TIMES Ярилцлага


Б.Даваажав: Мэргэжлийн боловсролын дадлагыг гадаад хийх боломж нээгдсэн

3 жил TIMES.MN

Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэр урлалын Политехникийн коллежийн захирал Б.Даваажавтай ярилцсанаа хүргэж байна.




-Юуны өмнө сургуулийнхаа талаар танилцуулаач?


-Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган сургуулиуд нэг  Үйлдвэр урлалын политехникийн коллеж маань 1995 оны 11 сарын 3-ний 175 тоот тогтоолоор Энэтхэг улсэн Ерөнхий сайд асан Ражив Гандигийн нэрэмжит болсон. Түүнээс хойш Үйлдвэр урлалын политехникийн коллеж гэхээсээ илүү Гандийн нэрэмжит сургууль нэрлэгдэх болсон. Өнгөрсөн жил түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэлээ.  Манай сургууль тодорхой чиглэсэн мэргэжлүүдээр сургалт явуулдагаараа онцлог. Өнгөрсөн жилүүдэд Энэтхэг улстай хамтран ажиллаж, 2 шатны төсөл хэрэгжүүллээ. Энэтхэг улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2.8 сая ам.долларын сургалтын тоног төхөөрөмжийг  хүлээн авч сургалтандаа өдөр тутам хэрэглэж байгаа. Ингэснээр манай оюутнууд орчин үеийн дэлхийн шилдэг технологитэй мөр зэрэгцээд алхаж чадаж байна.


Энэ сургуулийн үйл ажиллагаа сайн байгаа нь урьд ажиллаж байсан багш ажилчид,  эрдэмтэн мэргэд, удирдлагуудын сэтгэл шингэсэн хөдөлмөрийн үр шим гэж би боддог. Тиймээс энэ сургуулийн захирал хийж, бодлого чиглэлийг нь үргэлжлүүлж яваадаа нүүр бардам явдаг. Яагаад гэвэл миний үндсэн мэргэжил багш. Багш мэргэжилтэй хүн боловсролын байгууллагын удирдлага хийгээд явна гэдэг багш болгонд олдохгүй боломж.  Би багш хүн сургуульдаа ямар сэтгэлээр  хандах ёстойг өдөр бүр харуулах гэж хичээж эрхэмлэж ажилладаг.  Бид мэргэжилтэй ажилтанг сурган хөдөлмөрийн  зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийлүүлдэг. Гэхдээ зүгээр нэг мэргэжилтэй ажилтан бэлтгэхээсээ илүү  мэргэжлээ зөв сонгосон,  мэргэжилдээ үнэнч, ур чадвартай  байх нь амьдралын баталгаа болно гэж үзсэн. Энэ бодлогоор хүүхэд мэргэжлийн ур чадвартай байж болно.  Хөдөлмөрийн зах зээлд  очихдоо харин мэргэжилдээ үнэнч,  ур чадвартай, сэтгэлтэй байх хэрэгтэй. Ингэж байж хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн төлөвшсөн иргэн байна. Сургууль бол мэргэжил олгохоосоо гадна төлөвшүүлдэг газар. Энэ сургуулийн зорилго, сургалтын хэтийн төлөв бодлого нь хүүхдийг төлөвшүүлэх. Хожим нь  5-10 жилийн дараа төлөвшсөн иргэн амьдрал дээр хэрхэн биеэ авч явах, өрх гэрээ авч явах зэрэгт бэлтгэх нь чухал тул суурь төлөвшилд анхаардаг. Энэ манай сургуулийн эрхэм нууц .


-Оюутнуудыг төлөвшүүлэхэд чиглэсэн ямар ажил хийгдэж байна. Төлөвшсөн иргэн болоход нь илүү их анхаардаг гэсэн үг үү?


