Улс төр


2016 оны үндсэн чиглэл батлах тухай тогтоолыг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

4 жил, 7 сар TIMES.MN

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.08.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлын санал хураалтаар үргэлжилж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд  77,2 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

 

Үүний дараа Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нар танилцууллаа.

Хууль санаачлагчаас нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлд олон улсын стандартыг мөрдүүлэх, эдийн засгийн өсөлт, төсвийн орлогыг хангахад нягтлан бодох бүртгэлийн үүргийг нэмэгдүүлэх, санхүүгийн тайланг тайлагнах үед бизнес эрхлэгчдэд учирч буй хүндрэлийг бууруулах, аудитын байгууллага, аудиторт тавих шаардлагыг өндөржүүлэх, аудитын үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжиж, тэдгээрийн үйл ажиллагааны чанарт хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

 

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Батзандан, Д.Ганхуяг, Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан, Д.Батцогт нар асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, бизнес явуулахад хамгийн их хүндрэл учруулдаг асуудлын нэг бол нягтлан бодох бүртгэлийн асуудал байдаг. Жижиг аж ахуйн нэгж дээр улирал тутам тайлан гаргаж аудит хийхэд хамгийн их зардал гардаг талаар дурдаж, хууль батлагдсанаар ямар хөнгөлөлт бий болохыг тодруулсан юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хариултдаа, өмнө нь бүгд ижил стандартаар аудит хийж нягтлан бодохын тайлан гаргадаг байсан. Жижиг компаниудын хувьд хялбарчилсан байдлаар тайлан гаргадаг болох зарчим руу шилжиж байгаа. Ингэхдээ жилд хоёроос доошгүй удаа электроноор хяналт тавих боломж нээгдэнэ. Өөрөөр хэлбэл жижиг компаниудад тулгардаг хүнд суртал багасах дэвшил гарч байгаа гэсэн тайлбарыг өгөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан асуултдаа, компаниуд ихэнхдээ хоёр баланс хөтөлж явдаг. Хууль батлагдсанаар хоёр баланс хөтөлж байгаа компанийг илрүүлэхгүй бол тухайн аудиторт ямар хариуцлага хүлээлгэх асуудлыг хөндсөн. Аудитын компани тухайн компанийн албан ёсны тайлан дээр дүгнэлт гаргадаг учраас давхар тайлан байгаа эсэхийг тодруулах, хариуцлага тооцох асуудал байхгүй. Давхар тайлан гэж яригддаг онцлогтой асуудал нь татварын тухай хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилттэй холбоотой гарч ирж байгаа зохицуулалт. Тийм учраас Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулиудыг маш богино хугацаанд баталж гаргах хэрэгтэй гэсэн хариултыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өглөө.

Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн А.Бакей үг хэлсэн бол дэмжих боломжгүй гэсэн байр суурьнаас үг хэлэх гишүүд байсангүй. Байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 75 хувийн саналаар дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01/-ийг хэлэлцлээ.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нар тус тус танилцууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн талаар байнгын хороо санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзжээ. Мөн хуралдаанаар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүдийн олонх нь дэмжээгүй байна.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Ё.Отгонбаяр, Н.Энхболд, Л.Энх-Амгалан, Д.Ганхуяг, Ц.Нямдорж нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс гурван жил хийгээгүй том том төслүүдийг одоо хийнэ гэж байхгүй. Иймд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед хямралыг даван туулах, эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Улсын Их Хурлаас гаргасан дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлт бий болсноор ажилгүйдэл багасна. Аливаа хөтөлбөр юуны түрүүнд юу хийхээ төлөвлөж, түүнийгээ яаж гүйцэтгэх төлөвлөгөө гаргадаг гэдгийг хэлж байсан юм. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж дууссанаар өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.