шаардлага тавьсан. Засгийн газраас үе шаттайгаар 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу ирүүлсэн боловч багш нар уг саналыг хүлээж авсангүй. Тэд төлөвлөж байснаараа өнөөдөр буюу есдүгээр сарын 21-нд ажил хаялтаа эхлүүллээ.




Тухайлбал, эцэг эхчүүдийн мэдээлж буйгаар 84, 115, 20, 114, 18, 23, 24, 13, 33, 32, 83, 77, 78, 53, 13, 44, 5, 106, 50, 83 зэрэг сургуулиудын хичээл орохгүй байгаа аж.


Өнөөдөр мөн Багш нарын цалин нэмэх түр хорооноос ажил хаялтын талаар мэдээлэл хийлээ.




"Яг одоогийн байдлаар ажил хаялт нийслэлийн ЕБС 43 хувь, цэцэрлэг 28 хувьтай байна. Улсын хэмжээнд 654 сургуулиас 366 нь, 867 цэцэрлэгээс 286 нь ажил хаялтад оролцож байна гэсэн мэдээлэл байна. Цаашид энэ тоо өснө" хэмээн "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны дэд зохицуулагч Б.Бат-Эрдэнэ ярилаа. Мөн тэд Засгийн газар энэ хугацаанд дорвитой алхам хийхгүй бол цаашид ХУГАЦААГҮЙ АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАНА гэдгээ мэдэгдэв.


Тэгвэл бид ажил хаясан болон хаяагүй хоёр сургуулиар орж дараах тодруулгыг авсан юм.




Сүхбаатар дүүргийн 16-р дунд сургуулийн багш нар ажил хаялтад нэгдсэн байна. Тэд сануулах ажил хаялт зарлах гэж буй талаараа эцэг эхчүүдэд мэдээлэл бүхий хуудас илгээсэн бөгөөд эцэг эхчүүд ч тэднийг дэмжсэн гэнэ.




Энэ талаар тус сургуулийн Математикийн багш Д.Энхтуяа

“Бид энэ сарын 21,26-нд сануулах ажил хаялт зарлахаар болсон. Учир нь төр засаг энэ асуудалд дорвитой анхаарал хандуулахгүй байгаа учир ийнхүү сануулах ажил хаялт хийж байгаа юм. Энэ ажил хаялтад багш нар өөрсдийн хүсэлтээр цалингүй ажил хаялт хийж байна. Хэрэв цалинтай байсан бол хуулийн этгээд гэдэг утгаараа Үйлдвэрчний эвлэлийн хороогоор дамжуулах ёстой. 21,26 хоёрын дунд хоног байгаа нь энэ хооронд төр засаг бидний хүссэн хэмжээний цалинг өгнө хэмээн мэдэгдвэл 26-нд ажил хаялт болохгүй гэсэн үг. Олон жил хуралдсан юм одоо тэсэрч байна. Би 31 дэх жилдээ ажиллаж байгаа хэрнэ 608000 төгрөгийн цалин авч байна.




Таван жил болоод нэмэгдэл гэж 4000 гаран төгрөг нэмдэг. Аргагүй эрхэнд амьдрал тасарч байна. Бид нар найз нөхөд, сурагчид, ах дүү хамаатан садан, хань ижилдээ хүртэл хэцүү байна гэж хэлдэггүй. Ажил хаялт зарласан хичээлээ нөхөж заана. 1995 онд анх багш нар 140-өөд хоног ажил хаяж байсан. Бид нар өнөөдөр ажил хаялаа гээд зүгээр суугаагүй. Би гэхэд шалгалтын материал засаад сууж байна. Бусад багш нар маань ч гэсэн хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлдээд компьютер дээр сууж байгаа. Багш нар нойрон дундаа ч ажилладаг гэж Лувсандорж багш хэлсэн үнэн. Уг нь өнөөдөр үзэг ч барихгүй ажид хаялт зарлана гэсэн боловч чадахгүй байна.




Бид нар өнөөдөр 8 цагийн хөдөлмөрөө хийсэн ч үргэлжлүүлээд дэвтэр засах, маргаашийн хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлдэх гэх мэт ер зүгээр суудаггүй. Манай эцэг эхчүүд ганц хоёрхон минут ирж хүүхдийнхээ асуудлаар уулзахдаа чихээ дараад гардаг. Та нар яаж ажилладаг байнаа гэдэг. Багш нар чих, нүд, шүдгүй болоод л гардаг. Хичээл тарлаа багш нар барилгачин болдог. Ангийнхаа засварыг өөрөө хийдэг. Өөр нэг асуудал бол цаасны асуудал маш хүнд байна. Ном байхгүй. Өнөөдөр би 10-р ангид Математик ордог. Ном байхгүй учир энд тэндээс түүвэрлэж, компьютерт шивж хүүхдүүддээ хичээл орох материалыг нь бэлдэж байна.




Энэ их цаасны оронд нэг ном нь хэрэгтэй. Эдгээр хичээлийн хэрэглэгдэхүүнийг нөгөө нэг жаахан цалингаасаа хийнэ. Цалин буухаар гэртээ зарцуулах уу, хичээлийн хэрэглэгдэхүүн бэлдэх үү. Багш нар эхлээд цалингаа асуудлаа төр засагт тавьж байна. Энэ бол эхлэл. Бид дараа дараагийн олон асуудлыг гаргаж тавьж, эсэргүүцнэ. Боловсролын шинэчлэл нэрээр боловсролыг бантан болгож байна. Сэтгэлтэй сэтгэлгүй янз бүрийн хүн энд ажиллаж байна. Засаг төрийн буруу томиллогоо гээд олон асуудал энэ салбарт байгаа.


Харин 3-р сургуулийн хувьд хичээл нь хэвийн орж байлаа. Энэ талаар тус сургуулийн сургалтын менежер Н.Гүррагчаагаас тодруулахад “Би сайн мэдэхгүй байна. Үйлдвэрчний эвлэл мэдэж байгаа байх. Уг нь ажил хаялт зарлана гэж гарын үсэг зурсан. Яг яагаад хаяагүйг нь мэдэхгүй байна. Магадгүй эцэг эхчүүдэд мэдэгдэх хуудас явуулж амжаагүй болохоор ажил хаяагүй байх” гэсэн тайлбар өглөө.




Тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлтэй уулзах гэсэн боловч өрөөндөө байсангүй.


Багш нарын ажил хаялтын тухайд эцэг эхчүүд “Ер нь зөв гэж бодож байгаа. Үнэхээр болохгүй байгаа болоод л аргаа барсандаа ажил хаялт зарлаж байгаа байх. Багшийн ажил хүнд шүү дээ. Хугацаагүй ажил хаялт зарлавал хэцүү л байх. Хүүхдүүд л хохирох байх.”


Харин 3-р сургуулийн 9-р ангийн сурагч охин “Багш нарыг өнөөдөр ажил хаях байх гэж бодож байсан. Гэхдээ манай сургууль тэгсэнгүй. Яагаад ажил хаяагүйг нь мэдэхгүй байна. Ажил хаялт зарлаад хичээл орохгүй бол гэртээ л байна даа. Уг нь төгсөх анги болохоор хичээл орохгүй гэвэл хэцүү л байх” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.




"Багш багшдаа тусалъя" группэд хөдөө орон нутаг болоод нийслэлийн багш нар ажил хаялтад нэгдэж буй зургаа оруулсаар байна. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 жил, 11 сар []


Багш нар гэлтгүй төрийн албан хаагчдын цалин арай дэнүү бага байна даа