-Тиймээ. Хүн байх их чухал. Төлөвшсөн иргэн  болгохын тулд бид сургалтын төлөвлөгөөгөө өөрчилж байна. Мэргэжлийн боловсролын салбарын сургалтын төлөвлөгөөнд Сингапураас орж ирсэн чадамжинд суурилсан сургалтын хөтөлбөр, Германаас оруулж ирсэн сургалтын хөтөлбөрүүдийг их түлхүү ашиглаж ирсэн. Гэхдээ гол нь манай монголын хөрсөнд зохицож байна уу үгүй юу гэдэг нь чухал. Сингапур ч, Герман ч байсан хүн. Тиймээс Монголын өв соёлд тохирсон сургалтын төлөвлөгөөг бид хийх ёстой юм байна. Хүн төлөвшүүлэх сургалтын төлөвлөгөөг хийж, харилцаа мэдлэгт суурилсан, бүх уламжлалыг багтаасан монгол хэл бичиг зэргийг хийж байж дараа нь бид мэргэжлийн ажилтнуудыг бэлтгэх юм байна гэж дүгнэсэн. Шинэлэг дэлхий даяарчлагдсан энэ цагт гадны шинэлэг шилдэг сургалтын төлөвлөгөө, туршлагыг авч ашиглалгүй л яахав. Тэгэхдээ бид монгол уламжлал дээр суурилсан, монгол хүнд тохирсон сургалтын төлөвлөгөөг хийсэн. Одоо батлуулна. Батлагдсаны дараа Монгол Улс даяар бусад сургуулиуд хэрэгжүүлж, мөрдөх боломжтой. Энэ сургалтын төлөвлөгөөг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсролын газраас батална. Эхлээд манай сургуульд хэрэгжиж, бусад төрийн өмчийн болон төрийн өмчийн бус сургуулиуд нэвтрүүлэх болов уу.


Үүгээрээ манай мэргэжлийн боловсролын манлай сургууль ийм боллоо гээд сургалтын төлөвлөгөөндөө ороод хүүхдийг мэргэжилтэй ажилтан болгоод гаргах юм. Энэ бодлогын хүрээнд бид гадаад харилцааг илүү өргөжүүлэх хэрэгтэй юм байна гэж үзсэн. Би сүүлийн 2 жил гаруй хугацаанд энэ сургуулийн захирал хийж байна. Судалсан бодсон юм байсан. Энэ жилээс ажил хэрэг болоод эхэллээ. Юу гэвэл бид хүүхдийг нээж өгөх ёстой. Ганцхан  сургуульд дээрээ “хүн болгох” гэж зангидаад байх биш гадагшаа сургуулиудад сургая. Мэргэжлийнх нь чиглэлээр  өсөх ирээдүйтэй дараагийн шатны  сургуулиудад явуулья гээд судалж гадаад харилцааг нилээн өргөжүүллээ. Оюутан хүүхдүүд өөр сургууль дээр очиж өөр технологи хэрэглээд,  өөр тоног төхөөрөмж дээр дадлага хийснээр мэргэжилдээ илүү мэргэшинэ гэсэн үг. Тэд хоёр сургуулийн ялгааг дүгнэж цэгнэнэ. Өөрийнхөө хэм хэмжээг мэддэг болно. Амьдралд яаж бэлтгэгдэж байгаа нь харагдана. Хожим нь Гандийн нэрэмжит сургуулийг төгссөн хүүхэд амьдралд бэлтгэгдсэн, юмны ялгааг тайлдаг залуус болох ёстой.


-Гадаад харилцааны хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа вэ?


