TIMES Ярилцлага


А.Цогцэцэг: Донорын хуулийн шинэчлэлээр эерэг үр дүн дэвшил гарна

3 жил TIMES.MN

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй Донорын тухай хуулийн талаар ярилцлаа.


     -Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэхээр болж ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хуулийг шинэчлэн найруулах гол шалтгаан нь юу байв?

     -Донорын тухай хуулийг шинэчлэн найруулах гол шалтгаан нь сүүлийн жилүүдэд хүн амын дунд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгуулах иргэдийн тоо нэмэгдэж байна. Тиймээс манай ангаах ухаанд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологийг нэвтрүүлэх, нутагшуулах зайлшгүй шаардлагатай болсон. Цаг үетэйгээ нийцүүлэн Донорын тухай хуульд шинээр 72 заалт, 114 заалтыг өөрчлөн найруулан хуулийн төслийг боловсруулсан.

Тухайн хүн нас барахаасаа өмнө, талийгаачийн ар гэрийнхэн эд эрхтэний донор болохыг нь зөвшөөрөх бусдад урт удаан амьдрах, эрүүл саруул аз жаргалтай амьдрахад  нь туслах буянтай үйл хийхэд нь зориулж эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгч байгаа юм. Тухайн иргэн, талийгаачийн ар гэрийнхэн зөвшөөрөөгүй тохиолдолд донор болгохгүй. Нөгөө талаасаа өнөөдөр манай эрхтэн шилжүүлэн суулгах төвийнхөн амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг голлон хийж  байна. Нэг хүнийг өвчин зовлонгоос нь салгаж босгож ирэхийн төлөө нөгөө хүнийг золиосолж нэг эрхтэнийг нь авч байна.  Өвдөж зовсон нэгнээ аврах гэж аав, ээж, ах дүү, хамаатан садан нь өрөөсөн бөөрөө, элэгнээсээ өгч байна.  Тэр бүр донор болж буй иргэн эрсдэлтэй алхам хийдэг. Энэ л эрсдэлийг багасгахын төлөө дэлхийн анагаах ухаанд  тархины үхжилд орсон кадавр донор, үүдэл эсийн донорыг хэдийнэ  нэвтрүүлсэн. Дэлхийн нийтийн энэ жишгийг эх орныхоо анагаах ухаанд нэвтрүүлж, хөл нийлүүлэн алхаж олон хүний амьд явах эрхийг хамгаалахаар Донорын тухай хуулийг шинэчлэн найрууллаа. Энэ хуулиар эрхтэнээ зарах, хүний наймааны асуудал гаргахгүй байхаар зохицуулж байгаа юм.

     -Донорын тухай хууль олон улсын жишигт нийцсэн, шинжлэх ухаантай хөл нийлүүлэх хэмжээнд хүргэхээр болжээ. Харин манай эрүүл мэндийн салбар энэ хуулийг хэрэгжүүлэх хүчин чадал, нөөц, боловсон хүчин, туршлага хэр хуримтлуулсан бэ?

     -Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эрчимтэй хөгжиж байна. 2006 онд анх удаа бөөр шилжүүлэн суулгаж байсан бол өнөөдөр 128 хүнд бөөр, 28 хүнд элэг, 2 хүнд ясны чөмөгийг  амжилттай шилжүүлэн суулгаад байна. Манай эмч, мэргэжилтэн, эрдэмтдийн бага эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээний чиглэлээр маш сайн туршлагажиж ажиллаж байна. Манай зарим эмч гадаад оронд уригдан очиж хагалгаа хийх хэмжээнд хүртэл маш сайн мэргэшээд байгаа. Цаашдаа Хавдар судлалын үндэсний төв гээд бусад эмнэлэгт эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хийх чиглэлээр ажиллаж, төлөвлөж байгаа зүйл их байна. Тэгэхээр бид удирдлага, зохион байгуулалтын асуудлыг маш сайн зохицуулж өгөх хэрэгтэй болсон.

       -Хуулийн ач холбогдлын талаар асуух илүүц санагдах байх л даа. Гэхдээ нэгэнт салбарын сайдтай уулзсаных асуухгүй өнгөрч болохгүй нь?

