Улс төр


Э.Бат-Үүл Улаан-Үд хотод айлчиллаа

4 жил, 5 сар TIMES.MN

 Э.Бат-Үүл ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод энэ сарын 3-6-ны өдрүүдэд албан айлчиллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод энэ сарын 3-6-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна.  Айлчлалын үеэр Э.Бат-Үүл ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын тэргүүн В.В.Наговицынд хандан цаг зав гарган хүндэтгэн хүлээн авсанд талархан хоёр орны эдийн засаг, соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн 2014 оноос эхлэн манай хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болж, иргэд, аж ахуйн нэгж байгууллага хоорондын харилцаа идэвхжиж, харилцан айлчлалын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаан-Үд хотод Улаанбаатарын соёл, мэдээллийн төвийг байгуулах саналтай байгаагаа уламжлав. Түүнчлэн “Монгол Улсын Засгийн газраас баталсан Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийллээ. ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын тэргүүн В.В.Наговицын энэ саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уламжласан байна.

Улаан-Үд хотын ойн арга хэмжээний нээлтэд үг хэлэв


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод албан айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр өчигдөр Улаан-Үд хотын 349 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ “Монголчууд бид хувьтай хүн хур борооноор гэж хэлдэг. Өнөөдөр Улаан-Үд хотын иргэд та бүхэн биднийг хур бороотой, халуун сэтгэлээр угтсанд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье. Та бүхэнд 349 жилийн ойн баярын мэнд хүргэе. Бид сайхан хотод сайхан амьдрахыг мөрөөддөг.Үүнийгээ ажил хэрэг болгоход Улаан-Үд хотын өнгөрсөн болон өнөөгийн хөгжлийн арвин баялаг туршлага, ажилч хичээнгүй иргэдийнх нь уйгагүй хөдөлмөрийн үр шим бидэнд үлгэр дуурайлал болж байдаг билээ.Улаан-Үд хотод болж байгаа Улаанбаатар хотын соёлын өдрүүдэд өндөр ач холбогдол өгч амжилттай явуулах нөхцөлийг бүрдүүлж, элгэмсэг хүндэтгэл үзүүлсэн Улаан-Үд хотын нийт ард иргэд, Буриад улсын Засгийн газар, Улаан-Үд хотын захиргаанд энд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн өмнөөс хувиасаа талархал илэрхийлье.Улаан-Үд, Улаанбаатар хотын ах дүүгийн харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, өөдлөн дэвжих болтугай.Та бүхний дэмжлэгтэйгээр Улаанбаатар хот хөгжиж чадна.Та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, баярын мэнд хүргэе” гэлээ. 

Улаан-Үд хоттой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Энэ өдрүүдэд түүхт 349 жилийн ойгоо тэмдэглэж буй Улаан-Үд хотод албан айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Улаан-Үд хотын дарга А.М.Голковтай уулзлаа.  Тэд “Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар  санал солилцож, санамж бичигт гарын үсэг зурав.  ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын дарга А.М.Голков “Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарт туршлага солилцох, зам дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах саналтай байгаагаа хэллээ. Мөн энэ үеэр Чингэлтэй дүүрэг, Улаан-Үд хотын Советский дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.


Улаанбаатар болон Улаан-Үд хотын бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн Улаан-Үдэд хийж буй айлчлалын багийн бүрэлдэхүүнд Монголын бизнесийн төлөөлөгчид багтсан билээ.Хотын даргын айлчлалын хүрээнд Улаан-Үд хотод зохион байгуулагдсан нэг томоохон арга хэмжээ нь хоёр хотын бизнесийн төлөөлөгчдийн дугуй ширээний уулзалт байлаа.  Уг арга хэмжээнд ОХУ-ын Буриад улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамны орлогч сайд Дагданова Юлия Григорьевна, Улаан-Үд хотын захиргааны Хүнс, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн газрын дарга Терешенко Светлана Анатольевна, Улаанбаатар хотын  Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа нар байлцав. Энэхүү уулзалтад Монголын хүнс, худалдааны томоохон үйлдвэрлэл эрхлэгчид, ОХУ-ын Буриад улсын мах, сүү, гурил, үр тариа үйлдвэрлэгчид болон худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцлоо.
Хоёр талын бизнес эрхлэгчид зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн түүний дотор улаанбуудай, гурил, мах махан бүтээгдэхүүнийг  харилцан экспортолж, импортлох  талаар тохиролцлоо.  Мөн Буриадын талхны үйлдвэртэй танилцаж, талх талхан бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгах технологийн горимтой танилцав.Түүнчлэн Буриад улсын хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Монгол Улс руу экспортлох талаар санал солилцлоо.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.