2017,9-Р Сар,21


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Г.Буянжаргал: Улсаас нэг хүүхдэд өдөрт 47 төгрөгийн л эмчилгээний мөнгө олгодог

2 жил TIMES.MN
Цэцэрлэгийн хаалгаар оронгуут бүгчим, халуун, хөлсний үнэр ханхална. Халаалт ирээгүй хэрнэ ангид бүгчим байна. Газраар эрийтэл зассан гудсан дээр зарим нь унтаж, зарим нь тааз ширтэн хэвтэнэ. Харин багш зориулалтын сандал дээрх хүүхдэд хоол өгөх гэж аргадан суух юм.


Энэ бол одоогоос таван жилийн өмнө орох оронгүй буюу өөрийн гэсэн цэцэрлэггүй болсон “Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор”-ын хүүхдүүд.




2013 онд хүүхэд сурч боловсроход аюултай, шаардлага хангахгүй хэмээн Мэргэжлийн хяналтын газрын тогтоолоор тус цэцэрлэгийг актилсан билээ. Ийнхүү тус цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд “Өнөр бүл” гэх асрамжийн 24 цагийн цэцэрлэгийн ард талын дөрөвхөн өрөөнд агаараа булаалдан, хүнд нөхцөлд байсаар тав дахь жилтэйгээ золгож байна. Нэг ангид хоёр бүлэг хичээллэдэг бөгөөд 21 аймаг, 9 дүүргээс ирсэн 120 хүүхэдтэй тус цэцэрлэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүмүүжүүлдэг гэдгээрээ манайдаа ганц цэцэрлэг юм.




Хүнд хэлбэрийн тархины саатай, дауны хам шинжтэй, давхар согогтой хүүхдүүд энд эмчлүүлж асруулдаг. Бүгчим жижиг ангид байгаа хүүхдүүд өдөрт ядаж нэг удаа агаарт гарах шаардлагатай ч энд тийм нөхцөл бололцоо алга. Учир нь хүнд хэлбэрийн хүүхдүүдийг тэвэрч хоёр давхраас доош буун, нарийн коридороор явж байж гадаа гаргадаг. Гэтэл өглөө оройдоо арай ядан зөөж байгаа хүүхдүүдийг өдөрт салхилуулах боломж байхгүй.


Тус цэцэрлэг хүнд хэлбэрийн гэр нь хол байдаг хүүхдүүдээ өглөө, оройд өөрсдийн унаагаар хүргэж өгч авдаг байна.


Энэ талаар цэцэрлэгийн жолооч Д.Батсуурь “Өглөө 06:00 цаг гэхэд ажилдаа ирж машинаа аваад хүүхдүүдээ гэрээс нь 08:00 цаг гэхэд цэцэрлэгт нь авчирсан байдаг. Өглөөд ганцаараа хүүхдүүдээ зөөдөг. Орой харин нэг туслах багштай хамт явдаг. Учир нь олон хүүхэдтэй үед, зам түгжрэлтэй үед хүүхдүүд маань уйлах, сандаргах үе байдаг. Тэр болгонд анхны тусламж үзүүлж чаддаг. Одоогоор хүүхдүүд жигдрээгүй байгаа болохоор 3-4 хүүхэд зөөж байна. Хүүхэд жигдэрвэл 7-8 хүүхэд зөөдөг. Хүүхэд олон бол туслах багш маань багтахгүй ээ, дунд нь газар суугаад л явдаг даа. Ажилдаа дуртай” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.




Тэрбээр хоёр давхраас эхлэн хүүхдүүдээ нэг нэгээр нь зөөн, зориулалтын хүүхдийн суудалд нэг нэгээр нь суулгадаг. Яг л тухайн хүүхдийн аав ээж нь аятай хувцаслаж, цүнхэнд нь хувцсыг нь хийгээд л тэврээд буулаа.


Цаг тутам асаргаа, сувилгаа, эмчилгээ шаардаж байдаг эдгээр хүүхдүүд өнөөдөр өөрийн гэсэн байргүй, айлын цэцэрлэгийн дөрвөн өрөөнд хүмүүжиж байна. Гэхдээ энэ цэцэрлэгт ганц байрны асуудлаас гадна олон бэрхшээл байгаа аж.