       -Тоо баримтаас харахад сүүлийн 3 жилд 300 гаруй хүн эрхтэн  шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр гадаад руу явсан байна. Бөөр шилжүүлэн суулгуулахад дунджаар 50-110 мянган ам.доллар, элэг шилжүүлэн суулгуулахад 50-250 мянган ам.доллар зарцуулдаг. Өвчтөн төдийгүй ар гэрийнхэн тэр хэмжээгээр  санхүүгийн болон эд материал, сэтгэл санааны дарамтанд ордог. Мөн энэ  хэмжээний мөнгө гадагшаа урсаж байна. Тэгэхээр эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа болон донорын зохицуулалтыг  хууль эрх зүйн орчинг сайжруулаад  өгвөл энэ их мөнгөний урсгал, иргэдэд учирдаг чирэгдлийг 50 хувь бууруулах боломж байна.


Мөн нэг чухал зүйл нь энэ хуулиар үргүйдэлтэй тэмцэнэ. Тээгч эхийн асуудал ч хөндөгдөнө. Үүнийг хуулиар зохицуулснаар үр хүүхэдгүйгээс болж салж саринаж байгаа, аз жаргал дутагдаж байгаа олон гэр бүлийг аварна. Ингэснээр нийгмийн чанартай арга хэмжээг зохицуулж өгөх юм. Хамгийн гол нь эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнд олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалан амьдрал бэлэглэж, тэдний амьдралын чанар нь эрс сайжирч эрүүл хүнтэй адил ажиллаж амьдрах нөхцөл бүрдэх юм. Нийгэмд болон эрүүл мэндийн шинжлэх ухаанд маш их өөрчлөлт, сайн үр дүнгүүд гарна. Тиймээс эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хуулиар ч тэр яам бодлогоороо ч сайн дэмжиж ирсэн.

Донорын тухай хууль шинэчлэн батлагдсанаар донорын эс, эд, эрхтэн бүртгэх, хуваарилах мэдээллийн нэгдсэн сантай болж, цус цусны бүрдэл, эсийг эмчилгээний зориулалтаар эмчлэхээр авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, цусны байнгын донорыг нэмэгдүүлэх, алдаршуулах эрх зүйн орчин бүрдэж байгаа гээд маш олон эерэг үр дүн, дэвшил гарч байгаа. 

       -Донорын хуулийг боловсруулахад олон улсын туршлага, жишгийг хэр судлав?

       -Хуулийг ажлын хэсгийнхэн гадаад орнуудын хуулийг газар дээр нь очиж судлах, нөхцөл байдлын үнэлгээ хийх, тоо судалгаа хийх ажлыг сүүлийн хоёр жилийн турш хийсэн. Беларус, АНУ, Сингапур, Испани, Австрали зэрэг орны хуулиас манай улсад хамгийн ойр байж болох зүйл заалтыг нь  судалсан. Ингээд манай хуулийн гол санаа БНСУ, Беларусын хуульд суурилсан. Яагаад гэвэл Беларус улс манай улстай цаг агаар, амьдралын орчин, донорын тоо цөөн буюу хүн ам багатай гээд ойролцоо зүйл их бий. Мөн донорын хууль маш сайн хэрэгжиж донорын тоо нь нэмэгдэж байгаа үр дүн гарсан юм билээ. БНСУ-ын Ансан эмнэлэгт эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан мөн хоёр жил ажиллаж туршлага судалсан.  Гэхдээ бид тухайн улсын хуулийг шууд хуулах бус манайд тохирч болох заалтыг өөрийн орны онцлогт тохируулан бусад хуультай уялдуулан хуулийн төслөө боловсруулсан.

 

      -Өвчлөл нэмэгдсэнээс нийгмийн захиалга нэгэнт бий болсон үүнийг дагаад  донорын тухай ухуулга, таниулга хийдэг болж. Энэ талаар иргэдийн ойлголт, хүлээн авах ухамсарт хэр өөрчлөлт гарч байгаа судалгаа, тандалт хийсэн уу?

      -Донорын асуудалд монгол хүний амьдрал ахуй, уламжлал, зан үйл ихээхэн нөлөөлж байна. Гэнэтийн осол гэмтэл, өвчнөөс болж тархи нь үхжсэн кадавр донороос 7-8 хүнийг амийг аврах боломжтой гэдгийг анагаах ухаанд баталсан. Үүнийг иргэнд зөв ойлгуулах, сэтгэл зүйд нь нөлөөлөөд, ухуулан таниулаад ирэхээр хүлээж авах нь сайжирч байгаа.

      -Өнөөдрийн байдлаар диализийн эмчилгээнд орж байгаа хүний тоо 500-д хүрсэн гэж байсан. Эмч нарын хэлж буйгаар өвчлөгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна гэсэн харамсалтай мэдээлэл байсан?