-Өнгөрсөн жилээс яригдсан гадаад харилцааны ажлууд энэ жилээс хэрэгжээд эхэлсэн. Тухайлбал, өнгөрөгч гуравдугаар сарын 18 ны өдөр БНСУ-ын Кангён их сургууль, Эмэгтэйчүүдийн их сургуульд манай гурван оюутан 6 сарын хугацаанд үнэ төлбөргүй сурахаар явсан. Энэ хүүхдийн нэг нь сургуульдаа багшаар үлдэхээр зорьсон тул дэмжиж хөгжүүлж сургалтанд явуулсан юм. Сургалтын төлбөрийг нь чөлөөлж байна. Энэ бол Монгол Солонгосын харилцаа сайн байгаагийн илрэл.  Сая би өөрөө БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Шилийн гол аймагт очиж Ажил мэргэжлийн дээд сургуультай манай сургууль урьд нь хамтран ажиллаж байсан харилцааг үргэлжүүлэн сэргээх талаар ярилцаад гэрээнд гарын үсэг зураад ирсэн. Одоо бид 4 сарын 21-нээс сийлбэрийн ангийн 125 оюутныг өөрийнхөө сургууль дээр үнэ төлбөргүй сургаж, монгол сийлбэрчин мэргэжлээр 30 хоногийн сургалтанд хамруулах гэж байна. Зөрүүлээд оёдлын ангийн 15 оюутнуудыг дадлага хийлгэхээр явуулах гэж байна. Өвөрмонголын Өөртөө засах орны Зүүн үзэмчин хошууны Ажил мэргэжлийн дээд сургуультай ярьж оюутнуудыг дадлага хийлгэж оёдлын багш болгох гэж байна. Үргэлжлүүлээд зургаадугаар сард үсчин гоо сайханчдыг бэлтгэдэг  багш нар Зүүн үзэмчин хошууны Ажил мэргэжлийн дээд сургуульд нэг сарын хугацаатай  багшлах байдлаар ажиллана. Мөн авто засвар гагнуур, цахилгаан хэрэгслийн засварчин мэргэжлийн чиглэлээр Шилийн гол аймагт 60 оюутан бэлтгэнэ. Есдүгээр сард авто засварын чиглэлээр 40, гагнуурчны мэргэжлээр 40 оюутныг тус бүр 1 жилийн үнэ төлбөргүй сургалтад явуулах гэж байна. Энэ нь 2.5 жил сураад 12 сард төгсдөг оюутнуудыг үргэлжлүүлж 1 жилийг нь гадаадад сургаад хос гэрчилгээтэй төгсгөж эхлэх юм. 


-Суралцагчдын амжилт хэр байна. Дотоод болон гадаадын мэргэжлийн ур чадварын тэмцээн уралдаанд танай сургуулийн оюутнууд идэвхитэй оролцдог шүү дээ?


-2015 онд Бразилын Сан-Паула хотод болсон Дэлхийн ур чадварын тэмцээнд манай хүүхдүүдээс үсчин гоо сайхан чиглэлээр ороод ирсэн. Энэ нь монголчууд ур чадварын хувьд дэлхийд өрсөлдөх чадвартай гэдгийг харуулсан. Өнөөдөр ур чадвартай  ажилтнуудыг бэлтгэж чадаж байна уу, чадаж байна. Тэгэхээр бид  суурь хүмүүжлийг нь сайн тавьж өгөх ёстой. Төлөвшсөн ур чадвартай ажилтан байж гэмээнэ Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулсан, өөртөө итгэлтэй, тууштай мэргэжилтэн байна гэж бодож, төлөвлөөд сургалтандааа анхаарч хэрэгжүүлээд явж байна.


Энэ дөрөвдүгээр сарын 11-12 нд дөрвөн оюутан маань ОХУ-ын Эрхүү хотод “Байкаль 2017” нэртэй Үсчин гоо засалчдын тэмцээнд оролцохоор явна. Бид хүүхдүүдэд  гадаад ертөнцийг нээхээр зорьж байна.


Мөн ирэх есдүгээр сард манай үсчин гоо сайхны мэргэжлийн хоёр багш Франц улсад болох Мэргэжлийн үсчин, гоо засалчдын Дэлхийн аваргын тэмцээнд оролцох гээд бэлтгэлдээ орсон байгаа.


-Хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудын сурах орчин ямар байдаг вэ?


-Манайх 300 оюутны дотуур байртай. Үнэ төлбөргүй, цэвэрхэн,  тохь тухтай амьдардаг. Сургуулийн байртай залгаа, хашаан дотор байдаг учраас харьцангуй тайван.  Харуул хамгаалалттай. Манай мэргэжлийн боловсролын салбарт мэргэжлийн боловсрол, техникийн боловсролын салбар гэж хоёр сургалт  явагдаж байгаа. Нэг нь суурь боловсрол дээр үндэслэдэг.  Суурь боловсрол гэдэг нь 9 дүгээр ангиа төгсөөд ирж байгаа  хүүхдүүдэд хамаатай. 2.5 жил сураад Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон Мэргэжилтэй ажилтны үнэмлэхтэй төгсөнө. Нөгөө нь хөдөө орон нутагт 2.5 жил суралцаад ирсэн хүүхэд илүү мэргэших гэж зорьж ирдэг. Өнөөдөр үсчин, гоо сайханч мэргэжлээр Монголын № 1 мэргэжилтэнг бид бэлтгэн гаргаж байгаа. Яагаад ингэж бардам хэлж байна вэ гэвэл өнгөрсөн оны 12 дугаар сарын 5 нд болсон Монголын мэргэжлийн үсчин гоо засалчдын  тэмцээнд манай 11 оюутан медаль авсан. Энэ бол том амжилт юм. Мэргэжлийн үсчин гоо ззасалчидтай манай хүүхдүүд өрсөлдөж амжилт гаргасан. Үүнийгээ 2017 ондоо бататгана. Энэ амжилт сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт хийсэн. Дэлхийн ур чадварын тэмцээн дэлхийн аваргад яваад ирсэн багш нарыг бид цагаар багшлуулсан. Үр  дүн гарч  манай хүүхдүүд үсчин гоо засалчдын тэмцээнд ийм амжилт гаргалаа. Тиймээс Монголын үсчин гоо засалчдын хөгжил, мэргэжлийн чиг хандлагыг Үйлдвэр урлалын коллежгүйгээр төсөөлөхийн аргагүй юм байна гэдгийг маш сайн ухаарсан. Тийм болохоор бид энэ амжилтаа улам бататгах үүрэг хариуцлага оногдсон гэдгийг ухамсарласан.


Амжилттаа бататгах гэж багш нараа Дэлхийн аваргын тэмцээнд явуулж юм үзэж, нүд тайлж ололт амжилтыг авчирах байх гэж бодож байна. Би сургуулиа нарийн мэргэжлийн сургууль гэж хэлмээр санагддаг. Бид үсчин гоо засалч, монгол дархан, оёдол, үнэт эдлэлийн дархан, зураач чимэглэхүй гээд дандаа мэдрэмж ур чадвар шаардсан  мэргэжилээр элсэлт авч мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг. Үсчин гоо засалчдын чиг хандлага өнөөдөр дэлхийн түвшинд өдөр тутум өөрчлөгдөж байна. Нөгөө талаар үсчин гоо засалчаас үйлчлүүлэгч үйлчилгээ аваад ердөө 2-3 минутын дараа л нийгмийн харилцаанд ороод явдаг. Хүний гоо сайхантай шууд холбоотой учраас өндөр соёлтой өндөр мэдрэмжтэй, өндөр хариуцлагатай мэргэжил гэж  би хардаг. Дээл гэхэд дэлхийн хамгийн сонгодог, үнэтэй хувцас. Дэлхийн баячууд костюмыг зөвхөн өөртөө зориулаад хийлгэдэгтэй адил хамгийн үнэтэй хувцсыг монголчууд өмсөж байдаг. Энэ бол яах аргагүй монголын ард түмний өв соёлтой холбоотой. Монголчууд зөвхөн өөртөө зориулж хэмжээ өгч дээл оёулдаг. Энэ өв соёлыг өвлүүлж байгаа нь нарийн мэргэжлийн ур чадвар шаардсан ажил юм.