Тухайлбал, ямар ч шаардлага хангаагүй орчинд тус хүүхдүүд эмчлүүлж, хүмүүжиж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй тусгай асаргаа, сувилгаа шаарддаг хүүхдүүдэд улсаас энгийн хүүхдүүдтэй адил нөхөн олговор, хангамж олгодог. Багш, ажилчдын цалин мөн энгийн цэцэрлэгийн багш нарын цалинтай ижил. Өөр нэг анхаарал татахуйц, санаа зовоосон асуудал бол нэг хүүхдэд олгох эмчилгээний буюу эмийн зардал нь өдөрт ердөө 47 төгрөг ногдож байна.

47 төгрөгөөр ямар эм авах вэ?


Энэ мэт өөр ямар асуудал тус цэцэрлэгт байгаа талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Г.Буянжаргалаас тодрууллаа.




-Сайн байна уу. Цэцэрлэгийн барилгын асуудал шийдэгдэхгүй тав дахь жилдээ орох гэж байна. одоогоор яг юу болж байна. Ахисан зүйл байна уу?

-Байхгүй, юу ч байхгүй. Тушаал, тогтоол гаргана. Нийгмийн бодлогын байнгын хороо Засгийн газарт чиг үүрэг өгөөд тогтоол гаргаад байхад хэрэгжихгүй байна. тоохгүй байгаа асуудал. Ямар ч цаас хэрэгжихгүй байна. Өнөөдөр дээгүүр ашиг сонирхлын нэг юм яваад байна ш дээ. Тэдгээр асуудлуудаа шийдэхгүй бол цэцэрлэг, сургууль баригдахгүй гэж ойлгох хэрэгтэй.


-Гэхдээ дүүргүүдэд цэцэрлэг баригдаад л байна?

-Энэ ийм учиртай. Би хэрвээ Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүн байлаа гэхэд тус дүүргийн сонгогчийн хүүхэд энэ цэцэрлэгт байгаа. Гэтэл манайх улсын хэмжээнд хүүхдүүдээ авдаг. Тухайлбал, энэ жил манайх 120 хүүхэдтэй байлаа гэхэд 30 хүүхэд л Баянзүрх дүүргийнх байх жишээний. Бусад нь Завхан, Төв аймаг, Бор нуур гээд хөдөө орон нутгаас хүүхдүүд байна. Мөн Баянгол, Сонгино хайрхан, Хан-Уул гээд бүх дүүргээс хүүхдүүд байна. Тэгэхээр бид сонгогч нь биш. Манай дүүргээс гарсан гишүүн маань дараагийн сонгуульд гарахын тулд тухайн дүүрэгтээ л цэцэрлэг, сургууль барина. Бид нарын төлөө Их хурал дээр ярьдаг хүн байхгүй. Нийгмийн бодлогын байнгын хороо өнгөрсөн онд концессоос хасагдахад улсын төсвөөр баръя гэж хэлэлцээд дэмжигдсэн. Гэтэл төсвийн байнгын хороон дээр очоод унасан. Нийгмийн бодлогын байнгын хороо дэмжээд байдаг гэтэл төсвөө яаж хуваахаа шийддэг төсвийн бодлогын байнгын хороо дэмждэггүй.


-Энэ орчинд хүүхдүүдийг асрахад нөхцөл байдал маш хүнд байгаа. Тухалбал, нэг ангид хоёр бүлэг хичээллэж байна. Тэгэхээр тэдгээр шийдвэр гаргагчдад энд болоод байгаа үйл явц, нөхцөл байдлыг яривал?

-Ярина ш дээ. Ярина, мэдрүүлнэ, ирнэ. Комисс гаргаад ирж үзээд баахан юм бичүүлнэ. Гишүүд нь, гишүүний туслах нь гээд л ирнэ. Тэглээ яахав дээ эцсийн эцэст тэр хүн дараагийн сонгуулиар сонгогдохоо бодно ш дээ. Өөрийн сонгогдсон хороо, дүүргийнхээ иргэдийн эрх ашгийн төлөө гарсан болохоос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх ашгийн төлөө гараагүй.




-Сая хүүхдийн баярын цэцэрлэгийн багачуудын маань зурсан зургаар үзэсгэлэн гаргаж, нийгэмд цэцэрлэгийнхээ нөхцөл байдлыг таниулсан арга хэмжээ зохиосон. Үүнтэй адил арга хэмжээ зохиож, иргэдийн хандиваар барьж болохгүй гэж үү. Хэдий хэр хэмжээний хөрөнгө шаардлагатай бол?

