2017,9-Р Сар,15


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Төв талбайг зорьж "Төсөөллөө бүтээцгээе"

2 жил TIMES.MN

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч, хөгжсөний 96 жилийн ой, “Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ сарын 15-17-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд “ICT-Expo-2017” үзэсгэлэнг зохион байгуулж байна. 11 дэх удаагаа зохиож буй уг үзэсгэлэн энэ жил “Төсөөллөө бүтээцгээе” уриан дор болж байгаа бөгөөд өдөрлөгт нийслэлийн Мэдээллийн технологийн газраас оролцож буй юм.


Мэдээллийн технологид тулгуурласан өндөр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй, төр засгийн үйлчилгээ, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхэд уг үзэсгэлэнгийн зорилго оршдог бөгөөд хэнгэрэг цохиж тус үзэсгэлэн албан ёсоор нээлтээ хийлээ.


Уг мэдээлэл технологийн үзэсгэлэнд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг танилцуулахаас гадна Unitel-ийн хэрэглэгчид GG оноогоо ашиглан худалдан авалт хийх, халуун кофе уух гэх мэт олон төрлийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлж байна. 



Мөн энэ үеэр "Хур" төрийн мэдээлэл солилцооны системийг танилцуулсан юм.  Уг системийг нэвтрүүлснээр олон газраар явж цаасан материал бүрдүүлэх үйл явцыг халах бөгөөд төрийн болоод албан байгууллагын ажлыг хөнгөвчилнө. Ингэхийн тулд  хувь хүн болоод төр, албан байгууллагууд үнэн зөв мэдээллийн сантай болох нь хамгийн чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа. 



"Энэ удаагийн экспо олон талын ашигтай болж байна. Нэгдүгээрт, намар цаг болж байна. Энэ үед  хүмүүс болоод салбарынхны ажлын идэвхтэй үе байдаг. Салбарынхан идэвхтэй үед тухайн үйл ажиллагааг бусдад илүү сайн тайлбарлаж, олон хүнд түгээх боломжтой. Хоёрдугаарт энэ жил Төв талбайдаа болж байна. Дараагийн нэг онцлог бол бид төрийн мэдээллийн нэгдсэн сан байгуулж байгаа. Нөгөөтэйгүүр шинээр гарсан сүүлийн үеийн технологиуд олон байгаа. Манайх дэлхийн жишгээс хоцорсон зүйл байхгүй. Дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ, техник технологи байна" хэмээн Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адъяасүрэн хэлэв. 



Тус үзэсгэлэнд ШУТИС-ийн оюутнууд өөрсдийн бүтээсэн роботоор оролцож байгаа бөгөөд маргааш эхлэх шилдэг роботын тэмцээнд өрсөлдөх гэнэ. Эдгээр залуусын бүтээсэн робот бол хөл бөмбөг тоглодог робот аж. Нэг багт хоёр робот тоглох бөгөөд тусгай удирдлагаар удирддаг. 



Unitel компанийн GG-ээр худалдан авалт хийх хүсэлтэй иргэд нилээд урт дараалал үүсгэн зогссон байсан юм. Та 200 GG-ээр гар утасны бөгжтэй сүүлт, 300 GG-ээр USB авах боломжтой. Мөн сагс сайн тоглодог бол бөмбөг шидэж дата бэлгэнд аваарай. 


Олон сонин содон, шинэлэг технологоос хамгийн хэрэгтэй бөгөөд анхаарал татсан нь ЕБС-ийн бага ангийн Байгаль шинжлэлийн хичээлдээ ашиглах боломжтой бүтээгдэхүүн юм.


AR технологи нь ялган таних алгоритм дээр үндэслэсэн дэвшилтэт технологи ажээ. Энэ нь ухаалаг утас, таблет, компьютер зэрэг төхөөрөмжийг ашиглан хэвлэмэл материалыг аудио, видео болон 3D хөдөлгөөнт дүрслэлээр баяжуулан харах бөгөөд компьютерийн дүрслэлүүд нь бодит ертөнцийн нэг хэсэг болон харагдах юм. Хэвлэмэл ном, зураг дүрсийг хөдөлгөөнт байдлаар харж болох аж. Та өөрийн утсандаа энэ аппликйешныг суулгаснаар хэвлэмэл үлгэр, зураг дүрсийг аудио, видео болон 3D хөдөлгөөнт дүрслэлээр харах боложмтой ажээ. Энэ нь хүүхдийн төсөөлөн бодох чадвар, аливааг бодитоор дүрслэн харахад чухал нөлөөтэй технологи юм. Тус бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэе.



 


Уншдаг үлгэрийн ном: Уг жижигхэн хайрцагт 10 ширхэг карт байгаа бөгөөд та тус бүрийнх нь аппликейшн татаж аваад утасныхаа камерыг тухайн карт дээр тааруулахад үлгэр уншиж өгнө. Мөн тухайн амьтны дуу авиа гарах гэнэ. Карт бүрийн ард тухайн амьтантай холбоотой бяцхан мэдээлэл байгаа аж. 



Харин энэ бол Argun төвөөс гаргасан Flash. Дээрх сонирхолтой бүтээлүүдийг Argun төвийн Монгол залуус хийсэн бөгөөд хэрэв та сонирхож байвал тус байгууллагын 70007333 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.








Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.