-Удахгүй хичээлийн шинэ жил дуусч ахлах ангийн төгсөгчид хуульч, эдийн засагч болно гэж өндөр төлбөртэй сургууль сонгодог. Гэтэл сонгосон мэргэжлээ үнэхээр зөв байсан уу гэж эргэлзэх тохиолдол цөөнгүй гэрдэг. Энэ талаар төгсөх ангийн хүүхдүүдэд  хандаж хэлэх үг. 


-Би 30 гаруй жилийн өмнө дунд сургуулиа төгсөөд Цэргийн хүн болно гэсэн мөрөөдөлтэй байсан. Гэхдээ би цэргийн хүн болоогүй багш болсон. Үүнтэй адил зорилгодоо хүрэх гэж шууд цэргийн хүн болоогүй ч гэсэн би багш болоод энэ сургуулийн  захирал хийж байгаалдаа туйлын сэтгэл  хангалуун байдаг. Айл бүхний гэрт оёдол байна уу байна, сийлбэр байна уу байна. Энэ монгол ахуйтай холбогдсон мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг сургуульд заадаг болгон айл бүхэнд хэрэгтэй. Үсээ өглөө бүхэн үсчин шиг янзалдаггүй юм аа гэхэд үсээ янзлаад гардаг. Эмэгтэй хүн өглөө бүр гоо сайханд очиж нүүрээ буддаггүй ч  нүүрээ гоёод л гардаг. Өдөр тутмын хэрэглээнд байдаг энэ ур чадварыг хүн бүр эзэмшээсэй. Хэрвээ миний бодлоор болдог бол есдүгээр анги төгссөн хүүхэд 2.5 жил манай сургуульд сурч, бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй, сонирхсон мэргэжлийн ур чадвараа эзэмшээд дараа нь амьдралынхаа мэргэжлийг сонгодог байвал. Айлын сайхан хань боллоо дээлээ сайхан оёод өгчихдөг. Үсчин гоо заслаар дэлхийн ур чадварын тэмцээнд орохгүй ч өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгочихдог. Дараа нь өөр ажил мэргэжилтэй болоход энэ талын мэдлэгийг  мэргэжлийн түвшинд мэдсэн байх нь өндөр ач холбогдолтой. 2.5 жил сураад дунд сургуулиа төгссөн гэрчилгээтэй,  мэргэжлийн үнэмлэхтэй хамт олондоо, гэр бүлдээ гологдохгүй байх нь эрхэм хүний чанар гэж би боддог. Тэгээд ч 2.5 жил төгсөөд техникийн боловсролын дипломтой төгсөөд цаашдаа их дээд сургуульд шилжин суралцах боломж нээлттэй болсон. 2016 оны 2 сарын 4 нд баталсан Мэргэжлийн боловсролын сургалтын тухай хуулинд өөрчлөлт орж, “...Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политекникийн коллежийн техникийн боловсролын дипломтой төгссөн төгсөгч кредит цагийг дүйцүүлэн тооцоод, дотоодын болон гадаадын  их дээд сургуулийн 2-3 дугаар курсээс суралцаж болно” гэсэн  журам гаргасан. Бид энэ хүрээнд Монголын Үндэсний дээд сургуультай гэрээ хийгээд ажиллаж байгаа. Техникийн боловсролын дипломтой төгссөн төгсөгч гэж хязгаарлахгүйгээр 2.5 жил сурсан төгсөгчийг 1 курсын  2 дугаар семистрээс элсүүлэн суралцуулья. Нэгэнт мэрэгжлийн чиг баримжаагаа энд авчихсан учраас дараагийн мэргэжлээ хүн сонгоод явна. Тухайлбал, манайд цахилгаанчин, гагнуурчин мэргэжлээр дадлага хийж лабораторид суралцсан оюутан цахилгааны инженер болохоор Үндэсний дээд сургуулийн 1 курсын 2 дугаар улирлаас үргэлжлүүлэн суралцаад явах юм. Дадлага сайн хийсэн хүүхэд онолын мэдлэгийг их дээд сургуулиас авч үнэхээр төгс инженер болон бэлтгэгдэнэ. Энэ нь хүүхдэд хугацааны хувьд хожилттой, эдийн засгийн хувьд ч ашигтай. Өнөөдөр Монгол Улсад үнэ төлбөргүй сургууль ховор. Их дээд сургуулиуд төлбөртэй гэтэл манай сургууль ямар ч төлбөргүй. Мэргэжлийн боловсрол олгодог хувийн сургуулиуд руу хүүхдүүд хошуурч байна. Алийг нь ч сайн муу гэхгүй гэхдээ манай сургууль Монголын топ сургууль. Сургуулиа зөв сонгоорой л гэж захимаар байна.


