Нийгэм


П.Дамдин сайдыг СБД-ийн дарга нар хөөж гаргажээ

4 жил, 3 сар TIMES.MN

Ичиж амьдарцгаая

Б.ТӨГС

Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх ажлыг олон жил удирдан зохион байгуулсан Паавангийн Дамдин сайд өдгөө 84 насыг зооглож байна. Тэрээр 1960-1968 онд Аж үйлдвэрийн яамны сайд, 1968-1979 онд Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны сайд 1979-1990 онд МАХН-ын Төв хорооны аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн  нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ. Энэ хугацаанд Монголын томоохон үйлдвэр, аж үйлдвэрийн цогцолборууд байгуулагдаж байсан түүхтэй. Монголын 18 аймагт хүнсний үйлдвэр байгуулах их ажлыг санаачлан зохион байгуулж, өөрөө улсаас зардал гаргалгүй, хувийн зардлаар орон нутагт ажилладаг байсан энэ хүнийг танихгүй, мэдэхгүй, дуулаагүй хүн ховор байх учиртай юм. Өөрөөр хэлбэл, энэ улсын бүх үйлдвэрийн менежерийн ажлыг цалингүй хийдэг хүн байсан гэж салбарынхан нь түүнийг хүндэлдэг. Нам, засгийнхан, бизнесийнхэн элдэв арга хэмжээнд П.Дамдин сайдыг урьж оролцуулдаг, үгийг нь сонсдог.

 Гэтэл дарга нарт түүний үг шууд л таалагдаагүй тул хөөгдсөн нь тэр. Энэ явдал салбарынхных нь дунд нэлээд шүүмжлэлийг дагуулаад байна.  Сүхбаатар дүүргийн удирдлагууд уучлалт гуйх ёстой гэсэн байр суурийг тэд илэрхийллээ. 

Харин саяхан тэрээр саяхан 60 жил амьдарсан хороо, дүүргийнхээ Засаг дарга нарт хөөгдөн гарсан явдал болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн удирдлагууд иргэдийг хүлээж авах хурал зохион байгуулж, хороондоо хамгийн удаан амьдарсан өндөр настан П.Дамдин энэ хуралд очсон байна.  Иргэд санал хэлэх үеэр үнэнийг, өөрөөр хэлбэл “эсэргүү” юм ярьсных нь төлөө Сүхбаатар дүүргийн удирдлагууд П.Дамдин сайдыг танилгүй хоёр том залуугаар сугадуулаад хурлын танхимаас гаргаад тавьчихаж. Сайд уг нь ингэж хэлжээ. “Та нар дахин төлөвлөлт гэж яриад байна. Сүхбаатар дүүргийн төрийн байгууллагын аппарат хэр томорсныг мэдэж байна уу. Үүнийгээ ч гэсэн дахин төлөвлөөд жижигрүүлбэл яасан юм. АСЕМ-ийн уулзалтад зориулж 40 зочид буудал барихаас 22-ыг нь манай дүүрэгт босгох юм гэнэ. Та нар чинь сургууль, цэцэрлэг барих газаргүй болчихлоо гээд зарлаад байсан. Энэ буудлуудыг хаана шингээх гэж байгаа юм бэ” гэж асууж л дээ. Уг нь асуугаад, гарцыг нь давхар хэлж өгөхөөр бэлдэж байсан тухайгаа ч өөрөө ярьж байна. Гэтэл дарга нарт түүний үг шууд л таалагдаагүй тул хөөгдсөн нь тэр. Энэ явдал салбарынхных нь дунд нэлээд шүүмжлэлийг дагуулаад байна.  Сүхбаатар дүүргийн удирдлагууд уучлалт гуйх ёстой гэсэн байр суурийг тэд илэрхийллээ.

Тухайлбал, инженер Н.Нацагням “Энэ хүний босгосон баялагаар бид амьдарч байгаа шүү дээ. 1990 оноос хойш бид баялаг бүтээгээгүй. Инженер хүний хувьд болсон явдалд маш их харамсаж байна. Баялаг бүтээдэг хүн бүр П.Дамдин сайдыг мэднэ, танина. Бүх л салбарын хүмүүс хүндэлж хайрладаг. Түүний байгуулсан үйлдвэрүүдийн хүчээр л өнөөдөр бид амьдарч байна. Тиймээс зохисгүй зан гаргасан хүмүүс уучлалт гуйх хэрэгтэй” гэж бодлоо илэрхийлэв.

Дашрамд дурдахад П.Дамдинг Аж үйлдвэрийн яам болон Хөнгөн ба хүнсний  үйлдвэрийн яамны сайд, МАХН-ын Төв хорооны аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед Налайх, Шарын гол, Адуун чулуут, Багануурын нүүрсний уурхай, Улаанбаатарын 2,3,4-р цахилгаан станц, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотын цахилгаан станцууд ашиглалтанд орсон байна.

Мөн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Бор-Өндөрийн Жоншны үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Улаанбаатар, Дархан, Чойбалсангийн Мах комбинат, Улаанбаатар, Дархан, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгуудын Гурилын комбинат, Улаанбаатар хотын Талх, чихрийн комбинат, “Архи пивоны үйлдвэр, Зүүнхараагийн Спирт бал бурмын үйлдвэр, Улаанбаатар, Дархан хот болон  бүх аймгуудын  хүнсний үйлдвэрүүд, Нэхмэлийн үйлдвэр, Эсгий, эсгий гутлын үйлдвэр, Сүлжмэлийн үйлдвэр, Ээрмэлийн үйлдвэр, Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах туршилтын үйлдвэр, “Говь” комбинат, Нэхээсгүй эдлэлийн үйлдвэр, Улаанбаатар хот болон Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэр, Улаанбаатар хот, Эрдэнэт, Дорнодын Хивсний үйлдвэр зэрэг ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүд, Хонины арьс боловсруулах Шевретийн үйлдвэр, Ямааны арьс боловсруулах Шевроны үйлдвэр, Том ширний үйлдвэр, Савхин эдлэлийн үйлдвэрүүд, Гутлын үйлдвэр, Үслэг эдлэлийн үйлдвэр, Оёдлын фабрик, Хүүхдийн хувцасны үйлдвэр, Гэр ахуйн бүтээгдэхүүний оёдлын үйлдвэр, Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэр зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрүүд ашиглалтанд орж байсан билээ.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.