-Цэцэрлэг барих хөрөнгийг 5.4 тэрбум гэж тооцож байгаа. Гэхдээ энэ хөрөнгөөр барьж чадахгүй болов уу гэж бодож байна. Нөгөөтэйгөөр манай цэцэрлэг бол хувийн, төрийн бус байгууллага биш төрийн байгууллага. Хүүхдийн баяраар болсон арга хэмжээний тухайд надруу дээрээс утасдаад "Сонгууль болох гэж байхад наад эцэг эхчүүдээ дуугүй болгооч" гэсэн. Харин би "Би яаж хүмүүсийн дууг хорих билээ" гэсэн хариулт өгсөн. 


-Төсвөөс мөнгө өгдөг гэснээс нэг хүүхдийн хувьсах зардал нь энгийн хүүхдүүдийн цэцэрлэгийн санхүүжилттэй адил байдаг гэсэн. Энэ үнэн үү. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд илүү их арчилгаа, хөрөнгө мөнгө шаардлагатай мэт санагддаг.

-Төсөвт тогтмол зардал гэж байна. Үүнд цахилгаан, дулаан, ажилчдын цалин, хүүхдийн хоолны мөнгө ордог. Мөн эмний мөнгө гэж өгнө. Энэ нь есдүгээр сараас зургадугаар сар хүртэл 51 мянган төгрөг өгдөг.


Үүнийг есөн сардаа хуваахаар нэг сард 5600 төгрөг. Үүнийг 120 хүүхдэд хуваахаар нэг хүүхэд өдөрт 47 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авахаар байгаа. Нэг витамин ч өгөх эрх байхгүй. Хүүхэд таталт өгөөд нэг таблетик витамин авлаа гэхэд 1800 төгрөгийн үнэтэй байгаа ш дээ.


Мөн ариун цэврийн зардлыг энгийн хүүхдүүдийн цэцэрлэгтэй адил өгдөг. Гэтэл манайх хүнд хэлбэрийн учир энгийн хүүхдүүдээс тав дахин илүү цэвэрлэгээний материал шаардагддаг. Хичээлийн хэрэглэгдэхүүний хувьд ч гэсэн өөр.


Эдгээр хүүхдүүд тусгай гарт эвтэйхэн том шохой, бал, ватум цаас хэрэглэдэг. Эцэг эхчүүдийн хувьд 10 дахин их зардал гардаг.




Эцэг эхчүүд маань чадахаараа л тусалж байна. Яагаад чадахаараа гэж байна гэхээр ийм хүүхэдтэй айлын аль нэг нь ажил хийхгүй хүүхдээ анхаардаг. Тэгэхээр эдийн засгийн хувьд хүндрэлтэй. Манай цэцэрлэгээс сайжраад гарсан хүүхдүүд маань энгийн сургуульд суралцдаг. Гэтэл саяхан нэг ийм асуудал болсон. Манай цэцэрлэгийг төгссөн хоёр сурагч маань энгийн сургуульд ороод жижигхэн нүдэнд нь тоогоо багтааж чадахгүй байсан гэнэ. Тэгсэн багш нь жаахан ааштай хүн байж таараад чадсангүй гээд загнасан байна. нөгөө хоёр хүүхэд маань хичээлдээ явахгүй гэсэн байна.




Хүүхдүүд маань энгийн хүүхэдтэй адил сэтгэж, гүйж харайдаг хэдий ч хөдөлгөөн нь удаан. Арга зүйч маань тухайн сургууль дээр очоод “Та эхлээд дөрвөн дөрвөлжин дотор бичүүлж сургаад бага багаар багасгаж сургах хэрэгтэй” гэж зааж зөвлөхөд маш сайн ойлгосон байна лээ. Ер нь арга зүйч нар маань энгийн сургуульд хүүхдүүд маань орвол тухайн сургууль бүрд нь очиж заах аргын зөвлөгөө өгдөг.


-Тэгэхээр хүүхдүүд маань энгийн сургуульд орж болдог байх нь ээ?

-Бололгүй яахав. Тэр битгий хэл гайгүй сайжраад ирвэл энгийн цэцэрлэгт хүртэл ордог. Хүнд хөнгөн, сурах чадвар зэргээсээ шалтгаалаад хурдан удаан сайжрах нь янз бүр байдаг. Давхар согогтой бол хэцүү шүү. Давхар согогтой хүүхдүүд бол тусгай сургуульд явна.