 -Танай сургуульд элсэн суралцахын тулд хүүхдүүд юуг бэлтгэх ёстой вэ?


- Бид нар хүүхдийг бүртгэнэ, судлана, шалгалт авна.  Тухайлбал, үсчин гоо засалчаар суралцах гэж байгаа бол суурь шалгалт нь зураг. Зураг сайн зурж чаддаг байвал бид сонгоно.


-Элсэлтийн комисс орон нутгаар явах уу, эсвэл зөвхөн сургууль дээрээ бүртгэж авах уу?


-Хөдөөгүүр элсэлт авдаг. Гэхдээ манай сургуульд нэг онцлог бий. Хөдөө орон нутагт  2.5 жил Мэргэжлийн  сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсан хүүхдүүд голцуу манайх руу шат ахиж ирдэг.  Мөн манай сургуулийн төгссөн мэддэг хүмүүс ах дүү танил талдаа хэлж, ур чадвараа харуулдаг. Тэр нь сурталчилгаа болчихдог учраас голдуу мэддэг хүмүүс л зорьж ирдэг юм.


-Төгсөгчдийн ур чадвар, боловсрол мэдлэг хүмүүст хүрч байна гэсэн үг үү ?


-Тийм, тэр чинь л бидны ажлын үр дүн. Тэрний үр дүнд л элсэлтээ аваад явж байна. Ер нь жил ирэх тусам Монгол Улсын хэмжээнд Мэргэжлийн боловсролын сургуульд элсэгчдийн хамгийн өндөр тоог манайх эзэлж байна. Эрэлт хэрэгцээ өсөж байгаа нь сайхан байна. Авто засвар, цахилгаанчин, гагнуурчин нийгэмд эрэлт хэрэгцээ их байдаг тул намар шинэ анги нээх талаар ч яригддаг. Одоо улам их болно гэж бодож байна. Яагаад гэвэл,  бид түр хугацааны болон жилийн урт хугацааны сургалтуудыг гадаадад хийж  байна. Ингэснээр  төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд яах аргагүй бэлтгэгдэсэн ажилтан болон гарах учраас эргэлзэх энэ зүйлүүдийг эхлүүлээд байна. Тухайлбал, саяхан БНХАУ -д очиж  Мэргэжлийн боловсрол олгодог сургуулиудыг үзлээ. Манайд байгаа өндөр үнэтэй тоног төхөөрөмж нэг танхимд 7-8 байна. Манайд 1 л байгаа. Гэхдээ манай багш нарын ур чадвар  хятадуудаас илүү байна. Тэрүүгээрээ монгол хүний дасан зохицох чадвар харагддаг.  Манайхан ханз үсэг л биш гадаад хэл дээрх зааварчилгааг тайлж уншиж, учрыг нь олоод байна. Орос хэл дээр бол бүр ч илүү тодорхой уншина. Техниктэй харьцах  сэтгэлгээ нь илүү задарсан гэж болно. Тийм учраас манайхан ур чадварын хувьд илүү байна.