      -Тохирох донороо хайн диализийн эмчилгээнд орж байгаа иргэдийн тоо өнөөдөр 560-д хүрээд байна. Өвчлөлийн сүүлийн шат руу орж байгаа ийм хүмүүсийн тоо өсөн нэмэгдэх хандлагатай байгаа. Тэгэхээр иргэдээ нэмж  өвчлүүлэхгүй байхын төлөө урьдчилсан сэргийлэх, эмнэлгийн эмчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах чиглэлээр бодлого, журам боловсруулах бодлогын ажлыг нэлээд эрчимжүүлсэн. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орж байгаа, диализид орж байгаа зардал  хоорондоо урвуу хамааралтай. Тодруулбал, эмчилгээний дараах зардал нь диализид улам өсч байдаг бол эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны дараах зардал буурч байдаг. Тэгэхээр диализид орж байгаа хүмүүсийнхээ донорын тоог нэмэгдүүлэх, диализ хүртэл иргэдийг өвчнийг хүндрүүлэхгүй байхын төлөө оношлогоо, эмчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлага шийдвэр гаргагч, эрүүл мэндийн салбар, эмчлүүлэгч нарт бүгдэд хамааралтай.

       -Гемодиализийн эмчилгээнд орж байгаа иргэд аппарат хүрэлцээгүй гэсэн гомдол ихээр гардаг байсан. Энэ нь өвдөж шаналсан иргэдэд давхар дарамт болдог. Донорын хуулиас гадна тэдэнд ойрын хугацаанд ямар арга хмжээ авч байна?

       -Эрүүл мэндээ алдах эрсдэлээс сэргийлэх чиглэлээр арга хэмжээнүүд тодорхой үе шаттайгар авч байна. Саяхан гэхэд төр хувийн хэвшлийн түншлэлээр бөөрний дутагдалд орсон хүмүүсийг гемодиализийн аппаратаар цусыг нь цэвэршүүлэх нөхцлийг бүрдүүлэхээр зохицуулаад байна. Ингэнсээр бөөрний дутагдалд орсон хүн  хувийн хэвшлийн эмнэлгээс гемодиализийн эмчилгээг үнэгүй авах боломж бүрдэж байна. Мөн бөөрний дутагдалд оруулдаг өвчнийг эрт үед нь оношлох, өвдөөд гемодиализийн аппаратанд орсон хүмүүсийг эрхтэн шилжүүлэх эмчилгээнд цаг алдахгүй оруулж өвчлөлийн хэлбэлзлэлийг бууруулах чиглэлээр ажиллаж байна.

       -Эрүүл мэндийн салбар ч тэр, иргэн нь ч аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ойлголт муутай, энэ талаар ажилладаггүй хэвээрээ л байна?

      -Манайд хамгийн их дутагдаж байгаа зүйл энэ. Өвчнийхөө эцсийн цэгт хүрсний дараа оношлогдож байна. Үүнээс болж хувь хүн төдийгүй улс орон  эдийн засгийн болон сэтгэл санааны маш их хохирол амсдаг. Тиймээс энэ жилийг “Нийгмийн эрүүл мэндийн жил” болгосон. Энэ жилийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг байгуулж аймаг бүрт салбар газрыг тогтмол ажиллагаатай  болголоо.  Энэ нь  иргэдийг  аливаа өвчнөөс урьдчилан сэргийлүүлэх ажлын нэг хэсэг. Статистик үзүүлэлтээс харвал хамгийн их өвчлөлтэй байгаа нь амьсгалын замын өвчин, зүрх судас, осол гэмтэл, элэг, бөөрний өвчлөл байгаа. Энэ бүгдээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Эх, нярайн эндэгдэлд би маш эмзэг хандаж байна. Урьдчилан сэргийлэх үзлэг, хяналт сайн байсан бол ийм зүйл гарахгүй. Мөн хувь хүний хариуцлага давхар яригдана. Энэ мэтчилэн бодлогын түвшинд хийх ёстой зүйлсийг шийдвэрлээд явж байна. Энэ хүрээнд “Алдааны сан” үүсгээд тухай бүрт нь юунаас болж эндэгдэл гарав, хаана хариуцлага алдав гэдгийг тодорхойлж байна. Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэддээ зориулсан урьдчилан сэргийлэх мэдээлэл, ухуулга, мессэжийг цахим орчинг ашиглан явуулж байна.

Ц.Ургамал




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 жил []


medleggui balai hugiin avgai icheesei dolignuur sh dee


Зочин    3 жил [202.180.218.100]


Uls ornii hemjeend eruul mendiin bodlogiig barij ajillaj chadahgui baigaa ni unen. Jijig emnelegiig bol avaad yvah baih.