-Саяхан танай цэцэрлэгийг төгсөөд сайжирсан хүүхэд энгийн сургуульд элсэн орсон гэсэн. Тэгээд нойл нь хол байсан ч юм уу, тэргэнцэртэй байсан ч юм уу нойл орох замдаа өмдөндөө бие зассан асуудал гарсан гэсэн. Тухайн хүүхэд маань уг асуудлаасаа болж хичээлдээ явахгүй байгаа гэсэн. Ер нь энгийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах орчин, нөхцөл нь муу мэт?

-Иймэрхүү асуудал нэг биш удаа бус ер нь байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүлээн авч байгаа тухайн сургуулийн удирдлага, сургалтын менежер, багш үүнийг зохицуулах хэрэгтэй. Хэдэн ч хүүхэдтэй сургууль байсан тухайн хүүхдэд боловсрол олгох гэж байгаа бол яаж энэ хүүхдэд боловсрол олгох вэ гэдэг асуудлыг эдгээр хүмүүс зохицуулах үүрэгтэй. Тухайлбал, саяын тохиолдолд аль болох нойлтойгоо ойрхон ангид хуваарилах, шатаар гарч чаддаггүй хүүхдийг нэг давхрын ангид оруулах гэдэг ч юм уу жаахан сэтгэл дутдаг. Манай сургууль 10 мянган хүүхэдтэй гэж ярих захирлууд байдаг л юм.


Тэр 10 мянган хүүхэд дунд ихдээ гэхэд л 10 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа. Тэр 10-ыг л ангийг нь аятайхан зохицуулаад өгөхөд болно шүү дээ. Тусгай сургууль дээр ч иймэрхүү асуудал гардаг.


Манай хүүхдүүдийг авсан нэг багшийн анги нь гурван давхрын мухарт, харин нойл нь хоёр давхарт байна гэж эцэг эхчүүд маань ярьж байна. арга зүйч маань очоод манай хүүхдүүдийн ангийг нэг давхарт буулгаад өгөөч гэж гуйхад тухайн багш нь “Би энэ ангийг тохижуулсан. Би тэтгэвэрт гартлаа энэ ангидаа байна” гэсэн байгаа. Тусгай сургуулийн багш ийм үг хэлсэн гэхэд би гайхсан. Тусгай сургуульд хүртэл тэргэнцэртэй хүүхдэд зориулсан шат, цахилгаан шат байдаггүй. Уг нь стандартдаа нэгээс дээш давхартай цэцэрлэг сургуульд тусгай шат болон цахилгаан шат байх ёстой. Бүгд шаардлага хангаагүй орчинд сурч байна.


-Хуучин цэцэрлэгийнхээ хажууд оффист зарим хүүхдүүд нь байгаа гэж сонслоо.

-Хүнд хэлбэрийн согогтой хэдий ч сурах чадвар сайтай зарим хүүхдийг маань тусгай сургууль ч авсангүй, гэртээ хэвтэж байгаа. Яахав явж чадахгүй ч гэсэн интернетээр найзуудтайгаа чатлаад ч юм уу, сурах зүйлээ олоод сурч мэдэг л дээ. Уг нь баригдаж буй барилгын дэргэд үйл ажиллагаа явуулах хориотой. Гэхдээ баригдалгүй дөрвөн жил боллоо. Хэзээ ч баригдах нь тодорхойгүй юм чинь эдгээр хүүхдүүдээ гэрт нь байлгаад яахав гээд өрөвдсөн. Энэ жил хоёр бага ангийн багш шинээр авч ажиллуулж байна. Нэг багшид таван хүүхэд байх ёстой. Түүнээс илүү бол багш дийлэхгүй. Гэтэл одоогоор нэг багшид 10 хүүхэд ногдож байгаа учир зогсооё гээд зогсоохоор болж байх шиг байна.


Тус цогцолбор нь 1964 онд Эрүүл Мэндийн Яамны харьяа 0-3 хүртэлх насны хүүхдүүдийг асарч, хүмүүжүүлдэг 42 дугаар ясли нэртэйгээр байгуулагдаж байжээ. 1996 онд Нийслэлийн Засаг Даргын захирамжаар Нийслэлийн Боловсролын Газрын харьяанд шилжин тулгуур эрхтний согогтой хүүхдийн сувиллын ангитай Сувиллын Цэцэрлэг Яслийн 10-р цогцолбор нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах болсон байна.


Зураг болон бичлэгийг 10-р цогцолбор цэцэрлэгийн фэйсбүүк хуудсаас




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 жил [150.129.141.60]


arai ch dee