-Улс эх орныхоо нэрийг гаргасан мэргэжилтэй боловсон хүчнүүдийг бэлтгэж байгаа багш нарынхаа ур чадварыг хэрхэн сайжруулдаг юм бэ?  


-Тэгэлгүй яахав. Багш нар их чухал. Багш нарын хувьд 10-15 жил тогтвор суурьшилтай ажилласан хүмүүс байгаа. Бид оюутнууд амарсан хугацааанд  тасралтгүй суралцдаг. Жишээлбэл, харилцааны соёл, төрийн албаны тухай хууль зэрэг бусад олон чиглэлээр сургалтанд хамрагддаг. Хамгийн сүүлд лам авчирч гэгээрэх тал дээр нь ном уншуулсан. Бурханы ном биш гэгээрэх, энэрэн нигүүлсэн талаар лекц явуулсан. Багш нар сурагч болоод үзэхээрээ би нээрээ гэж боддог. Түүнчлэн Энэтхэг улсын Засгийн газартай хамтарч тэтгэлэгтэй сургалтад жилд 3 хүн  заавал явуулж, ажил мэргэжийн сургалт  дадлагыг тус улсад хийлгэдэг. Бодлогын түвшинд сургуульдаа багшаар үлдээх зорилгоор гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад оюутан байхад нь дэмжиж явуулах зэргээр багш нарыг бэлдэж байна. Энэ манай сургуулийн амжилттай сайн байхын гол нууц л даа.




-20 гаруй жилийн өмнө “ТМС” гээд нийтэд нь нэрлэж хамгийн болохгүй бүтэхгүй хүүхдийг сургахаар явуулдаг. Гэр бүлийнхэн нь мэргэжилтэй болгочихсон байхад учир нь олдох байгаа гэж боддог жишиг тогтсон байсан. Өнөө цагийн хүүхдүүдийн хувьд мэдлэг боловсрол харилцаа хандлага ямар байна вэ?


-Хүүхдүүд нялх байна. Гэхдээ би бас л 15-16 настай оюутан болоод Улаанбаатарт ганцаараа ирж байсан. Тэгж бодохоор нялх биш ч юм шиг. Гол нь хүүхдүүдийн нийгмийн түвшин янз бүр байна. Амьдралын бололцоотой, мэргэжил эзэмшихээр зорьж ирсэн хүүхэд байна. Төлбөрөөс болоод юугаа ч мэдэхгүй ирсэн хүүхдүүд байна. Өнчин ядуу хүүхэд байна. Манай багш нар намайг ирэхэд “наад хүүхэд чинь өнчин” гэж их хэлдэг байсан. Би өөрөө өнчин өссөн учраас “өнчин” гэж хэлүүлэх  дургүй. Би тэр үед “Та нар битгий өнчин хүүхдүүдийн араар орж  нуугдаж тоглоод бай. Та нарт хариуцлага гэж нэг юм байх ёстой. Өнчин хүүхэд архи уудаггүй юм. Хувцас нь хиртэй явдаггүй юм. Яагаад гэвэл би тийм байсан. Өнчин хүн цатгалан байдаггүй.  Дандаа юм бодож явдаг. Тийм болохоор та нар наад үгээ дахиж битгий хэл” гэж хэлснээс хойш манайхан огт өөр болсон.  Эхэндээ энэ худлаа ярьж байгаа байх гэж гайхсан байх. Одоо тэр тухай ярьдаг хүн  байхгүй болсон. Ер нь өнчин хүн архи уухгүй, гадуур тэнэх боломжгүй, ходоод нь дандаа дүүрэн явдаггүй учраас элдэв асуудалд оролцдоггүй. Би хүүхдүүдээ хараад оюутны ширээнд очсон мэт санагддаг. Энэ хүүхдүүд дотор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар явж байхыг үгүйсгэхгүй. Хүүхдүүдтэй зөв  боловсон харьцах хэрэгтэй. Магадгүй нэг айлын сайн хань, айлын сайхан аав болод 5-10 жилийн дараа надтай амьдрал дээр таарна шүү дээ. Мундаг шилдэг Монголын топ хүмүүс болохыг хэн байг гэх юм. Жишээлбэл, Төрийн сүлд зурсан төрийн шагналт зураач Ц.Ойдов гуай манай сургуулийн төгсөгч. Түүн шиг мундаг хүмүүс төрөн гарна гэдэгт итгэлтэй байдаг. Тийм учраас нийгмийн давхарга хамаагүй, бүгд сайн байх албагүй. Тэр дотроос нийтлэг олныг нь бид төлөвшүүлэх хэрэгтэй. Нийтлэг олныг нь юманд хүргэх ёстой. Аль олныг хамруулж чадаж байна, тэр нь бидний ур чадвар.


-Төлөвшил гэдэг бол хандлага гэж бодож байна. Тиймээс оюутнуудаа төлөвшүүлэх, сэтгэл зүй, харилцаа хандлагын талаарх хичээл ээл хэр ордог вэ?


-Орно, оролгүй яахав. Ер нь гэр бүлийн хүмүүжилээр хандлага ямар байгаа нь тодорхойлогддог. Энэ хандлага дээр үндэслэн бид төлөвшүүлэх гэж байна. Би энэ ард байгаа ханан дээр монгол бичгээр “Мэргэжлээ зөв сонгосон. Мэргэжилдээ үнэнч, ур чадвартай байх нь амьдралын баталгаа юм” гээд хэн нэгэн хүний зураг тавьсангүй өөрийн үг бодлыг бичсэн. Мэргэжлийн сургуулийн хүн ийм л байх ёстой гэж. Тэгэхээр хандлагыг бид яах ёстой юм. Энэ төлөвшилийг бид монгол хэлний хичээл дээр “Энэ миний сургууль” нэртэй эссэ бичүүлдэг. Урд нь зохион бичлэг бичдэг л байсан. Мэргэжлээ хэрхэн зөв сонгосон тухай. Сонгосон мэргэжилдээ үнэнч байх тухай. Мэргэжлийн урччадвартай байх тухай. Хамгийн сүүлд нь энэ бүхэн нэгдээд амьдрал нь ямар байх вэ гэдгийг бичүүлдэг.  Ингээд хүүхдүүд аяндаа мэргэжилдээ үнэнч дуртай, сургуульдаа хайртай болно. Дараа нь энэ сургуулийн дуу нь ямар байх ёстой юм. Эссэ бичээд, дууныхаа тухай мэдээд хүүхдүүдийн хандлага төлөвшил нь тогтдог. Тэрнээс биш чи ийм байх ёстой гэж хүчээр заавал өнөөдөр зааварлах боломжгүй. Яагаад гэвэл өнөөдөр цахим ертөнц ямар байгаа билээ, мэдээлэл ямар байна. Юмыг амар хялбараар хийдэг болсон  байна. Цаасан дээр  бичихээс илүү компьютер дээр бичдэг болсон. Цаасан дээр ажил хэрэг төлөвлөөд ирдэг хүн ховор болсон байна. Ийм үед ингэх нь илүү зөв юм байна гэж сургуулийн сургалтын төлөвлөгөөндөө оруулсан. Энэ бол манай сургуулийн бодлогын давуу тал юм.


-Ярилцсанд баярлалаа.

П.Нарандэлгэр

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 жил [202.55.191.76]


гадаадад байлгүй. Худлаа шоучин_ Энэ сайтаас өөр энэний ярилцлагыг гаргах сайт байхгүй,


Зочин    3 жил []


Мундаг юмаа, захирлаа та шүү, таны дараа би шүү